С.Эрдэнэ: Хэрэг илрэхгүй байгаад хууль хүчний байгууллагыг хардахаас аргагүй

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Хэрэг илрэхгүй байгаад хууль хүчний байгууллагыг хардахаас аргагүй

Өнөөдөр Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны таалал төгссөн өдөр. Монголын түүхэнд  хар толбо үлдээсэн энэ уй гашуут өдөр түүний ойр дотныхон , журмын нөхөд, монголын ард түмэн түүнийг дурсан, хүндэтгэл үзүүлж, бөхийн ёсолдог. Тэр бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдаад 13 жил өнгөрчээ. Цаг хугацаа алсарч байгаа ч аймшигт хэргийг үйлдсэн алуурчныг илрүүлээгүй,  харин хөшөөнд цэцэг өргөхдөө “илрүүлээсэй” л гэж шивнэж байна.  Өнөөдөр ч мөн адил Төв шуудангийн өмнөх цэцэрлэгт байх хөшөөнд цэцэг өргөх ёслол болов. Ёслолд С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн С.Оюун, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын хүмүүсээс гадна ардчилсан хувьсгалын төлөө хамтран зүтгэж явсан журмын нөхөд, ах дүү, хамаатан садан нь хүрэлцэн иржээ.

С.Оюун: Хэрэг илрэхгүй байгаа шалтгааныг би өөрөө асуумаар байна

-Өнөөдөр С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэх өдөр. Жил бүрийн энэ өдөр хэрэг яагаад илрэхгүй  байна вэ гэх асуултыг олон хүн тавьдаг л даа?

-Тийм ээ.  Энэ харамсалтай өдрөөс хойш 13 жил өнгөрсөн ч хэрэг илэрсэнгүй. Жил бүр энэ талаар асуудаг, би хариулдаг. Гэхдээ хариулах ёстой хүн нь би биш. Тиймээс энэ жил  зориуд энэ талаар ярилцлага өгөхгүй  гэж бодож байгаа. Уучлаарай.

-УЕП-ын даалгавраар энэ хэргийг сэргээн шуурхайлан шалгаж байгаа юм билээ?

-Хууль хяналтын байгууллагуудаас энэ талаар асуух нь зүйтэй байх. Энэ хэрэг яагаад илрэхгүй байгаа талаар хариулах ёстой хүмүүс бий шүү дээ. Ганц би биш монголын ард түмэн хэргийг илрээсэй гэж хүсч байгаа.

Ийнхүү тэрбээр хэрэг яагаад илрэхгүй байгаа талаарх асуултад хариулахгүй, ярилцлага ч өгмөөргүй байна гэдгээ хэлсэн юм. Харин  хөшөөнд цэцэг өргөх ёслолд хүрэлцэн ирсэн С.Зориг агсны найз нөхөд, ардчилалын төлөө хамтран зүтгэж явсан партизануудтай уулзлаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хэрэг илрэхгүй байгаад хууль хүчний байгууллагыг хардахаас аргагүй

-Энэ өдөр аймшигтай өдөр. 1998 оны энэ өдөр Ардчиллын анхны удирдагчдийн маань нэг С.Зориг бусдад хорлогдож, амиа алдсан. Монголын цагдаа, шүүх, тагнуулын байгууллагын ур чадвар, үйл ажиллагааны бодит үнэлэмжийг харуулах ажил бол яах аргагүй С.Зориг агсны хэргийг илрүүлэх. Хэрэг илрэхгүй удах тусам манай хууль хүчний байгууллагуудын ур чадвар дутмаг, ажиллаж чадахгүй байна, эсвэл аль нэг улс төрийн хүчний захиалга, даалгаврын нөлөөнд  байдаг гэж хардахаас аргагүй. Энэ хэрэг илрэх ёстой, монголын хуулийн байгууллагынхан илрүүлэх үүрэгтэй. Хэзээ нэгэн цагт илэрч таарна.

Цэцэг өргөх ёслолд  1989-1990 оны үед Ардчилсан хүчний холбоогоор овоглож,  ардчилсан хувьсгалын төлөө  хамтран зүтгэж явсан хамтран зүтгэгчдийнх нь сэтгэгдлээс хуваалцлаа.

Ардчилсан холбооны УБ хотын зөвлөлийн дарга асан Ш.Төмөрбаатар:

Хувь хүн талаасаа бол гүндүүгүй, сайхан эр хүн байсан гэж хэлнэ. Илүү
дутуу зангүй,  зорьсондоо хүрэхийн төлөө зүтгэдэг, сэтгэлийн тэнхээтэй.
Товчоор хэлбэл эр хүний хугархай байсан юм даа. “Монгол хүний саруул
ухаанд итгэдэг” гээд түүний хэлсэн үгийг  хүн бүр мэдэх байх. Хувьсгал
хийх үед олон саад бэрхшээлтэй тулгарч байсан. Тэр бүхэнд болно бүтнэ
гэсэн саруул ухаанаар ханддаг байлаа.

Тэд ийнхүү ярьж байна. Мөн
ардчилсан хувьсгалын төлөө, өөрчлөлт шинэчлэлтийн төлөө салхи, шуурга
дундуур сөрөн зогсч байсан партизанууд нь хүндэтгэл үзүүлэхээр иржээ.
Тэд нэгэн үед ардчиллын төлөө хүсэл зориг нэгдэж явсны хувьд энэ өдөр
найз нөхрөө, хамтран зүтгэгчээ дурсан санаж, сэтгэгдлээ хуваалцсан юм.


Ардчилсан холбооны боловсон хүчний эрхлэгч асан Б.Хишигбат:

Хэрэг яагаад илрэхгүй байгааг хэлж мэдэхгүй. Илрээсэй гэсэн хүсэл
монголын ард түмэнд бүгдэд нь бий. Талийгаач маань надад эрдэм ном зааж
байснаараа багш, Ардчилсан холбоог удирдаж байсны хувьд удирдагч маань
байсан. С.Зориг агсны хэргийг илрүүлэх нь ирээдүйд улс төрийн аллага
болохгүй байх баталгаа болно гэж бодож байна. Улс төрийн онолын өргөн
мэдлэгтэй, удирдан зохион байгуулах  өндөр чадвартай, тухайн үеийн
нийгмийг өөрчилж чадсан, үлгэр жишээч хүн байсан даа.


Д.Тэнгэрцолмон:

Жилд нэг удаа найзыгаа дурсаж ирэх юм даа. Сүүлийн үед итгэл алдраад байсан юм. Харин энэ жил Ерөнхий прокурор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тавьсан нь хэрэг илэрчих болов уу гэсэн итгэл төрүүлээд байгаа. Дахин ийм улс төрийн зохион байгуулалттай аллага битгий давтагдаасай л гэж хүсэх юм даа.


Д.Пүрэвсүрэн:

Хэрэг бараг илэрчихсэн  гэж ойлгоод байгаа шүү дээ. Ерөнхий сайд болчихсон бол тухайн үеийн авилгачдыг бүгдийг нь илрүүлэх байсан юм. Тийм учраас айсан байхгүй юу. Авилгачдыг тэр үеийн УИХ-ын гишүүн байсан хүмүүсээс хайх хэрэгтэй.


Д.Энхтайван:

Бид 1990 оны Ардчилсан хувьсгалын үед танилцаж, Эрдэнэт хотын  Ардчилсан холбооны анхны зохицуулагч болж явлаа. Одоо болтол бид түүнийг үгүйлдэг.  Хэдийгээр эргэж босч ирэхгүй ч С.Зоригийн хүсч явсан шударга ардчилсан үзэл санааг босгож ирэх хэрэгтэй. С.Зоригтой хамт 1990 оны Ардчилагcдын хүсэл зорилго өнөөдөр хамт нас барах ёсгүй. С.Зоригтой хамт ардчилсан үзэл санаа, шударга ёс, ардчиллын жинхэнэ мөн чанар нас барлаа. Түүнийг амьдруулж чадахгүй ч үзэл санааг нь амьдруулах шаардлага бидэнд байна.

С.Зоригийг ийнхүү дурсан санаж байна. Хүн бүрийн амнаас  хэргийг илрүүлээсэй гэсэн санаа цухалзана, зарим нэг нь хүчтэй илэрхийлнэ. Цаг хугацаа өнгөрч, 13 жилийг ардаа орхисон ч хэрэг хуучраагүй л байна.

1998 оны  аравдугаар  сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан  Санжаасүрэнгийн Зориг  гэртээ онц хэрцгийгээгээр бусдын гарт амь насаа алдсан. Энэ өдрөөс хойш түүний гэр бүл,  найз нөхөд, ахмад зүтгэлтнүүд, монголын ард түмэн нэг  л зүйлийг хүсэн хүлээж ирсэн. Өнөөдөр ч мөн адил. Ирэх жилийн энэ өдөр ч “Хэрэг илрээсэй” гээд залбирч суухыг үгүйсгэхгүй…

Гэвч монголын ард түмэн энэ өдрийг гашуудан угтаж, түүнийг дурсдаггүй. Харин түүний  “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн нэгэнтээ хэлсэн үгийг нь  дурсан санадаг юм шүү.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж