Тавантолгойн тохироог хоёр жилийн өмнө хийсэн гэв үү

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Тавантолгойн тохироог хоёр жилийн өмнө хийсэн гэв үү

Тавантолгойн төслийг ҮАБЗ-өөс Засгийн газарт эргүүлэн буцаа­сан­тай холбоотойгоор Оросын хэв­лэлүүд уг асуудлаар дуу дуугаа авалцан бичилцэж байна. Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд тэргүүлж буй уг ордыг Монголын Засгийн газар хэнтэй хэрхэн хуваах нь вэ гэдэг асуудал өдгөө олны анхаарлын бай болжээ. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийнхэн зургаан сар ноцолдож байж арайхийж тохироонд хүрсэн уг төслийг нь ҮАБЗ-өөс “УИХ-аас баталсан тогтоолуудыг зөрчсөн” гэдэг шалтгаанаар буцаачихсан нь ОХУ, Хятад, АНУ-г нэлээд сан­даргаж, багагүй бухимдуулж буй аж.

Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг  шалгаруулах  олон улсын нээлттэй тендерийг Монголын Засгийн газраас зарласан. Уг тендерийн эхний шалгаруулалтад 15 оролцогч оролцсоноос хоёрдугаар шатанд  зургаан оролцогч тунаж үлдсэн бий. Тэдгээр зургаан оролцогчтой Монголын Засгийн газрыг төлөөлсөн ажлын хэсэг зургаан сар хэлэлцээрийн ширээний ард суусны эцэст АНУ-ын “Пибоди энержи”, БНХАУ-ын “Шинхуа”  групп,  Оросын  “Төмөр замын нэгдэл”-ээр ахлуулсан консерциум шалгарч үлдсэн юм.  Тодруулбал, Цанхийн баруун хэсгийн 40 хувийг БНХАУ-ын “Шинхуа”  групп, 24 хувийг  АНУ-ын “Пибоди энержи”, үлдэх 36 хувийг  Орос-Монголын хамтарсан консерциум хамтран эзэмшихээр ажлын хэсгийнхэн хуваарилсан. Гэтэл ҮАБЗ-өөс уг төслийг УИХ-ын тогтоол зөрчсөн гэдэг шалтгаанаар буцаасан нь дээрх хуваарилалтад өөрчлөлт орох вий гэсэн эмзэглэлийг хөрөнгө оруулагчдад төрүүлээд байгаа бололтой.

Оросын хэвлэлүүдэд Таван­толгой төслийн 36 хувийг эзэмших болсон талаар  нийтлэгдэх болсон. Гэтэл ажлын хэсгийнхэн Орос 18, Монгол 18 нийлээд 36 гэсэн хувиар Тавантолгойгоос хувь эзэмшинэ хэмээн тайлбарлаж буй. Оросын хэвлэлүүдэд Монгол улс Тавантолгойн ордыг Орос, Хятадад өгөх нь тодорхой байсан, харин АНУ-ыг гэнэт оруулж ирсэн гэх маягийн зүйл бичсэнээс харвал Монголын Засгийн газар Тавантолгойн ордын 36 хувийг оросуудад өгөх нь  нэгэнтээ тодорхой байсан бололтой. Гэхдээ одоо бол 36 биш, 18 хувийг өгсөн, ажлын хэсгийнхэн андуурч хэлээгүй л бол. Тэгвэл яагаад оросууд одоог хүртэл Монгол гэх үгийг нэг ч удаа дурдалгүй Тавантолгой төслийн 36 хувийг Оросын төмөр замын нэгдэлээр толгойлуулсан Япон, Солонгосын консерциум эзэмшинэ хэмээн бичээд байна вэ. Энэ нь аль эртнээс тохиролцсон тохиролцооноос улбаатай бололтой. Тавантолгойн ордын 36 хувийг Орос, Монгол хамтарч эзэмшинэ гэсэн ажлын хэсгийнхний хуваарилалт зүгээр ч нэг хөрөнгө оруулалт, урьдчилгаа мөнгө төг­рөгийг нь дүгнээд шийдчихсан асуу­дал биш юм байна.

Оросын хэвлэлд бичсэнээр бол Тавантолгойн төсөлд ялалт байгуулна гэдэгтээ оросууд 100 хувь итгэлтэй байж. Энэ яриа хөөрөө аль 2009 оноос эхэлсэн бололтой, ОХУ-ын сайтуудад тавигдсан мэдээллээс харахад. Эхлээд алт-зэсийн томоохон орд болох Оюутолгойг оросуудад бэлэглэнэ гэдгээ манай томчууд нэлээд дээрээс оросуудтай  тохирчихсон байсан юм даг уу. Гэтэл хэлсэн үгэндээ манайхан хүрэлгүй, Оюутолгойн ордыг  “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз”-ын нэгдэлд зарсан нь оросуудын дургүйг хүргэсэн гэх. Оросуудыг гомдоож, ар хударгаар нь “Айвенхоу Майнз”-д Тавантолгойг зарсан Монголын Засгийн газар алдаагаа засахын тулд ийнхүү Тавантолгойн төсөлд оросуудыг багтаахаас өөр аргагүй болсон аж. Тиймэрхүү яриагаа аль 2009 оноос эхэлж, хэдэн хувь эзэмшүүлэх вэ гэсэн тохироогоо хийгээд авсан байхыг үгүйсгэх аргагүй байна.

Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас асуухад “Тийм яриа хэлэлцээр хийгээгүй. Тэгээд ч АНУ 24 хувь, Хятад 40 хувь, Орос, Монгол 36 хувь гэсэн хуваарилалт албан ёсоор батлагдаагүй байгаа. Хуваарилалтад цаашдаа ямар өөрчлөлт орохыг хэлж мэдэхгүй” гэсэн тайлбар өгч буй.  Тэгэхээр ажлын хэсгийнхэн Орос, Монгол 36 хувийг хамтран эзэмшинэ гэсэн нэрийн дор оросуудад 36 хувиа бүгдийг нь шилжүүлэхээр төлөвлөж байв уу гэсэн хардлага төрж байгаа. Тэгээгүй юм бол Монголын Засгийн газраас Цанхийн баруун хэсгийн 40 хувийг БНХАУ-ын “Шинхуа”  групп, 24 хувийг  АНУ-ын “Пибоди энержи”, үлдэх 36 хувийг  Орос-Монголын хамтарсан консерциум хамтран эзэмшинэ зарлаад байхад  оросууд ойлгохгүй л байв гэж үү дээ.

Ямар ч байсан Тавантолгойн ордоос 36 хувь эзэмшинэ гэсэн ойлголт оросуудад  хоёр жилийн өмнө буюу 2009 онд л төрчихсөн байсан аж. Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг  шалгаруулах  олон улсын нээлттэй тендерийг зарлахад “Бид ялна” хэмээн оросууд том дуугарч зогссон битүүхэндээ учиртай л байжээ.

Ж.Нямсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж