Бөхчүүдийн В сорьцод ирэх сард шинжилгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийн В сорьцод ирэх сард шинжилгээ хийнэ

Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд зодоглосон бөхчүүдийн хоёрынх нь А сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрсэн билээ. БНСУ-аас өнгөрсөн наймдугаар сард ирүүлсэн лабораторийн шинжилгээний А сорьцын дүгнэлтээр Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгад сумын уугуул Г.Алтангэрэл, тав давж, начин цол хүртсэн, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Цогбаяр нарын А сорьцоос сэргээш хэрэглэсэн болох дүгнэлт гарсан байгаа.

Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын хувьд А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар тухайн бөх А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол В сорьцод дахин шинжилгээ хийлгэх эрхтэй байдаг тухай журмын дагуу БНСУ-ыг зорихоор болжээ.

Баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээш буюу допингийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторид шинжлүүлдэг. Ингэхдээ тухайн бөхчүүдийн сорьцыг А, В гэсэн хоёр саванд савлан гэрээт лабораторид явуулдаг. Хэрэв А сорьцын эзэн хариуг хүлээн зөвшөөрөлгүй, B сорьцыг дахин шинжлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох зардлыг өөрсдөө хариуцан БНСУ-д биеэр очиж, B сорьцын шинжилгээг хийлгэх ёстой байдаг.

Эдгээр бөхчүүд БНСУ руу явсан эсэхийг МҮОХ-ны мэргэжилтэн Н.Цогтсайханаас тодруулахад, “Хоёр бөхийн B сорьцод шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг БНСУ-ын лабораторид мэдэгдсэн байгаа. Лабораторийн зүгээс аравдугаар сарын 5 гэхэд бөхчүүдийг БНСУ-д ирсэн байх ёстой гэсэн хугацаа хэлсэн. B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөхчүүд энэ удаагийн шинжилгээний зардлыг өөрсдөө бүрэн хариуцах ёстой. Ямартай ч бидэнд мэдэгдсэнээр бол хүсэлт гаргасан хоёр бөх БНСУ руу явахаар визаны асуудлаа хөөцөлдөж байгаа гэсэн. Аравдугаар сарын 5-ны үед B сорьцын шинжилгээг хийх тул ирэх сарын дундуур эцсийн хариуг Монголын талд мэдэгдэх байх” гэлээ.


Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж