Ховд баруун бүсийн хөгжлийн тулгуур болно

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Ховд баруун бүсийн хөгжлийн тулгуур болно

Ховд аймагт томилолтоор ажиллаж байгаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн ням гаригт Зэрэг суманд хүрэлцэн ирж, цаг үеийн ажлын явц байдалтай танилцав. Тус сум 3100 гаруй хүн амтай, 1920-1940 он хүртэл ‘’Зэрэг-Алтан тээл’’ гэж нэрлэгдэж байгаад 1940 оноос Зэрэг нэртэй болжээ. Энэ жил тус сум 185 мянган толгой мал тоолуулжээ.

УИХ-ын дарга эхлээд сумын эмнэлэг, арван жилийн сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сумын хувьд эмнэлгийн барилгаа өргөтгөж байгаа агаад ингэснээр 15-20 ортой, орчин үеийн шаардлага хангасан сум дундын эмнэлэг болж өргөжих юм байна. Жилдээ 500-600 өвчтөни хүлээн авдаг тус сумын эмнэлгийн өргөтгөлийг барихад төсвөөс 558 сая төгрөг зарцуулж байгаа аж.

Харин сумын арван жилийн дунд сургууль 700 гаруй сурагчидтай, сургуулийн барилга нь 1956 онд ашиглалтад оржээ. Өнгөрсөн онд шинэ дотуур байртай болсноор хөдөөгийн малчдын хүүхдүүд дотуур байраар бүрэн хангагджээ. Сургуулийн захирал Б.Ундрах хэлэхдээ, сургуулийн үйл ажиллагаанд учирсан хүндрэл бэрхшээл байхгүй. Нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна гээд сургуульдаа ‘’Багшийн хөгжлийн төв’’ байгуулах шаардлагатай байгаа тул энэ асуудлыг анхаарч шийдвэрлэж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сумын эмнэлэг, барилгын өргөтгөлийн ажлын явц болон сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа сумын иргэдтэй уулзалт хийв.

Уулзалтын үеэр сумын иргэд УИХ-ын даргад хандан олон хүүхэд төрүүлсэн эхэд олгох мөнгөн урамшуулал, “Алдарт эхийн одон”-гийн талаар, мөн цалингийн зээл, Хөшөөтийн уурхайгаас нийлүүлэх нүүрсний үнэ, чанар болон алслагдсан бүсэд амьдарч байгаа төрийн албан хаагчдыг дэмжих төрийн бодлогын талаар сонирхон асууж байлаа.

УИХ-ын дарга иргэдийн асуултад хариулахдаа, төрөөс бодлогоор иргэдийн цалингийн зээлийг хаагаад өгнө гэж худлаа амлаж чадахгүй. Харин иргэд ямар учраас цалингийн зээл авч байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр бид төрийн албан хаагчдын цалин амжиргаанд нь хүрэлцэхгүй байгаа бэрхшээлийг мэдэрч байгаа. Ийм учраас иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр малчдын амжиргаа ч гэсэн дээшилнэ. Учир нь худалдан авах чадвартай иргэдийн тоо нэмэгдсэнээр мах, сүүний хэрэгцээ зах зээлд бий болж, энэ хэрээр малчдын малын мах, сүүний борлуулалтын эрэлт нэмэгдэнэ. Иймээс цалин нэмэх бодлого нь эргээд малчдыг дэмжих нэг хүчин зүйл болно.
Хөшөөтийн уурхайн талаар иргэдээс ихээхэн санал ирж байна. Хөшөөтийн уурхайнхан иргэдийн итгэлийг олж, тэдэнд үнэн зөв мэдээлэл хүргэх ёстой. Иргэдэд зөв үйлчилж, нэр хүндээ өсгөх зайлшгүй шаардлага Хөшөөтийн уурхайн өмнө байгаа юм байна гэж ойлголоо. Иймээс иргэдийн итгэлийг олж, чанартай нүүрсийг иргэдэд хүргэх тал дээр анхаарч үзэх шаардлагатай гэсэн үүргийг уурхайн ажилтнуудад өгч байна гэж онцлов.

Харин уулзалтад оролцсон аймгийн Засаг дарга Г.Нямдаваа Хөшөөтийн уурхай нэг тонн бүхэл нүүрсийг 11400 төгрөгөөр, харин нунтаг нүүрсийг нэг тонныг нь 6000 төгрөгөөр иргэдэд нийлүүлэхээр болсныг энэ үеэр мэдэгдэв.

Мал нь эрүүл, малчид нь боловсролтой болно

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр Манхан суманд хүрэлцэн ирж иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр тус сумын иргэдэд хандаж хэлсэн үгэндээ, стратегийн зарим орд газрыг ашиглах болсон нь манай улсын эдийн засагт нөлөөлж байна. Малын тоо толгой 40 саяд хүрлээ. Улс өөрсдийн хүчээр жилийн үр тариа, хүнсний ногооныхоо хэрэгцээг хангах боломжтой боллоо.

Хөдөө аж ахуйн салбарын дотроос мал аж ахуйн салбарт өөрчлөлт гарч, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс бодлогын шинжтэй олон арга хэмжээ авсан. Энэ хүрээнд ‘’Монгол мал” үндэсний хөтөлбөр баталж, малыг эрүүлжүүлэх зорилт дэвшүүлэн улсын төсвөөс хөрөнгө зарцуулж байна. Мөн худаг гаргах, жижиг оврын трактор нийлүүлэх ажлыг ч хөтөлбөрийн хүрээнд хийж байна. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мал бий болгохын тулд малын эмч, мэргэжилтнүүд шаардлагатай байгаа.

Шинжлэх ухаан технологийн ололтгүйгээр малыг өсгөн үржүүлэх боломжгүй тул өнгөрч байгаа 20 жилийн туршлага дээр үндэслэн сум бүрт мал үржлийн төрийн албаны нэгжийг байгуулсан. Малын үүлдэр угсааг сайжруулахад мал үржлийн газруудын үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлнэ. Малын эмч нарын улсын зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Эрүүл малтай болсноор монгол малын сүү, махыг гадаад орнууд авах сонирхол нэмэгдэнэ. Мөн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулахыг чухалд үзэж байна.

Мал ахуйг дэмжихийн тулд уртын ноос тушаасан малчдад нэг кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгож байна. Мөн жижиг, дунд үйлдвэр байгуулахад энэ жилд л гэхэд 150 тэрбум төгрөг төлөвлөсөн. Ийм хэмжээний хөрөнгөөр орон нутагт үйлдвэр байгуулъя гэсэн зорилт тавьж байгаа. Түүнчлэн ‘’Төрөөс малчдын талаар баримтлах бодлого’’-ыг баталж, энэ бодлогын хүрээнд малчдыг боловсролтой болгох зорилт тавиад байна. Малчдын боловсролын асуудлаас гадна малчдыг эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд даатгуулах боломжийг бүрдүүлэх арга хэмжээг хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. 2020 он гэхэд бүх малчид даатгалд хамрагдсан байх болно.

Урьд нь санхүү, хөрөнгө оруулалтын дутагдлаас болоод малчдын өмнө тулгамдсан олон асуудал шийдэгдэж чаддаггүй байсан. Харин энэ жилийн хаврын ээлжит чуулганаараа УИХ 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж, тэр хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого барьж байна.

Ирэх жил Ховд хот байгуулагдсаны 250 жилийн ой тохионо. Энэ ажлын хүрээнд бид аймгаа, сумдаа хөгжүүлэх олон ажлыг хийх хэрэгтэй. Энэ жил болсон Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор 140 бүтээлч ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүн 95 хувьтай байв. Цаашдаа баруун бүсийн хөгжлийн тулгуур болсон Ховд аймгийг хөгжүүлэхийн тулд олон үйлдвэрийн газруудыг байгуулна. Иргэн бүрт боломж байна, амьдралд саад бэрхшээл их ч тэр бүхнийг даван туулж, сайхан ирээдүйг бүтээх хэрэгтэй. Манай аймгийн хувьд цаашид хөгжих, дэвжих боломж их байна хэмээн онцоллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж