Цахилгааны доголдлыг арилгахад анхаарна

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Цахилгааны доголдлыг арилгахад анхаарна

Улсын Онцгой комиссын хурал өнөөдөр болж Дархан-Уул, Сэлэнгэд гарсан
эрчим хүчний хангамжийн доголдол, ургац хураалтын байдал болон цаг
агаарын урьдчилсан төлөвийн талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.   

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт энэ сарын 27-28-нд байгалийн онц
аюултай үзэгдэл болж, их хэмжээний бороо, цас холилдон орж шуурснаас
“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” болон Дархан-Сэлэнгийн
цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний
агаарын шугамын дамжуулагч утсанд мөсжилт үүсч, дамжуулагч утас тасран,
23 тулгуур хугарч унасан байна.  
Үүний улмаас Дархан-Уул аймгийн Орхон, Хөтөл сум, Хар төмөрлөгийн
үйлдвэр, Дарханы үйлдвэрийн район, Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант,
Толгойт, Баянгол, Хустай, Болд төмөр, Ерөө гол-дэд станцын хэрэглэгчид
цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан юм.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сайхан, Ерөө, Хүдэр, Орхон,
Орхонтуул, Цагаантолгой сум, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3, 15
дугаар баг, Хонгор сумын Хараа багийн нийт 6480 хэрэглэгч цахилгаангүй
байна.  
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж
байгаа бөгөөд 10 дугаар сарын 1 гэхэд байдлыг хэвийн болгоно гэж Улсын
Онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдлээ.

Сэргээн засварлах, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангахад
шаардлагатай 876 сая төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд
танилцуулж шийдвэрлүүлэхээр хуралдаанаас тогтлоо. Мөн тухайн орон нутгийн удирдлага, үйлдвэр, аж ахуйн газрууд ч тодорхой
хэмжээний хөрөнгө гаргаж сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэх ёстой
гэж Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үзэж албан
даалгавар хүргүүлэхээр боллоо. Цаашид байгалийн аюулт үзэгдэл болж, их
хэмжээний хохирол учирч болзошгүй учир тулгуур шонгуудыг хүчитгэх,
гамшиг тохиолдсон үед эхний ээлжинд өөрсдөө шаардлагатай арга хэмжээг
газар дээр нь авч байх нөөцтэй байхыг тэрээр үүрэг болголоо.  

Үр тариа хураалт 77 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 77.1 хувь, төмс
92.8, хүнсний ногоо 95.5 хувьтай байгаа тухай Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Улсын Онцгой комиссын хуралдаанд
мэдээллээ.

Улсын хэмжээнд 346.5 мянган тонн үр тариа, 178.8 мянган тонн төмс, 89.9
мянган тонн хүнсний ногоо, 25.8 мянган тонн тэжээлийн ургамал хураан
аваад байна. Харин үр тарианы 68.2 мянган га, төмсний 1 мянга, хүнсний ногооны 0.3
мянга талбай үлдээд байгаа бөгөөд үр тариаг 6, төмсийг 4, хүнсний ногоог
2 хоногт хурааж дуусгах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудад нийт 147 аж ахуйн нэгж,
иргэнээс 28.7 мянган тонн буудай хүлээн аваад байна. Үүнээс Сэлэнгэ
салбар 10.6 мянга, Хөтөл салбар 12.3 мянга, Булган салбар 4.5 мянга,
Хархорин салбар 941 тонн, Хэнтийд 400 тонныг авчээ.

Хурааж авсан буудайн чанарт онцгой анхаарах, аж ахуй эрхлэгчидтэй гэрээ
хэлцэл хийж, хаана, хэдий хэмжээний үр тариа авах талаар тохиролцох,
шаардлагатай бол тээвэрлэлт хийх машин, шатахууны асуудлыг Онцгой
комиссын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
яам, холбогдох байгууллагуудын  удирдлагад Шадар сайд М.Энхболд үүрэг
болгов. Мөн хуралдаанаар цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэл
сонслоо. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын хэлснээс үзвэл 10
дугаар сарын 8 хүртэл цаг агаар тогтуун, 8-10-ны өдөр ихэнх нутгаар бага
зэргийн цас орох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж