Орхон гол ”мэгшиж” байна

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

Орхон гол ”мэгшиж” байна

Ой мод нь алагласан нэгэн уулын бэлийг тэр чигт нь ухсан байх бөгөөд бэлээр нь урсах гол улаанаараа эргэлдэнэ. Хэдэн хэсэг болон салан урсах гол зарим хэсэгтээ ширгэж зүгээр л сайр үлдсэн байв. Энэ бол Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон голын өнөөгийн дүр төрх. Хамгийн харамсалтай нь, Орхон голын урсацын яг дунд нь хиймэл нуур хийжээ. Гэхдээ хүн ард амарч суух тойром бүрд, нуур биш шүү. Голын дунд “босгосон” хиймэл нуурын гол зорилго нь гэвэл алт угаах. Голын урсгал дагаж бүрэлддэг алтны судал Орхон голын хавиас ихээр олддог учир өнөөдөр энэ газар 40 гаруй жижиг компани алт олборлож буй ажээ. Эдгээр жижиг компаниуд бүгд холбогдох бичиг баримт бүрдүүлж, зөвшөөрөл авсан уу гэвэл үгүй. Уулын ажлын төлөвлөгөө, усны дүгнэлт гэх мэт хуулинд заасан зөвшөөрлийг аван үйл ажиллагаа явуулж байгаа компани гэвэл ганц л байна. Харин бусдыг нь холбож байгаа нэг зүйл нь эдгээр компаниуд бүгд “Алтан дорнод Монгол” болон “Монгол газар” компаниас олборлох эрхээ худалдаж авчээ.

Ус нь улаанаараа эргэж, уул нь эхнээсээ сэтлэгдэж байгаа эмгэнэлтэй дүр төрх Цэнхэр сумыг “чимсээр” даруй хоёр жил гарны хугацааг үджээ. Энэ хугацаанд аймаг болоод сумын зүгээс дорвитой ажил хэрэгжүүлсэнгүй. Аймаг, сумийн холбогдох албаны хүмүүс машин техникийг нь лацдаад, дахиж олборлолт хийхгүй гэсэн ам мөчгийг нь аваад салдаг гэх. Харин амьдрал дээр энэ ажил нь тэр бүр биеллээ олдоггүй ажээ. Алт олборлогчид аймгаас шалгалт ирэхийг аль хэдийнэ мэдээд машин, техникээ ууланд оруулж нуучихдаг, шалгалтад өртлөө гэхэд  машиныхаа лацыг нь тайлж хаяад дахин олборлолтоо хийж эхэлдэг байна. Чухамдаа ингэж бие, биеэ хуурсаар тэд ч дасч, цаг хугацаа ч өнгөрчээ. Харин Орхон гол бохирдсоор, уул нь нурсаар байна.

Энэ байдал үргэлжилж байх хооронд Улсын мэргэжлийн хяналтын газар, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд наймдугаар сарын 5-ны өдөр газар дээр нь очин шалгалт хийж аймаг болон сумын удирдлагуудад эдгээр компаниудыг албадан гаргах шаардлагыг хүргүүлээд буцжээ. Шаардлага хүргүүлснээс хойш эдгээр компаниудыг албадан гаргаагүй учраас дээрх байгууллагууд ажлын хэсэг гаргаж, албадан гаргахаар энэ сарын 11-14-ний хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллав.

Алт байвал усаар яахав…

Уулын бэлийг ухахад бэлэн байгаа экскаватор, Орхон голын эрэг дагуух шороог зөөх зориулалттай хүнд даацын машинууд голын эхэнд байсаар л… Уг нь өнгөрөгч наймдугаар сарын 5-ны өдрийн шалгалтаар олборлолт хийж байгаа компаниудын техникийг лацдаад, аймаг, сумын удирдлагуудад албадан гаргах шаардлагыг өгөөд буцжээ. Эдгээр машинуудын лац хөдлөөгүй мэт боловч үнэн хэрэгтээ шалгалтыхан явангуут лацыг нь тайлаад, шалгалт ирж байгааг мэдэхээр буцаагаад байранд хийдэг байна. “Бид амьдрахын тулд л ажиллаж байна шүү дээ. Энд өнөөдөр 200 гаруй хүн ажиллаж байна. Үнэн хэрэгтээ 200 гаруй гэр бүлийн амьдрал энд хамаатай. Би лацыг нь хөдөлгөөгүй гэж хэлэхгүй ээ. Ямар ч байсан би энд ажлаа хийж байгаа. Нуугаад байх юм алга. Тэгээд ч манайх албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага нь ч  биш хүнд даацын машин, механизмаа түрээсэлдэг байгууллага” гэж “Эрдэнэсийн хотхон” компанийн эрхлэгч Т.Тулгабат ярьж байлаа. Өмнө нь эрүү үүсгэсэн байсан энэ компани шалгалтын явцад хүнд даацын машин, механизм, тоног төхөөрөмж нийлүүлдэг компани биш олборлолт явуулдаг болох нь тогтоогдож эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан юм. Чухамдаа энэ компанитай адилхан компаниуд Орхон голын эхээр дүүрэн байлаа. Эдгээрийн ихэнх нь лацаа авсан, ажлаа явуулж байгаа гэх тайлбарыг өгч байсан юм. Ийнхүү зарим нэг нь хэргээ хүлээж байхад, зарим нь бид лацаа хөдөлгөөгүй, захирлынхаа нэрийг мэдэхгүй гээд хэнэг ч үгүй сууж байв. Харин эдгээр компаниудад ажиглагддаг нийтлэг дүр төрх гэвэл шалгалт ирэх сургаар техник, хэрэгслээ нууж, удирдлагууд нь хаашаа ч юм алга болдог. Чухамдаа ямар ч шалгалтыг ирэх тоолонд удирдлагууд нь техник, тоног төхөөрөмжтэйгөө хамт алга болдог тогтолцоо үйлчилсээр уджээ. Хамгийн хачирхалтай нь шалгалт очихыг аймгийн удирлагууд мэдээгүй байхад алт олборлодог компаниуд аль хэдийнэ мэдээд ийнхүү алга болдог аж. Олборлолт хийж буй хүмүүс, жижиг компаниудын удирдлагуудын ярьж буйгаар сардаа л 2-3 килограмм, зарим нь бүр долоон килограмм алт олборлодог гэх. Алт олборлоод олсон бүх мөнгийг тухайн компанийн захирлууд нь авдаг бөгөөд ажилчдаа 500-800 мянган төгрөгөөр цалинжуулдаг ажээ.

Мөнгөө авъя аа…

Уулыг нь нурааж, усыг нь ширгээх гэж байхад аймаг болоод сумын удирдлагууд тэднээс мөнгө авдаг ажээ. Байгаль орчныг сэргээх нөхөн төлбөр, усны мөнгө, сум хөгжүүлэх сан гэх мэт хэдэн сая төгрөгийг алт олборлож байгаа компаниудаас авдаг гэх. “Орхон багийн удирдлагууд л гэхэд таван хүүхдийн сургалтын төлбөр, сумаас болохоор компани болгоноос тав, таван сая төгрөг, аймгаас найман сая төгрөг авдаг шүү дээ. Эд нар чинь жилд бараг нэг гаруй сая төгрөг биднээс авдаг” гэж “Эрдэнэсийн хотхон” компанийн эрхлэгч Т.Тулгабат ярьж байв. Түүний ярьж буйг бусад компанийн ажилчид бүгд баталж байлаа. Мөнгө яагаад авч буйг тэд мэдэхгүй ч алт олборлохын тулд өгдөг гэдгээ нуугаагүй юм. Аймаг, сумаас Орхон голын эх дээр алт олборлож байгаа компани бүртэй гурвалсан гэрээ гэгчийг байгуулсан бөгөөд энэ гэрээндээ мөнгө хурааж байхаар тохиролцсон гэх. Ямар учраас мөнгө хураагаад байгааг асуухад аймгийн удирдлагаас ийм хариу өгсөн юм. “Бид тэртээ тэргүй газраа ашиглуулж байгаа нь үнэн биз дээ. Тийм учраас л бид байгаль орчныг сэргээх нөхөн төлбөр гэж компани болгоноос найман сая төгрөг авсан. Энэ мөнгө бүгд Төрийн санд орсон байгаа. Нэг ч төгрөг хувийн хэрэгцээндээ зориулаагүй. Аймагт хэрэгжүүлэх ёстой ажилдаа зориулагдаад л явна” гэж Архангай аймгийн засаг дарга Ё.Баатарбилэг ярьж байлаа. Аймгийн удирдлагуудын ярьж байгаагаар байгаль орчныг нөхөн сэргээх албан ёсны зураг төслийг хийлгээгүй бөгөөд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар мөнгөн дүнг шийдсэн ажээ. Найман саяыг авч байгаагаа аймаг мэддэг хэдий ч, Цэнхэр сумынхан өөр ямар мөнгө авч байгааг аймаг нь мэддэггүй тогтолцоо үйлчилдэг нь сонин. “Харин мөнгө аваад байгаа сураг гарсан. Яагаад авсан, юунд зарцуулсан гэдгийг нь бид мэдээгүй байна. Бид Цэнхэр сумын удирдлагуудтай энэ талаар холбогдож асуугаагүй” гэж Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат ярьж байв.

Мөнгө авдаг дарга нараас хэдэн зүйл тодруулах гэсэн боловч Цэнхэр сумын удирдлагууд эзгүй байв. Тэдний оронд Цэнхэр сумын засвар хийж байгаа хоосон байр, эзэн нь хаана байгааг үл мэдэх ноход сумын захиргааны хашаанд гүйлдэж байлаа. Тэдний хаачсаныг захиргааны ажилтан ч, нутгийн иргэд ч үл мэдэх. Ийнхүү Засаг даргыг нь хүлээж цөхрөөд байтал хэдэн цагийн дараа Цэнхэр сумын засаг даргын орлогч гэж өөрийгөө танилцуулсан нэгэн ирсэн юм. Тэрээр сум хэдэн сая төгрөг авч байгаагаа баталсан билээ. “Бид энэ компаниудыг алт ухаж буйг мэдэж байгаа. Хөөж гаргаж дийлэхгүй байхад ядахдаа мөнгө авч болно биз дээ. Сум хөгжүүлэх сан, мал сайжруулах төсөв гээд л бид авдаг. Та нар хөөж гаргаж чадахгүй байхад бид ядахдаа мөнгөө авъя л даа” гэж Цэнхэр сумын засаг даргын орлогч Ж.Эрдэнэцогт ярьж байсан юм. Харин тэдний авсан таван сая төгрөг болоод уул, овоо тахина хэмээсэн 16 сая төгрөг чухам юунд зарцуулагдсаныг Засаг даргын орлогч ч мэдэхгүй байна. Цэнхэр суманд өнөөдөр хүүхэд тоглох талбай, цементэн зам, гэрэлтүүлэг юу ч алга. Харин захиргааны байрыг гэрэлтүүлэх тав гаруй гэрлийн шон л байсан юм.

Алт олборлож байгаа компанийн ажилтнуудтай уулзаж явахад тэд “Саяхан аймаг болоод сумын удирдлагууд бидэнтэй уулзаж мөнгө авсан талаар шалгалтынханд хэлээд хэрэггүй гэж хэлсэн” гэлцэж байв. Ийнхүү орон нутгийн удирдлагууд мөнгө авч, алт олборлож байгаа компаниууд нь мөнгө өгсөөр хэдэн жилийг үджээ. Энэ их мөнгөний хариуд Орхон гол татарсаар.

Одоо яах вэ…

Энэ сарын 11-14-ний хооронд явуулсан шалгалтын үр дүнд компаниудыг албадан нүүлгэх, техник хэрэгслийг нь журамлах, гэрээг нь цуцлах зэрэг ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд цаашид олборлолт хийхгүй байх талаар шат дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм. Үнэн хэрэгтээ улсын шалгалт очоод журамлаад, лацадсан хэдий ч цаашид хэрхэх нь эргэлзээтэй. Мөнгө авч, өгөлцөөд сурсан энэхүү тогтолцоо тийм ч амар устахгүй болов уу. “Бид өнөөдөр та нарыг л ирэхийг хүлээж байлаа. Хамтраад энэ асуудлыг таслан зогсооё, хамтраад тэмцье. Манай орон нутгийнхан энэ компаниудыг дийлэхгүй байсан юм. Өнөөдөр л овоо үр дүнд хүрэх юм шиг байна. Дахин олборлолт явуулахгүй байх талаар тууштай ажиллах болно” гэж Архангай аймгийн засаг дарга Ё.Баатарбилэг ярьж байсан юм. Энэ сарын 11-14-ний хооронд ажлын хэсэг Архангай аймгийн нутагт ажиллаад ирсний дараа буюу өнгөрөгч баасан гаригт Засгийн газрын шийдвэр гарч Орхон голын эхэнд үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагааг зогсоохоор болсон билээ.

Орхон гол орчмын байгаль, экологийг нөхөн сэргээхэд нийтдээ 135 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна. Харин аймгийн аваад байгаа тэрхүү найман сая төгрөг юунд зарцуулагдах нь эргэлзээтэй. Тэд авсан найман сая төгрөгөөр байгалиа сэргээж чадахгүй бөгөөд зөвхөн аймгийн хөгжилд зориулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

“…Орхон түшээ мөрөн минь…” хэмээх мөр дуунд мөнхрөн үлджээ. Харин өнөөдөр дуунд мөнхөрсөн энэ гол эмгэнэлт хувь заяатайгаа өнөө цаг үед учраад байна. Энэ бүхэн зөвхөн хэдэн килограмм алтны төлөө байсан нь харамсалтай. Гол зөвхөн голдрилоороо л урсдаг…

Б.БОЛОРСҮХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж