”Дуулах хугацаа маань улам л багасаад байх шиг”

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

”Дуулах хугацаа маань улам л багасаад байх шиг”

МУГЖ, Зууны манлай страдын дуучин, поп хатагтай Б.Сарантуяатай ярилцлаа. Тэр тун удахгүй орон нутагт хийхээр аян замд гарах гэж байгаа.

-“Аргагүй монгол аялгуу” цомгийн баяр маш гайхалтай болсон. Орон нутагт хийх аялан тоглолт хэзээ эхлэх вэ? Хэр урт хугацаагаар явахаар төлөвлөсөн, бэлтгэл хэр хангагдсан гээд сүүлийн үеийн сонин хачнаас яриагаа эхлэх үү?

-Бараг 42-43 хоног үргэлжлэх байх аа. Гэхдээ дундаа завсартай л даа. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын уран бүтээлийн тоглолт гэх мэт дундуур нь заавал орох ёстой тоглолтууд байгаа учраас аялан тоглолтоо дунд нь завсартай хийж байгаа. Говийн аймгуудын тоглолтыг Төв аймгийн Баян сумаас эхлээд цаашаа Баян-Өндөр, Чойр, Говьсүмбэр гээд явж өгнө дөө. Бэлтгэл бол хангагдсан. Надаас гадна чуулгын 24 бүжигчин явна. Чуулгын бүжигчид чинь яасан ч гоё юм. UBS телевизээр өөрийнхөө тоглолтыг өөрөө үзлээ шүү дээ. Яг тоглолтын үед бол юу болоод байгааг ч мэдэлгүй л өнгөрсөн. Яасан ч гоё тайз зассан юм. Тайз нийтдээ бараг 10 солигдсон байх. Манай “New star” студийн Мандах л гүйгээд байсан, би бол төсөөлөө ч үгүй. УГЗ Гунгаасүх гуйн хүү “Гэсү дизайн”-ын Ганбаа тайзыг маань хийсэн юм. Ер нь Монголын ихэнх компанийн тайзыг хийдэг. Өмнө нь 2004 онд "Бөхийн өргөө"-нд хийсэн төрсөн өдрийн тоглолтын маань тайзыг бас хийж байсан. Тэгээд “Sound of Mongolia”-гаас хөгжим, Даваагийн гэрэл гээд их олон хүний хүч хөдөлмөр шингэсэн тоглолт болсон доо. Зөвхөн тайзны засал, хөгжим техник энэ тэрд лав 30-аад сая төгрөг явчихсан байх шүү. Тоглолтын хоёр өдөр бараг 100 гаруй хүний хоол захиалж байсан. Чуулгын хөгжимчид 50 гаруй. Дээр нь бүжигчид, хөгжим, техникийн хүмүүс гээд.

-Үнэхээр нүсэр тоглолт болсон л доо. Зүгээр нэг цомгийн баяр биш?

-Гэхдээ надад бол нүсэрдээгүй. /инээгээд/ Би өөрийнхөө хийх ёстой зүйлийг л аягүй сайн хийсэн. Хүүхэлдэйн театрын дарга, манай найз, яруу найрагч Ц.Хулан тоглолтын бэлтгэлээ хийхэд маань зориулж надад театрынхаа заалыг 7 хоног гаргаж өгсөн. Театрынхан нь бригадаар явчихсан байсан учраас. Тэгээд л тухтайхан шиг сайхан бэлтгэлээ хийсэн дээ.

-Бүжгээ хэр бэлтгэсэн бэ?

-Би юугаа бэлтгэх вэ. Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар гуай л бүгдийг нь найруулсан шүү дээ.

-Үгүй ээ, өөрийнхөө хөдөлгөөний техникийг. Та чинь бараг л бүжиглэсэн шүү дээ?

-Аан. Сургуулилт дээр л намайг дуудаад “Миний хүү, энэ хэдэн хөдөлгөөнийг хараад авчих” гэсэн шүү дээ. Харин тэр якут бүжиг энэ тэр бол цусных юм биш үү, генд нь байдаг юм шиг билээ. Ер нь ийм тоглолтуудыг хараад байхад бүжигчид нь дуучдаа бүр дарчихдаг даа, аймар дайрч бүжиглээд л. Тийм болохоор би Сүхээ ахад хэлсэн л дээ. Дуучин нь голлоод, бүжигчид нь дагавал зүгээр биш үү гэж. Сэвжидийн Сүхбаатар гэдэг чинь хүн үнэхээр агуу юм гэдгийг саяын тоглолтоос би бүр улам тод харлаа. Бүжгээ нэг ч удаа харуулахгүй байж байгаад л тоглолтын өмнөх 12-ны өдөр үзүүлсэн. Тайзыг эзэгнэх, бүжигчдийн хувцас хунар дууны хэмнэлтэй зохицож байгаа байдал энэ тэр бол үнэн гайхамшигтай. Ер нь цомгоо хэвлэлтэд орохоос өмнө “уншилт” хийх гэдэг шиг Сүхээ ахад сонсгосон л доо. Тэгээд өөрт нь таалагдсан учраас энэ тоглолтын найруулгыг хийж өгсөн. Надад хамгийн их таалагдсан зүйл нь бүжгээ Үндэсний чуулгын хэв маягаас нь жаахан салгаад, миний тоглолтод тааруулж илүү этник тал руу нь дэглэж өгсөн. Зүгээр нэг шоу, цомгийн баяр биш, илүү “академический”, бүрэн хэмжээний тоглолт болчих шиг болсон шүү. Уг нь энэ чинь тайлан тоглолт биш шүү дээ. Зүгээр л цомгийн сурталчилгаа. Гэхдээ сурталчилгаа маань их сайн болох шиг санагдсан.

-"Бөхийн өргөө"-нд хийсэн тоглолтоороо DVD гаргах уу?

-Гаргалгүй яах вэ. Тайзан дээр болсон тэр гоё үзэгдлүүдийг бичих ёстой шүү дээ. Тоглолтын бичлэгийг манай хэвлэл мэдээллийн спонсороор ажилласан TV9, UBS телевизүүд хоёр өдөр бичсэн. DVD гарна, ийм тоглолтоор DVD гаргахгүй бол харамсалтай биз дээ. Аз болж би “New star”-ынхандаа захиалчихсан байсан, DVD бичлэг хийгэхээр. Тэр чинь бас хөөрхөн өртөгтэй.

-Гол нь тоглолт өртгөө нөхсөн үү?

-Баланс бол барьсаан, жаахан хасах гарсан байж магадгүй. Түүнийг бол цомгийнхоо орлого, ивээн тэтгэлгээс нөхчихнө л дөө. Тоглолтоо амжилттай хийсэн юм чинь. Би энэ тоглолтыг тэдэн төгрөгт багтаана, тийм орлого олно гэж тооцож хийгээгүй. Зүгээр л бүгдээрээ нэг гоё юм хийчихье гэж хийсэн. Ивээн тэтгэгчдийн туслалцаа, үзэгчдийн оруулсан хөрөнгө оруулалт дээр Сараагийн өөрийнх нь халааснаас жаахан мөнгө гарсан байх. Яах вэ, одоо би харьцангуй гайгүй ханшаар дуулж байгаа болохоор жижигхэн хэмжээний алдагдлыг бол “Аа” гээд нь өгчихнө шүү дээ. Ер нь тайзан дээр идэвхтэй ажиллаж байгаа уран бүтээлч бол алдагдлаа нөхөхөд амархан. Бид маш сайн “эргэлдэж” байгаа, долоо хоногт 2-3 тоглолт байнга.

-Ялангуяа та яагаад ийм их эрчимтэй ажиллаад эхэлсэн бэ, юу таныг ингэж цэнэглээд байна  гэж би бас их гайхаж байна. Энэ жил гурав дахь цомгоо бичүүлээд байгаа биз дээ?

-Тийм. “Аргагүй монгол аялгуу” цомгийн тоглолтын өмнө “Сэтгэлийн есөн цацал” DVD-ний баяр хийсэн. “Хайрын бэлэг” гурав дахь цомог маань болж гарна, DVD бас гарна.

-Орон нутгийн аялан тоглолтыг хэд дэх удаагаа хийх гэж байна?

-Энэ удаагийн тоглолтоор Монгол орноо би тав дахь удаагаа тойрно. Магадгүй дахиад явахгүй ч байж мэднэ.

-Яагаад, энэ чинь салах ёс юм уу?    
 
-Ерөнхийдөө дуу дуулах хугацаа маань улам л багасаад байгаа юм шиг санагдаад байна. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Зөн совингоороо л дахиад нэг их удаан дуулахгүй юм шиг санагдаад. Юутай ч холбоотой юм бэ дээ. Хувийн хүсэл байна. Хүүхдүүд том болж, хамтдаа баймаар, илүү л их гэрсэг болоод байх шиг. Өөр салбарт ажилламаар ч юм шиг.

-Сургууль юу болсон бэ? Сүүлд бид хоёр уулзахад хөгжмийн сургууль байгуулах тухай ярьж байсан?

-Сургуулийг тодорхой хэмжээний хөрөнгийн суурьтай болж байж байгуулна шүү дээ. Би бол хамгийн түрүүнд олон үет маркетингийн бизнест хүчээ үзье гэж бодож байна.

-Яагаад?

-Яах вэ дээ, миний дуулахаас илүү хүнд хэрэгтэй юм болов уу. Хүмүүсийг амьдралтай нь залгуулахаас гадна эрүүл мэндэд нь тустай. “For life” гэж Америкийн компанид элсээд нэг жил болох гэж байна. “Даймонд” цолтой болсон. Хамгийн доороос нь эхэлж байгаа. Ганцаараа биш, багаар ажилладаг, дороо хүмүүс удирддаг болохоор илүү сонирхолтой. Багаар ажиллахаар хүмүүс бие биенийхээ тусыг мэдэрдэг, гоё шүү дээ.

-Олон үет маркетинг гэдэг чинь сүлжээний бизнес л биз дээ?

-Сүлжээ. Гэхдээ сүлжээ сүлжээдээ дэлхийн топод ордог компани. Хүний биеийг эрүүлжүүлдэг, тураадаг, гоо сайхан болгодог. Ер нь эрүүл мэндийн л бизнес юм даа. Хүний өөрийн дотнын хүмүүс өвдөөд, хорт хавдар тусаад ч юм уу, хагацал үзээд ирэхээрээ ойлгож мэдэрдэг юм байна л даа. Ойр дотныхон маань битгий өвдөөсэй гэж хүсэх юм. Дээр нь энэ бизнесээс өөрөө ашиг олно, хүмүүсийг бас олноор хамруулж болно. Өнөөдөр манай төсвийн байгууллагынхны амьдрал ямар байгаа билээ. Цалин хөлс нь хаанаа ч хүрэхгүй, тэгсэн хэрнээ ажлын цагт уягдчихсан. Тэгвэл 18 цагаас хойш хоёрхон, гуравхан цаг ажиллаад мөнгө хийж болохоор байхгүй юу. Тэгээд сар болгон Америкийн компаниас цалин нь ирчихнэ. Зугаатай юм билээ. Манай компанийн хамгийн том амжилт гаргасан монгол захирал гэхэд сардаа 30 сая төгрөгийн цалин авдаг юм байна лээ. Дээрээс нь сая Бахамын арал руу амрахаар явж байгаа. Нэг хүний зардал нь 24 мянган ам.доллар, бүгдийг нь компани дааж байгаа. Тансагтаа гол нь биш, сайн ажилласан хүнийг маш сайн үнэлдэг юм байна. Хамгийн гол нь манай Монголоос аймаар олон захирал цолтнууд төрдөг юм байна. Орос, Хятадаас илүү. Тийм учраас ирэх арваннэгдүгээр сард компанийн ерөнхийлөгч нь манайд ирэхээр болсон. Өмнө нь Оросоос бид бүтээгдэхүүнээс авдаг байсан бол одоо Америкаас шууд авна, төрөл нь нэмэгдэнэ. Урьд нь бид чинь гарал үүсэл нь мэдэгдэхгүй янз бүрийн эм, бэлдмэл хэрэглээд л явдаг байлаа шүү дээ. Тэгвэл одоо өндөгний шар, үнээний сүүнээс нано технологиор гаргасан уураг, бэлдмэлүүдийг хэрэглэж эхэлнэ. Ийм гайхалтай бүтээгдэхүүнийг би хүмүүст сурталчлаад, дээрээс нь нэг бус удаа хорт хавдарт нэрвэгдсэн хүмүүст бэлэглэж байсан. Би гэрийнхэндээ ч авч өгсөн, өөрөө ч уусан. Аягүй сайн, ядрахаа л мэдэхээ байдаг юм байна лээ. 

-Бас бясалгал хийж байгаа гэсэн. Яагаад ийм олон гэнэтийн гэмээр өөрчлөлтүүдийг хийгээд байна аа?

-Би Бат-Отгон доктортой танилцсан, надад маш олон номуудаа бэлэглэсэн. Би тэр шинжлэх ухааныг судлая, суралцья гэж бодож байгаа. Амьдрал 40 наснаас эхэлдэг гэж үнэн л юм байна. Их сонирхолтой хүнтэй танилцсан шүү. Бид чинь ер нь маш харанхуй, мунхаг амьдарч ирсэн юм байна. Дандаа хүслээ сонсч явдаг, зүрхээ сонсдоггүй.  Сайхан хоол, үнэтэй эд агуурс, алдар нэр ч юм уу, янз янзын зүйл хүсдэг, тэр хүсэлдээ захирагдаж амьдардаг байсан юм шиг санагдсан шүү. “Хүмүүс намайг юу гэж хэлэх бол” энэ тэр гэж л боддог, өөрийгөө сонсох ухагдахуун байхгүй тийм ертөнцөд би их олон жил амьдарсан юм шиг. Сонинд намайг юу гээд биччихсэн бол ч гэдэг юм уу. Ямар хүн, ямар зорилготой бичиж байгааг нь огт бодохгүй.

Тэр утгаараа ч юм уу, энэ тоглолтыг хүмүүс юу гэж үнэлэх бол гэж бодохоосоо өмнө би өөрөө өөрийгөө үнэлчихсэн байсан. Тоглолтын бэлтгэл хийж байхдаа л их гоё орчинд байгаагаа мэдэрч байсан. Нэг л мэдсэн чинь бүх зүйл, хувцас хунар, хөгжим, найруулга бүгд бэлэн. Нэг л гоё юманд л оролцох нь дээ, их л сайхан тоглолт болох нь дээ гэж би бодож байсан. Урьд нь бол билет чинь зарагдсан юм уу, хэвлэлийн пиар чинь юу болж байна гээд хаа хамаагүй юманд санаа зовдог байсан. Энэ удаа ямар ч тийм бэрхшээл байгаагүй. Зөвхөн дуучныхаа ажлыг хийгээд явсан чинь бас их гоё юмаа. Урдаас нь үзнэ үү, хойноос нь үзнэ үү тодорхой юм чинь билет нь зарагдана л биз. Би бол нэр хүнд унахаас ерөөсөө айдаггүй. Тэртэй тэргүй унахын ихээр унаад, сэргэхийн ихээр сэргээд л явдаг юм чинь.

Тоглолтын бэлтгэлийн үеэр Анужин багш маань жүржийн шахсан шүүс авчираад, гүзээлзгэнээр хоолойгоо норгож байгаад дуулахад хоолой гараад л байна лээ. Тэс өөр, халуун газрын жимс идээд л дуулаад байлаа шүү дээ.

-Айраг ууж, мах идэхгүйгээр үү?

-Би бас бэлтгэлийн дундуур Баян сум руугаа яваад гялс нэг айраг уучих юмсан гээд, манайхан бас гүүгээ тавьчих гээд хүлээгээд байдаг. Очиж амжихгүй байсаар тоглолтоо дуусгачихаад өнгөрсөн амралтын өдрүүдээр очсон доо. Айргаа хадгалчихсан байна лээ. Намрын айраг чинь илүү өтгөн, жаахан халаадаг шүү дээ. Тэгээд хонины гэдэс идэж, хүртэх ёстой бүх зүйлээ хүртээд ирсэн. Тэгж яваад өөрийнхөө тоглолтыг телевизээр үзсэн. Манайхан хөгжилтэй, соёлтой болчихжээ. Малчид гадаанаа тавган антенн тавиад LCD зурагт асаачихсан. Тэгээд шөнө нь машинынхаа гэрэлд дискодоод, гоё байсаан.

-Тоглолт тараад такси барихад таксины жолооч “Сараагийн тоглолт дуусчихсан уу? Бор зүрхээрээ яваа ганц дуучин даа. Манай эмэгтэй дуучид ч дээ” гэх жишээтэй. Хүмүүс яагаад танд тийм сайн байдаг юм бол?

-Манайхан чинь надад хайртай шүү дээ. Мэдээж ивээн тэтгэлэг байлгүй яах вэ, цомгийг л гэхэд хичнээн олон компани ивээн тэтгэснийг сонссон биз дээ. “Магнай трейд”, “G mobail”, Хаан банк, Хадгаламж банк, “MCS” гээд ивээн тэтгэгч нар зөндөө байгаа шүү дээ.

-Цомгийг биш, Сараагийн хувийн ивээн тэтгэгчийг хэлж байна л даа. Жишээ нь баян нөхөр ч юм уу, нууц амраг байна?

-Нөхрөөрөө ажлаа хийлгэдэг хүмүүс л тийм моод гаргасан байх л даа. Миний хүүгийн эцэг надад тусалдаг байсан, одоо ч манай гэрийнхэнд тусалдаг. Гэхдээ “тусална” гэж байхад нь “Үгүй ээ, би өөрөө” гээд л явж байсан. Би өөрөө гэдэг хүнийг өөрөөр нь юм хийлгэх хэрэгтэй шүү дээ. Яг чиний хэлээд байгаа “нууц ноёнтон” бол байхгүй. Надад тусалдаг, тэгэхдээ нэрээ гаргах дургүй хүмүүс байдаг. Ямар утгаараа гэдгийг нь би мэдэхгүй, Сарааг эмэгтэй хүнийх нь хувьд хайрладаг гэж би лав бодохгүй байна. Зүгээр дуучных нь хувьд хайрлаад, тусалж дэмжээд явдаг хүмүүс бий. Амьдралд бол биш шүү. Тэр бол нялх оддын явдал байх. Энэ нь сүүлийн үед залуу дуучид, эмэгтэй дуучдын нэр хүндийг унагаж байна шүү дээ. Юм л бол мөнгө нэхээд суучихдаг. Хамгийн том хөрөнгө оруулагчид бол меценатууд /урлагийн ивээн тэтгэгчид.сурв/ байна, дээрээс нь манай зритель, CD худалдан авагч нар.

-Тоглолтын дараа таны үзэгчид, фэнүүд ярьсан уу? Яг юу гэж үнэлж байна?

-Ер бусын гэж. Зүгээр нэг сайхан тоглолт, гоё тоглолт, ер бусын гэдгийн хооронд ялгаа бий шүү дээ. Сүүлийн үед үзэгчид маань иймэрхүү тоглолт хүсч байсан юм шиг байна лээ, Сараа нэг иймэрхүү тоглолт хийчихээсэй гэж. Хамгийн гол нь бид ямар ч том продакшнаас дутахааргүйгээр тоглолтоо зохион байгуулсан. Гүрээ ах, яруу найрагч Ичин хоёроор шүлэг уншуулаад, гоё гоё сюрприз бэлтгэсэн байгаа биз дээ. Селигээ гаргалаа, “Усны тунгалаг Тамирын гол”-ыг гэхэд л Номин маань ямар гоё дуулав. Урьд нь дуулчихсан байсан мөртлөө яг Номинг дуулсан гэж үзэгчид тэр болгон мэддэггүй л байсан байхгүй юу. Түмэндэмбэрэл гуайн өөр олон гоё дууг дуулаарай гэж би зөвлөсөн. Дандаа гэдгэнэж годгоносон поп дуу дуулаад байхаар бас уйтгартай.

-Б.Ичинхорлоог яагаад гаргасан юм. Америкт удсан учраас сюрприз болно гэдэг утгаар нь уу?

-Үгүй ээ, үгүй. Ичингийн тэр эрх чөлөө үнэртсэн гоё шүлгүүдийг нь хүмүүст сонсгоё л доо. Сели ч гэсэн өөрөө фэнүүд нь түүнийг нь хүлээсээр байгаа, сонсох дуртай хэвээрээ гэдгийг хараг л дээ. Нэг ингээд нүүр хагарчихаар дараа дараагийн тоглолтдоо ороод явчихаж байгаа биз дээ. Сая л гэхэд 25 дугаар суваг телевизийн 15 жилийн ойн тоглолтод дуулсан. Бас мэдээж шавийгаа сурталчилья гэж бодсон. Жил жилийн тоглолтон дээр өсөөд л байгаа. Манай “New star”-ийн Мандах маш их үүрэг гүйцэтгэсэн. “Saraa’s music” пропакшнд бас миний шавь ажиллаж байгаа. Би маш сайн туслахтай болсон. Нарийн бичиг, туслахаа ч хийнэ, тоглолтондоо ч оролцоно. Залуу дуучинд бол энэ бол маш том туршлага.  Дөрвөн жилийн дараа бол хөгжмийн аженси, пропакшныг удирдаад явчих чадвартай болох байх аа.

-Сараа турсан болоод ч тэр юм уу, хүмүүс таныг хамраа өндөрлүүлчихсэн юм уу гэж асуугаад байсан. Одоо харсан үгүй л байна л даа?

-Өндөрлүүлэх шаардлага байсан бол өндөрлүүлнэ шүү дээ. Гэвч миний хамар Батмөнх гуайн гайхамшигтай хамрыг дуурайсан болохоор өндөрлүүлэх шаардлага байхгүй л дээ. /инээгээд/ Одоо би ямар ч будаггүй ярилцлага өгөөд сууж байна. Үгүй л байгаа биз дээ.

-Ээж тань таны тоглолтыг үзээд баярласан байх даа?

-Өө, зөндөө. Якут дууг нь дуулсан болохоор хөл нь газар хүрэхгүй л байсан. Одоо ахмадын баяраар ээжийгээ сайхан баярлуулна аа. Ер нь манайд ахмад настай хүмүүсээ үл тоодог, тэтгэврийн насныхан гэж муухай нэр зүүдэг зуршил тогтчихож. Түүний оронд гавьяаныхаа амралтад гарсан хүмүүс гэж нэрлээд, сайхан хүндлэх ёстой биз дээ. Хуучин цагт тэгж л ярьдаг байсан санагдах юм. Саяхан би ээжийгээ эмчид үзүүлэх гээд дагуулаад явлаа. Намайг үзүүлэх үү гэхээр нь “Үгүй ээ, би ээжийгээ үзүүлэх гэж яваа юм” гэсэн чинь “Нялх хүүхэдтэй хүмүүс дугаарлаж л байна шүү дээ” гэсэн. Намайг таниагүй л байх л даа. Тэгээд би “Наад нялх хүүхэд чинь ирээдүйд зөндөө амьдраад, хүлээгээд амжина. Нийгэмдээ хийхээ хийчихсэн энэ настан буурлууд чинь харин хэзээ мөдгүй өнгөрчихөж магадгүй улсууд шүү. Энэ улсуудыг амьд сэрүүн байгаа дээр нь жаахан хайрлаад, дээдлээд явах хэрэгтэй юм биш үү” гэж л хэлсэн. Нийгэмд хийгээ хийчихсэн, одоо хэрэггүй болсон гэж хаяж болохгүй биз дээ. Сингапурт явахдаа би харсан, ахмадуудаа “Хүндэт иргэн” гэж нэрлэдэг юм билээ. Манай хотын захиргааныхан залуучуудад “Нийслэлийн хүндэт иргэн“ энэ тэр гээд медаль өгөөд л байдаг юм билээ. Социализмын үеэс Монгол Улсын төлөө зүтгэсэн энэ ахмадуудаа яагаад тэгж нэрлэж, хүндэлж болохгүй гэж. ”Тэтгэврийн насныхан” гэдэг чинь тэтгэлгээр амьдардаг, хэрэггүй хүмүүс гэсэн үг биз дээ. Өгч байгаа тэтгэлгээрээ хүмүүсийг тэгж нэрлэж болохгүй шүү дээ.

-Өмнө нь би таныг Сараа нийгмийн нэлээд том зүтгэлтэн болох байх гэж боддог байсан. Тэр үед та ардчиллын тухай, нийгмийн тухай их ярьдаг байсан учраас. Харин өнгөрсөн жил МАН-д элссэн, магадгүй сонголтоо хийгээд, замаа засч байгаа юм уу?

-Миний аавын нам л юм даа. Түүнээс биш би бол сэтгэл зүрхэндээ ардчилсан хүн.

-Байсан гэж үү?

-Үгүй ээ, би одоо ч гэсэн ардчилсан үзэлтэй. Тэгсэн хэрнээ өнгөрсөн 10 жилийг харсан чинь нөгөө л хувьсгалт нам, одоогийн энэ МАН-ын суталчилгаанд л дуулаад, яваад байсан байна. Бусад намууд урьдаг, гэхдээ алдаг оног. Дуучид чинь элсээгүй байж л намын тодотголтой болчихдог хүмүүс шүү дээ. Тэгснээс ер нь элссэн нь дээр юм биш үү гэж бодоод л элссэн. Түүндээ ч харамсдаггүй. Хүн ер нь сонголтондоо харамсахгүй л байх хэрэгтэй.

-Сараагийн фэнүүд нь таныг дандаа л ардчилагч гэж хардаг байсан болохоор жаахан урам хугарсан байж магадгүй?

-Тэр нэг их чухал биш шүү дээ. Би бол концертон дээр элдэв нам, улс төр огт ярьдаггүй. Би юу болохыг хүсэхгүй байна гэвэл улстөрч болохыг л хүсэхгүй байна даа. Ер нь атаархмаар, хүн хүсмээр амьдралтай улсууд биш шүү дээ. Аль аль намдаа ч хэцүү.

-Чөлөөт цаг гарч байна уу? Гарвал юу хийж байна?

-Гарна шүү. Юм юм л хийнэ. Найз нартайгаа караокед орно, хөдөө явна, байр энэ тэрээ засуулна. Өнгөрсөн зун Хонконг явж амарсан, ээжтэйгээ.

-Хулан одоо хэд хүрч байна?

-Зургаа хүрэх гэж байна.

-Тэгвэл та завтай болдог нь аргагүй юм байна. Дуучин болно гэхгүй байна уу, ийм том дуучны охин гэдгээ мэддэг болов уу?

-Мэднэ ш тээ. “Би дуучин Сарантуяагийн охин байна” гэдэг юм. Бүжигчин болох юм гэсэн.

-Эрхэмээ ямар хүн болох нь шиг байна, урлаг уран сайхан сонирхох уу. Багадаа “Нисванис”-ын Амгаагийн фэн байсан байх аа?

-Юм эвлүүлэх дуртай, конструктор талын л хүн болох байх даа. Би ер нь хүүхдүүдээсээ их юм хүсдэггүй. Хүн шиг л хүн болбол болоо. Бусдаар бол санаа зовдоггүй. Өөрийнхөө хийж чадах зүйлийг олж аваад амьдарвал болох нь тэр.

-2004 онд “Би жаргалтай” тоглолтыг хийж байсан үеийг тань санаж байна. Яг л сая тоглолтоо хийсэн шигээ гэрэлтэж байсан. Тэгээд өнөөдөр ч гэсэн танаас “Хэн таныг ингэж цэнэглээд байгаа юм бэ” гэж асуумаар байна. Найз залуутай болсон уу, хэн нэгнийг хайрласан уу гэж?

-Хайр сэтгэлийн ээдрээтэй асуудал надад ядаргаатай санагддаг юм ш дээ, яг үнэндээ. Намайг шууд л ирээд хайрлах хүн хэрэгтэй болохоос биш хайрлаж чадахгүй хоёрын хооронд хараад яах вэ дээ. Надад бол хэн нэгэнд хайртай гэдгээ нотлоод, зүтгээд байх боломж байхгүй, дээр үеийн “Зүүдэнд оромгүй явдал” кинонд гардаг шиг. Хайр сэтгэлээс чухал юм бас байна шүү дээ. Үр хүүхэд, цаашдын амьдрал гээд. Тийм болохоор надад энэ амьдралд хайр сэтгэл байх уу, байхгүй юу нэг их чухал биш болчихсон. Хайрлавал сайн л биз, хайрлахгүй бол тэр л биз. Үнэндээ хэлэхэд эсрэг хүйстэй хүнд нэг их цаг зав зарцуулж чадахгүй байна аа. Гэхдээ намайг хайрладаг хүмүүс байгаа.

-Хайрладаг хүмүүс биш, найз залуу?

-Найз залуугүй хүн байдаг юм уу. Найз залуутай л байгаа шүү дээ. Хамгийн гол нь хэр удаан үргэлжлэх вэ? Би бол дандаа л шинийг эрж хайдаг, амархан уйддаг хүн. Надтай адилхан завгүй ч юм уу, зорилготой, тэмцэлтэй хүн л таарах байх. Түүнээс биш зүгээр л нэг шолбойсон эр хүн хэрэггүй. Эрэгтэй хүн чинь эмэгтэй хүнийг байлдан дагуулж байж л авч суудаг биз дээ.

-Учиргүй их хайрлаад, харамлаж хардаад байвал бас хамт байж тэсэхгүй нь ээ?

-Мэдэхгүй л дээ. Би тэгж хардаж, харамлах гэсэн хайр сэтгэлийн ээдрээтэй асуудлыг мэдэхээ болиод удаж байна. Тэр нь ч надад амар байдаг. Би өөрийнхөө толгойг мэднэ, хүүхдүүдийнхээ толгойг мэднэ. Одоо ч тэгээд нэг үеэ бодвол нөхөргүй амьдраад сурчихсан юм байна. Найз залуу байхад л болно. Хамгийн гол нь үр хүүхэд эцэггүй өсөх л хэцүү юм даа. Гэхдээ ор тас эцэггүй өнчирнө гэж юу байх вэ. Аав нартай, аав нар нь холбоотой л явж байгаа. Эцэг нь хэн бэ гэдгийг хэлдэггүй, ээж нь ор тас нуучихдаг бол бүр хэцүү шүү дээ. Тийм хүүхдүүд, ээжүүд байдаг, манай найз нар дотор ч бий. Тэр бол хэцүү. Би хүүхдүүдээ нэг бодлын одын хүүхэд болж төрснөөрөө бас азгүй ч юм уу гэж боддог. Хүмүүс бол гоё л гэж хардаг байх. Хар, цагаан хэл аманд дандаа идэгдэж байдаг байхгүй юу. Сайхан явж болдоггүй, муухай явж болдоггүй, жаргаж болдоггүй, зовж бас болдоггүй хорвоо юм. Ээдрээтэй.

-Тийм л болохоор үүнийг тэгшилье гэвэл Сараагаас илүү их чармайлт, тэвчээр хэрэгтэй байх л даа?

-Сараа Сараагаараа байхын тулд хувийнхаа жаргалыг золиослох ёстой юм байна л гэж би ойлгосон. Бурхан цаанаас нь “Хэрвээ чи хувийнхаа амьдралд илүү жаргалтай байя гэвэл алдар нэрээ өг, авьяасаа өг, дуу хоолойгоо өг, залуу насаа, хүмүүсийн хайр хүндлэлийг бас буцааж өг. Тэгвэл чи жирийн сайхан Сараагийн амьдралаар амьдарна. Үгүй бол хувийнхаа жаргалыг орхи” гэсэн юм болов уу. Уг нь би чөтгөртэй хэлцэл хийгээгүй л юм даа. Би тэгж л хараад байдаг юм, миний амьдрал ч бас тийм л зохион байгуулалтаар явж байна. Дөчин наснаас хойш жаргахыг хэн мэдлээ. Гэхдээ би өмнө нь бас жаргаж л явсан шүү дээ, зовсон гэхгүй. Арван хэдэн жил ганцаараа шувуухай шиг л эрх чөлөөтэй амьдарлаа.

-Дөчин наснаас хойш ч гэсэн тэгж амьдарч чадах уу?

-Болно ш дээ. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө мэддэг болохоос биш хүнд амьдралаа мэдүүлээд яах юм. Хүнд амьдралаа мэдүүлчихсэн, хүний эрхээр амьдарч байгаа хүмүүс бас байна. Хэцүү дээ, ялангуяа дуучин, уран бүтээлч бүсгүйчүүдийн хувьд. Гол нь хариуцлага. Надад үр хүүхдээ өсгөх, ах дүү хамаатан саднаа харж хандах гээд зөндөө хариуцлага байна. Ер нь тэгээд олонтойгоо явахад ганцаарддаггүй юм аа. Тоглолт хийхээр боллоо гэхэд л манай хамаатнууд бүгдээрээ дайрч ороод л тусална. Хүний өмнөөс баярлаж, хүний өмнөөс зовж чадна гэдэг маш гоё мэдрэхүйг бурхан надад өгсөн байна. Найз нартайгаа уулзах зав гарахгүй байсан ч гэсэн хүчээр өөрийгөө чангааж байгаад л уулзана. Миний найзууд хаа очиж их туйлбартай, маш тэвчээртэй, мундаг хүн чанартай хүмүүс. Найз сайтай байх ч бас өөр шүү. “Миний муусайн найз нар”-аар хараа биз дээ.

-Дуучин Ариунаагийн шинэ тоглолт дээрээ намын дарга нараа, Ерөнхий сайдаа уриад л бүтэн эгнээ гаргаж байгаад үзүүлдэг юм билээ. Нэгдүгээрт өөрт нь реклам болдог байх, хоёрдугаар их амбицтай. Та яагаад энэ тоглолтон ээр тэгээгүй юм бэ?

-Би Ерөнхий сайдыг уриад юу нотлох гээд байгаа юм, намайг ард түмэн тэртэй тэргүй ямар дуучин бэ гэдгийг мэднэ шүү дээ. Хоёрдугаарт манай намын дарга ч их завгүй байсан байх. Ард түмнээ сонсьё гээд л яваад байгаа шүү дээ. Тэгээд нам мамаа уриад эхэлбэл хүмүүс ч гэсэн “Сонгуулийн шоу хийгээд эхэллээ” л гэж бодно. Хувь хүнийх нь хувьд, урлагт элэгтэй гэр бүл гэдэг утгаар нь Ерөнхий сайд С.Батболдыг гэргийтэй нь урих хүсэл байсан боловч Эрхүү рүү форумд явчихсан байсан. Урлагийн мэдрэмжтэй улсуудыг урих гоё байдаг юм л даа. Гэхдээ яг үнэндээ төрийн томчуудыг урихаар аймаар хэцүү байдаг юм. Хамгаалалт энэ тэр гаргаад, нөгөө урилгын суудалтай хүмүүсийг чинь суудалгүй болгоод, баллаж өгдөг байхгүй юу. Би Р.Гончигдорж гуайг УИХ-ын дарга байхад нэг удаа тоглолтдоо урьсан чинь хамгаалалтынхан нь манай зохион байгуулагчдыг “визитний өрөөнд юм бэлтгэ” энэ тэр гээд сандаргаж өгсөн шүү дээ. Аймаар олон бие хамгаалагч нар зогсоогоод, нөгөө муу урилгын суудлын хэдийг маань гарч ороход нь цагдаж бариад. Тэрнээс хойш хаширсан. Түүнээс гадна урьчихаад байхад ирж үздэггүй, ядахдаа ирж чадахгүй гэдгээ ч эргээд хэлдэггүй сонин улсууд бас байдаг юм билээ. Хэлдэг улсууд бас байдаг юм. Боловсролын сайд Ё.Отгонбаярыг урьсан чинь “Уучлаарай, би Завхан явах ажилтай болчихлоо. Гэхдээ манай эхнэр үзэж байгаа шүү” гэж хэлүүлсэн байсан. Энэ ч бас соёл.     
      

Б.СЭМҮҮН

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж