Хятад барилгачид 24 цагаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Хятад барилгачид 24 цагаар ажиллаж байна

Манай уншигчдаас “Нийслэлийн захын хорооллуудад хятад барил­гачид олноор ажиллаж байна. Тэд орой үдшийн цагаар, учир битүүлэг шалтгаанаар гэнэт алга болцгоодог. Хаана, юу хийж явдаг бол гэдэгт санаа зовниж байна” хэмээн мэдээлсэн юм. Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд сурвалжиллаа.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны “Шинэ цэр­гийн байр”-нд байрлан ажилладаг хэсэг хятад иргэдийг өглөөний 07.00 цагийн үед микроавтобустай жолооч суулган авч оддог юм байна. Харин оройны 19.00-ийн үед буцаан авчирдаг “уламжлалтай” аж. Энэ талаар тус байрны жижүүр болон СӨХ-ны хүмүүстэй ярилцаж үзлээ. Тэд “Эндхийн хятад барилгачдын тоо өнгөрсөн долоодугаар сарын эхээр 100 гаруйд хүрээд байсан. Харин одоо 30 орчим нь л үлдсэн. Хятадууд өглөө байрнаасаа гарч, өдөржин ажиллаад орой нь ирээд амьдарч байгаа гурван давхар үйлчилгээний төвд засвар ажил хийдэг” хэмээн ярьсан юм. Үгүй мөн айхавтар улс юм аа. Бүтэн 24 цаг ажилладаг байх нь. Монгол Улсын барилгын салбарт өдөржин шөнөжин зүтгээд л, мөнгө олоод байгаа нь нэг талаас бахархууштай. Гэвч ойр орчмын оршин суугчдын хэлж байгаагаар сэрэмжилмээр, хардмаар зүйл ч байдаг бололтой. Тиймээс ч мөнөөх хятадуудыг микроавтобусаар оройн цагаар тогтмол ачиж явахдаа чухам юу хийдэг бол, гэмт хэрэг үйлдэж явдаг болов уу гэсэндээ дээрх иргэд манайд мэдээлсэн ажээ.  Уг нь эхлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх учиртай. Цагдаагийн байгууллагаас үе үехэн шалгалт хийдэг боловч бичиг баримтын зөрчилгүй, мөрөөрөө ажлаа хийж байгаа болохоор зөнгөөр нь орхисон гэнэ. Мөн бичиг баримтын зөрчилтэй хятад ажилчдыг тухай бүрт нь нутаг буцаагаад, одоогоор үлдээд байгаа нь дээрх 30 орчим хятад л байгаа аж. Дээрх хятадуудтай хамгийн “дотно” монгол хүн гэвэл тус байрны гараашийн манаач өвгөн. Тэрбээр хятад барилгачидтай хааяа тамхилж, ганц хоёр үг сольдог аж. Өвгөн манаачийн хэлснээр хятад барилгачдын дийлэнх нь бүр хөдөө тосгоноос ирсэн гэнэ. Тэд өдрийн цагаар хаана, юу хийдэг, оройд микроавтобусанд “ачигдаад” цагийг хэрхэн өнгөрүүлж байгаад ирдэг тухайгаа хэнд ч үг алддаггүй ажээ.

Үүний дараа Зайсантолгойн ард байрлах “Номун” хотхоны хятад барилгачидтай уулзлаа. Том хашаан дотор чанд хатуу харуул хамгаалалт дор ажиллах тэд “Урилгагүй зочид”-ыг тийм ч дуртай хүлээж аваагүй. Гэвч яриа өдөхөд цалин хөлсний тухайд сэтгэл хангалуун байдагаа, мөн илүү цагаар ажиллуулдагт дургүй байгаагаа нуулгүй өгүүлэв. Заримдаа бүр шөнийн цагаар ажиллуулдаг, ажиллаж байгаа болон оршин суугаа газар нь маш тухгүй, бохир байдаг хэмээн ярих тэдний өөрсдийнх нь байдал ч жигшмээр заваан байдаг юм билээ. Халдварт өвчин гарахгүй гэхийн баталгаагүй, тийм л орчинд хооллож, амь зууж байна. Тэдний байр болох нэг давхар тоосгон байшинд орж үзэхэд ханыг дагасан модон ор. Орныхоо дээд талд нь хувцсаа овоолчихсон. Үүдэн хэсэг нь гал тогооны өрөөний үүрэг гүйцэтгэдэг бололтой. Угааж цэвэрлээгүй  аяга, тогоо, шанага гээд үнэхээр аймшигтай. Мөн  бэлэн хоол гэгддэг дэвтээдэг гоймонг мантуутай идээд, түүнийгээ өдрийн хоол гэж нэрлэх аж. Хамгийн гол нь тэд бүгдээрээ пасспортоо хураалгасан бөгөөд манай улсад ажиллах хугацаа нь ирэх арваннэгдүгээр сард дуусах гэнэ.  Ийнхүү монголчууд хятад иргэдээр барилгаа бариулж, өөрсдөө зөвхөн уг барилгыг худалдаж авах мөнгө хийхээр ажиллаж байна гэж тэд ойлгодог бололтой юм. Гэвч үнэн хэрэгтээ ажилгүй иргэдийн тоо 164 мянгад хүрээд байгаа. Бас нэг сонин тоо гэвэл Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэний тоо 16 320. Үүний 53.2 хувь буюу 8688  нь БНХАУ-ын иргэд байгаа юм.  Мөн Монголд амьдарч буй нийт хятад иргэдээс 3884 нь барилгын салбарт ажиллаж байгаа гэсэн тоо өнгөрсөн онд хийсэн Хүн ам, орон сууцны улсын тооллогоос харагдаж байна. Гэтэл тооллогод хамрагдаагүй хэчнээн хятад иргэн оршин суугаа, хилээр орж, гарч буйг тооцоод үзэхээр манай сонинд мэдээлэл өгсөн иргэдийн эмээх, эмзэглэх нь аргагүй юм. Ямартай ч бидний сурвалжилсан хятадууд барилгачин нэртэй хоригдон ажиллаж, хөдөлмөрөө шулуулж байгаадаа сэтгэл дундуур байдаг ажээ. Харин бусад мянга, мянган хятадууд нь хэнийг шулж, Монголын хөх тэнгэр дор яаж шуухан амьдардаг бол.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж