Хятадад нүүрлэсэн үнийн өсөлт үймээн дагуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Хятадад нүүрлэсэн үнийн өсөлт үймээн дагуулж эхэллээ

Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт инфляцийг дагуулж, мужийн банкуудыг өрөнд оруулж эхэллээ. Энэ бүхнээс болж иргэдийн дунд үймээн самуун гарах нь ихэсчээ. Хятадад өнгөрсөн онд 180 мянган хүн оролцсон жагсаал болж байв. Ганцхан жилийн дотор дөрвөн ч удаа эсэргүүцлийн жагсаал болсон нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин ихэссэн тоо юм. Харин тэдгээр жагсаал, цуглааны дийлэнх нь Хятадын Засгийн газар, Коммунист намын эсрэг чиглэж байгаа нь нэлээд анхаарал татаж байна. Хятадын Коммунист нам байгуулагдсаны 62 жилийн ой аравдугаар сарын 1-нд болно. Тэр үеэр энэ асуудал нэлээд хурцаар тавигдах бололтой.

Үндэсний цөөнх болох Төвөд, Шинжааны бослогууд бүрэн нам­жихгүй байгаа энэ үед хятад иргэд эдийн засгийн дарамтаас болж, нэгдэн жагсах нь цөөнгүй болжээ. Эдийн засгийн дарамт гэдэгт цалингаа өгөхгүй байгаа пүүс, компаниуд, эрх ашгийг нь хөндсөн орон нутгийн удирдлагууд багтаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Хятадын зүүн, өмнөд хэсгийн Гуандон мужийн Люфенг хотод 1000 орчим хүн оролцсон жагсаал болсон. Энэ үеэр хүмүүс хотын захиргаагаа шүүмжилжээ. Өнгөрсөн зургаадугаар сард Гуандон мужийн Женченг хотод гудамжинд жижиглэн худалдаа хийдэг ажилчныг цагдаа нар зодож гэмтээснийг эсэргүүцэн хүмүүс жагсаж байсан билээ. Ханжоу мужийн зүүн эргийн хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард шатахууны үнэ хэтэрхий хурдацтай нэмэгдэж байгаад дургүйцсэн таксины жолооч нар бас жагсаал зохион байгуулж байв.

Хятадад үнийн өсөлт гаарсан. Гэхдээ энэ нь үймээн, самуун гарахад шууд нөлөөлөөгүй юм. Харин цаашид удаан хугацааны турш өндөр инфляцитай байна гэсэн нь иргэдийг бухимдуулж байгаа аж. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академиас гаргасан судалгаагаар хятад иргэдийн дунд 2010 онд инфляци хамгийн санаа зовоосон асуудал болсон бол 2009 онд тавдугаарт орж байжээ.

Хятадын Засгийн газар арилжааны банкуудынхаа зээлийг нэмэгдүүлэхийн тулд 2009 онд 17.5 их наяд юань буюу 2.7 их наяд ам.доллар гаргасан. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнийг хамгийн их хөөрөгдсөн билээ. Энэ он гарснаас хойш асуудал улам даамжирсаар байна. Өнгөрсөн сарын байдлаар Хятадад хүнсний бүтээгдэхүүний үнэ 13.4 хувиар өсчээ. Иргэдийнх нь дунд хамгийн өргөн хэрэглэгддэг мах, махан бүтээгдэхүүний үнэ 52.3 хувиар өсч, дээд амжилт тогтоосон байна. Ядуу айл өрхүүд орлогынхоо ихэнхийг хүнсэндээ зарцуулж эхэлжээ. Иймэрхүү ог­цом өөрчлөлтөөс болж 1989 онд Бээжингийн төв талбайд болсон шиг томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхийг үгүйсгэхгүй юм. Гэхдээ тэр үед улс төрийн шинэчлэл хийхийг зорьж байсан бол энэ удаад үнийн өсөлтөд ундууцсан олны жагсаал болж магадгүй. Тийм учраас Хятадын эрх баригчид эдийн засаг нь хурдацтай хөгжин дэвжиж байгаа тухай мэдээллийг өдөр бүр гаргаж, хүн бүрийн амьдрал сайжирч байгаа хэмээн сурталчлах болсон. Үүнээс болж тус улсын эдийн засагтай холбоотой эерэг мэдээллүүд байнга цацагддаг. Энэ нь 1.6 тэрбум иргэнийхээ сэтгэл санааг тогтвортой байлгаж, тэднийг улс орныхоо эдийн засагт итгэх итгэлийг бат бэх байлгахыг хичээдэгтэй холбоотой гэж шинжээчид тайлбарладаг. Хятадын эрх баригчдад алдах эрх байхгүй. Гэвч олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар одоо яг үнэндээ нөхцөл байдал төдийлөн сайн биш байгаа аж.

Хэбэй мужид 2008 онд орон нутгийн захиргааны газрынхан фермерүүдээс олон зуун га талбайг хууль бусаар хураан авч, хөлжсөн тухай мэдээлэл гарч байв. Гэхдээ энэ бүхэн нь мужуудын засаг, захиргааны өр хэрээс хэтэрч, түүнээс болж сандарсан дарга нар нь иргэдийнхээ хөрөнгийг хураасан нь тэр байжээ. Энэ бол өнөөдөр Хятадад хамгийн түгээмэл ажиглагдаж байгаа дүр зураг. Тус улсын Үндэсний аудитын газар өнгөрсөн долоодугаар сард мэдээлснээр Хятадын мужийн Засгийн газрын нийт өр 10.7 их наяд юань болжээ. Түүний дийлэнх хувь нь эргэн төлөгдөх боломжгүй, чанаргүй зээл байсан юм. Тэгэхээр Хятадын Засгийн газар яагаад ийм их хэмжээний чанаргүй зээл олгохыг дэмжив гэх асуулт гарч ирж байна. Өнгөрсөн онд Вэнь Зябаогийн засаг захиргаа орон нутгийн захиргаанд олгох зээлийг 2.9 их наяд юаниар нэмэгдүүлсэн. Үүнээс болж асуудал улам даамжирсан байж болох юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж