Б.Мөнгөнтуул долдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул долдугаар байрт шалгарлаа

Хятадын Шенжень хотноо энэ сарын 6-нд эхэлсэн FIDE-гийн эмэгтэй шатарчдын гран-при тэмцээн өчигдөр дүнгээ гаргалаа. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Монгол Улсад нэг цуврал нь зохиогдож байсан FIDE Women’s Grand Prix 2011/12 оны тэмцээний эхний цуврал наймдугаар сарын 1-15-нд ОХУ-ын Ростов хотноо болсон юм. Харин хоёр дахь цуврал нь Шенженьд өчигдөр өндөрлөв.

Жилийн туршид эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний гурван цуврал болох ба хоёр жилд нийт зургаан тэмцээн болсны эцэст нэгдсэн дүнгээр аваргаа тодруулдаг. Нэг тэмцээний шагналын сан нь 40 мянган евро. Түрүүлсэн шатарчин 6500 еврогийн эзэн болох ба цуврал тэмцээнүүдийн төгсгөлд нэгдсэн дүнгээр түрүүлсэн тамирчин нь 15 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэх юм.

Зуны “Универсиад” наадмыг хүлээн авсан Шенжень хотноо болсон гран-прийн хоёр дахь цувралд Монголын шатарчин Б.Мөнгөнтуулаас гадна 2010 оны дэлхийн аварга, Хятадын шатарчин Хоу Ифань, өнгөрсөн жилийн дэлхийн аваргад аман хүзүүдсэн, Хятадын Луань Руфей, Катарын Чжу Чень, ОХУ-ын Алиса Галлиамова, Екатерина Ковалевская, Туркийн Бетул Илдиз, Армяны Елина Даниельан нарын 12 шатарчин оюун ухаанаа сорьсон. Ирээдүйд эрэгтэй шатарчидтай эн тэнцүү хэмжээнд өрсөлдөх цорын ганц шатарчин гэгдэж буй Хоу Ифань 11 өргөөс тав хожиж, зургаа тэнцсэнээр нэг ч хожигдолгүй, нийт 8.0 оноотой тус тэмцээнд тэргүүлжээ. Харин эрэгтэйчүүдийн олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер Б.Мөнгөнтуул гурав хожиж, тав тэнцэж, гурав хожигдсоноор 5.5 оноогоор долдугаар байрт шалгарсан байна.

Б.Мөнгөнтуулын тоглолтын дүн:

1. Жао Сьюэ /Хятад/ 1-0 Б.Мөнгөнтуул
2. Б.Мөнгөнтуул 0-1 Хоу Ифань /Хятад/
3. Анна Музычук /Словень/ ½ – ½ Б.Мөнгөнтуул
4. Б.Мөнгөнтуул ½ – ½ Тан Жуни /Хятад/
5. Виктория Кмилыте /Литва/ 0-1 Б.Мөнгөнтуул
6. Б.Мөнгөнтуул ½ – ½ Руань Луфей /Хятад/
7. Жү Венжюн /Хятад/ ½ – ½ Б.Мөнгөнтуул
8. Б.Мөнгөнтуул 0-1 Елина Даньелан /Армян/
9. Екатерина Ковалевская /ОХУ/ ½ – ½ Б.Мөнгөнтуул
10. Чжу Чень /Катар/ 0-1 Б.Мөнгөнтуул
11. Б.Мөнгөнтуул 1-0 Бетул Илдиз /Турк/

FIDE-гийн эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний дараагийн цуврал аравдугаар сарын 8-23-нд ОХУ-ын Нальчик хотноо болох бол 2012 онд болох гурван тэмцээн нь Турк, Армян болон Орост болох тов гарчээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж