Өрхийн эмнэлгүүдэд нэмэлт санхүүжилт олгоно

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлгүүдэд нэмэлт санхүүжилт олгоно

Өрхийн эмнэлэг тус бүрт ирэх онд 30 сая төгрөг олгож, эмч, сувилагч нарыг нь орон сууцтай болгох асуудлыг Улаанбаатар хотын захиргаанаас шийдвэрлэжээ. Өчигдөр нийслэлийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулсан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлье”  зөвлөгөөний үеэр холбогдох албаны хүмүүс энэ тухай мэдээлсэн байна. Эхний ээлжинд орон сууцны 20 квотыг гэр хороололд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгийн эмч, ажилтнуудад өгөх аж. Харин өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж, үйлчилгээг нь сайжруулахын тулд ирэх оны эхний хагаст 15 сая төгрөг, хоёрдугаар хагаст 15 сая төгрөгийг өрхийн эмнэлэг тус бүрт олгохоор болжээ. Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр “Та бүхэн үйлчилгээ, зан харьцаа гээд бүх л тал дээр иргэдийн сэтгэлд нийцтэл ажиллах ёстой юм шүү” хэмээн сануулсан байна. Өмнө ньт өрхийн эмнэлэгтээ үзүүлэхээр очсон жирэмсэн эмэгтэйг “Таньдаг эмчтэй эмнэлэг рүүгээ хурдхан оч” хэмээн хөөсөн тухай мэдээлэл хэвлэлийн хуудсанд гарч байв. Магадгүй төсөв, санхүү нь дутмаг байсан болохоор тэд ийм болчимгүй үг хэлдэг байсан ч байж болох. Харин одоо энэ асуудал нь шийдэгдчихсэн учир иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд нойр хоолгүй гарах нь дамжиггүй биз.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж