Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Ордон “амиллаа”

Зуны хэдэн сар ажин түжин шахам байсан Төрийн ордон “амилж” эхэллээ. Эрхэм гишүүд өнөөдрөөс ордонд морилж намрын чуулганы бэлтгэлийг базаахаар ажлын хэсгүүд хуралдаан зарлаад байна.

Өнөөдөр 10.00 цагаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааныг хийхээр товлоод байна.

Төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан үүнтэй зэрэгцээд болно. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хуралдааныг үдээс хойш хийхээр товложээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон УИХ-ын 2003 оны 48 дугаар тогтоолоор баталсан Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, хяналт үнэлгээ хийж, санал, дүгнэлт гаргах Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай тогтоолын төсөл, дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан тус тус үдээс хойш болох гэж байна.

Ховд аймагт ажиллаж байгаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл маргааш нийслэлд ирнэ. Байнгын хороод ч маргаашаас хуралдаж эхэлнэ. Ийнхүү намрын чуулган наашилж гишүүд ордонд цугларч байна.

                               

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж