МИД төслийнхөн ажлаа тайлагналаа

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

МИД төслийнхөн ажлаа тайлагналаа

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Малын индексжүүлсэн даатгал” төслийн хэрэгжилт болон түүний явцын талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Эл төсөл нь 2005 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд жил бүрийн намар өнгөрсөн жилийнхээ үр дүн, тухайн жилийнхээ хэрэгжилтийн талаар  товч мэдээлэл хүргэдэг юм.  

Уг төсөл энэ жил хуваарийнхаа дагуу бүх аймагт хэрэгжиж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 34 орчин мянган малчны 4.6 сая малыг даатгалд хамруулжээ. Үр дүн нь 10 гаруй мянган малчин нийтдээ 2.7 тэрбумын төгрөгийн нөхөн төлбөрийг авсан байна. Үүнээс өнгөрсөн жил долоон аймгийн 1300 гаруй малчдад 108 сая төгрөгөөр хохирол барагдуулжээ. Харин даатгалын “Монголт даатгал”, “Тэнгэр даатгал” , “Практикал даатгал”, “Бодь даатгал” гэсэн  нийт дөрвөн компанийн хэмжээнд нөхөн төлбөрт олгосон мөнгөнөөс гадна нөөцлөл, хуримтлалаас үлдсэн 124 сая  төгрөгийн ашигтай ажилласан байна. Хэдийгээр даатгалын компаниудад энэхүү төсөл нь эрсдэлтэй ч гэсэн тогтолцоо нь зөв байх юм бол ашигтай ажиллах боломжтой гэдгийг харуулжээ. Энэхүү даатгал нь өнгөрсөн онд нийтдээ 15 аймагт хэрэгжсэн. Эдгээр аймгуудын 11 мянга орчин иргэн сайн дураараа малаа даатгуулаад байгаа бөгөөд 560 орчим сая төгрөгийг дундын санд, 280 орчим сая төгрөгийн компаниуд үйл ажиллагаандаа гээд нийт малчид 890 сая төгрөгийг хураамжиндаа сайн дураараа төлжээ. Эдгээр аймгуудад дээрх дөрвөн даатгалын компанийн 100 орчин төлөөлөгч үйл ажиллагаа явуулсан байна. Мөн үүний цаана Засгийн газрын нөөц бүрдэж явж байгаа бөгөөд өнгөрсөн жил 200 гаруй сая төгрөг байжээ. Харин энэ жил үүн дээр 220 сая төгрөг нэмэгдээд  малын даатгалын нөөцийн хэмжээ 450 орчим сая төгрөг болоод байгаа гэнэ. Энэ нөөц бол дараа дараагийн жилд хохирол гарах юм бол ашиглагдах бөгөөд цаашид хуримтлагдаад явах Засгийн газрын нөөц аж.

Өнгөрсөн жилээс анх удаа малын индексжүүлэх даатгалын давхар даатгалтай болгосон ба энэ жил уг ажлын дахин үргэлжлүүлэхээр болжээ. Олон улсын даатгалын компанитай давхар даатгалыг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус компанийн төлөөлөгчид ирэх аравдугаар сарын сүүлээр Монголд ирж, манай зах зээлийг түлхүү сонирхох зорилготой аж.


Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж