Хүний хөгжилтэй холбоогүй эдийн засгийг хална

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Хүний хөгжилтэй холбоогүй эдийн засгийг хална

Ардчилсан хувьсгалынхаа хоёр дахь шатыг эхлүүлэх талаар ардчилагчид ид ярьж байна. Ардчиллын 20 жилийн ойг тэмдэглэсэн хоёр жилийн өмнөөс тэд эдийн засгийн хувьсгал хийх талаар дуугарч эхэлсэн юм. Эдийн засгаа өсгөж, хоёр толгойгоо ашиглаад ч иргэдийн амьдралд наалддаггүй, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдээд ч баян, ядуугийн ялгаа арилдаггүй. Харин хөрөнгөтэй, хөрөнгөгүйн ялгаа улам л газар, тэнгэр шиг холдох болсон. Ардчилагчид 22 жилийн өмнө хуучин нийгмийг халахдаа үүнийг хүсээгүй.

Улс төрийн шинэчлэлтийн байдлаараа Монгол Улс дэлхийд дээгүүрт давхиж байна. Гэтэл ядуусын хувь хэмжээ, ажилгүйчүүдийн тоо бууралгүй олон жилийг үдсэн. Энэ байдал эдийн засгийн хувьсгал хийх цаг хэдийнэ болсныг сануулжээ. Энэ шалтгаанаар Ардчилсан намынхан эдийн засгийн хувьсгал өрнүүлэхээр шийдэж энэ сэдвээр явуулах цуврал илтгэлийн нээлтийг  өчигдөр Төрийн ордонд хийлээ. Төрийн ордны Их танхимын бүх суудал эзэнтэй байснаас харахад хүсч хүлээсэн арга хэмжээ мөн болох нь мэдэгдэж байв.

Эдийн засгийн хувьсгалын гол үр дүн нь хүний хөгжил, гаднаас хайлгүй Монголдоо сайхан амьдрах явдал гэдгийг ардчилагчид хэлж байгаа юм. Цуврал илтгэлийн салхийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хагалан “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” лекцээр эхэлж ардчилсан хувьсгалын анхдагч, нэрт нийтлэлч  Б.Батбаяр буюу Баабар “ХХI зууны улс төр, эдийн засгийн хувьсгал улс орнуудад” илтгэлээр үргэлжлүүлэв. Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь эдийн засгийн хувьсгалыг орон нутгаас эхлүүлэх талаар илтгэсэн юм.

Н.Алтанхуяг даргын илтгэлд дурдсанаар монголчууд ардчиллын чансаа, улс төрийн шинэчлэлтийн байдлаараа Японы энд хүрчээ. Өнгөрсөн 20 гаруй жилд эдийн засгийн өсөлт өндөр болсон хэдий ч иргэдийн ахуй амьдралтай яаж холбогдов гэдэгт төдийлөн анхаарсангүй. Монгол Улс мундаг хөгжиж, үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирж, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ чамгүй өссөн гэдэг ч ядуусын тоо цөөрсөнгүй.

Монголоос гадагш гаргадаг нийт экспортын 80 хувийг зөвхөн ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүн эзэлж, алт, нүүрс, зэсэн дээр суурилсэн эдийн засагтай болсон. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсвөл алга ташдаг, буурвал баргар царайлдаг. Ийм маягаар цааш удаан амьдрахгүй гэдгийг ардчилагчид анзаарчээ. Социализмын үед дан ЗХУ-аас хамааралтай байсан гадаад эдийн засаг өнөөдөр ОХУ, БНХАУ гэсэн хоёрхон гол түнштэй. Нефть бүтээгдэхүүнээр ганц хойд хөршөөс хамааралтай, байнга эрсдэл дагуулдаг. Иргэдийн ажиллах сонирхол буурч бэлэнчлэх сэтгэлгээ нэмэгдсэн. Хөдөлмөрлөж олсон жаахан хөлс нь ажиллах урам төрүүлдэггүй.  Эдийн засаг өсөөд байхад монгол хүний дундаж нас нэмэгддэггүй. Хөгжингүй орны энд хүрье гэвэл 67,5 жил байгаа дундаж насыг дор хаяж 20 насаар нэмэх хэрэгтэй ажээ. Өнөөдөр монгол хүн 20 жил илүү амьдрах боломжоо алдаж байна. Хүний хөгжлийн байдлаар тийм ч дээгүүрт орж чаддаггүй.

Эдийн засаг гэж сайхан тоо унших биш өрх гэр, иргэн бүрт үүний үр дүнг хүргэхийн төлөө хувьсгал хийх гэж байгаагаа Н.Алтанхуяг дарга тайлбарлалаа. Хувьсгалын шинэ шатаар хүний хөгжилтэй холбоогүй эдийн засгийг хална гэдгийг ч амлав. Өрхийн орлого найман хувиар өсөх боломжтой гэнэ. “Хүний хөгжил-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрүүл, эрдэм боловсролтой, ажилтай, тав тухтай орчинтой иргэдтэй болох зорилтыг Ардчилсан намынхан дэвшүүлээд байгаа юм.
Тэгэхийн тулд данхар төрийг цомхон болгож, төрийг халамжлагч бус төлөөлөгч болгож, эмзэг эдийн засгаа хүчирхэгжүүлж, иргэн бүртээ эдийн засгийн эрх чөлөөг олгон хүн бүрийг амьжиргааныхаа төлөө зүтгэдэг болгоно хэмээн Ардчилсан намынхан амлаж байна.

Нэрт нийтлэлч Баабар ДНБ-ээр улс орны баян тарган, хөгжлийг хэмждэг ойлголт буруу гэдгийг илтгэлдээ дурдлаа. Байгалийн баялгаар дэнчин тавьсан баялаг бас тйим ч сайхан зүйл биш гэв. Гэхдээ Монголын хөрсөн дорх баялаг хэдэн их наяд ам.доллараар хэмжигдэнэ. Нэг их удалгүй дэлхийн хамгийн үсрэнгүй хөгжсөн орон Монгол болж болохыг ч үгүйсгэсэнгүй. Монгол уул уурхайн орон болох замдаа орж ноолуурын бизнесийг дунд, жижиг гарынхан сонирхох болжээ.

Капиталын тухай ойлголт өөр болж К.Марксын үеийн эд хөрөнгө, газар зэргийг шүтэх бус хурд, цаг хугацаа, боловсрол зэргийг капитал гэх болжээ. Боловсролоор дамжуулж хөгжингүй орнуудыг угтаж хөгжих боломж үүсчээ. Цаг хэмнэх, товчлох нь шинэ цагийн капитал болсон байна. Гар утас авна гэдэг утасны аппарат бус цаг, ажил хэмнэх хэрэгсэл авч байгаа хэрэг гэлээ. Контентын үйлдвэрлэл өнөөдөр хамгийн том капитал болжээ. Хөдөлмөрийн хуваарь улам нарийн болсон атал ганцхан төрийн аппаратад л хөдөлмөрийн хуваарь өргөсч, мэдэхгүй чадахгүй юмгүй нөхөд цугларах болсон гэнэ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн эдийн засгийн хувьсгалыг орон нутгаас эхлүүлэх тухай илтгэлд тус аймгийн төвийг хэрхэн хөгжүүлж орон нутаг өнгө төрхөө өөрчилж буйг танилцууллаа. Авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, тохилог гудамж гээд нийслэлд ховор байгууламжийг хөдөө орон нутгийнхан цогцлоож эхэлжээ. Бүхэл бүтэн хаус хороололтой болох эхлэлийг ч тавьсан байна. Ингэж Ардчилсан намынхан эдийн засгийн хувьсгалыг эхлүүлэх цанг цохилоо. Дараагийн цуврал илтгэлийг аравдугаар сард хийхээр тохиролцоод энэ удаагийн арга хэмжээг өндөрлөсөн юм.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж