Ангийн анд минь амгалан нойрсоорой

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Ангийн анд минь амгалан нойрсоорой

Дунд сургуулийн ширээнд тохой залган сууж, хөөцөлдөн гүйлдэж байсан ангийн анд минь тэнгэрт хальсан гунигт мэдээг сонслоо. Анги болгонд байдаг тэр үеийн атаман, өнөө цагийнхаар бол лидер нь Болд маань байлаа. Хичээлээ тараад л Микрийн хэдэн байшин хэсээд л яваад байх шиг санагддаг байсан Болд маань харин хичээл дээр хэдүйдээ ийм их юм уншиж толгойдоо хийж амждаг байнаа гэмээр хариулж, зарим багшийг маданд оруулдагсан. Дунд сургуулийн ширээнээс тал тал тийш нисэн одож, өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөн нэг нэгнийхээ талаар сураг сонсох төдий олон жилийг үджээ. Одоо харин бид гунигт мэдээ дуулгах гэж нэгэн рүүгээ утас цохиж, царайгаа харалцах нь нэмэгдэх шинжтэй.

Ухаалаг, хөгжилтэй ангийн анд минь бурхны оронд амгалан залраарай.

Нийслэлийн 33 дугаар сургуулийг 1983 онд төгссөн 10А ангийн андуудаас нь сэтгэлийн зул өргөлөө.     

Ханхөгшин Батаагийн БОЛД

Хайрт хүү, ах, дүү, хань, аав, найз Батаагийн Болд 2011 оны есдүгээр сарын 25-ний өдөр өвчний учир ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Б.Болд нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1983-1989 онд МУИС-ийн хуулийн ангид суралцаж, хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн, шинжлэх ухааны магистр, профессор, МУИС-ийн докторант.
Тэргүүний арга зүйч багш, Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан, Хууль зүйн яамны хүндэт жуухаар шагнуулж байлаа.

Б.Болд нь 1989-1992 онд ШУА-ийн Философи, төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,

1992-2000 онд Цагдаагийн дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,

2000-2004 онд НИК ХК-д Тамгын газрын захирал, хуулийн зөвлөх,

2004-2008 онд “Монгол шуудан” ХК-д захиргааны газрын дарга,

2008-2009 онд “Жаст ойл” ХХК-д Захиргааны газрын дарга,

2009 оноос “Билэг” дээд сургуульд ахлах багш, профессороор тус тус ажиллаж байсан.

Бидний хайрт хүн Б.Болд нь нийтэч, хамт олондоо нэр хүндтэй, тусархаг, хүнлэг, зарчимч, оюуны өндөр чадавхитай, үнэнч шударга, эрхэлсэн ажилдаа мэргэжлийн өндөр түвшинд ханддаг хүн байлаа.

Хайрт таны минь гэгээн дурсгал бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх хадгалагдан үлдэх болно.

Ум амгалан сайн болтугай.

Ээж, эгч нар, дүү, хань, охин, найз нөхөд нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж