Асуудлаар дүүрэн намрын чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Асуудлаар дүүрэн намрын чуулган эхэллээ

Шийдлээ хүлээсэн асуудлаар дүүрэн намрын чуулган эхэллээ

УИХ-ын намрын чуулган өчигдөр 82.9 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцсон ч үг хэлсэнгүй. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Намрын чуулганаар нийгэм, эдийн засгийн томоохон асуудлыг шийдвэрлэх ёстой. Бид хөдөө аж ахуйн салбарт амжилтад хүрлээ. Гурилын үйлдвэрлэл хоёр дахин өсөж, энэ жил 480-аад мянган тонн үр тариа хураан авахаар боллоо. Мөн сүүлийн хоёр жилд нүүрсний олборлолт гурав дахин нэмэгдсэн. Үүнээс үзэхэд зэсийн өсөлтөөс эдийн засаг хамааралтай байдал нь өөрчлөгдөж байна. Харин үйлдвэрлэл, уул уурхай, бүтээн байгуулалт цогцолж байгаа аймгуудад дэд бүтцийн ажил удаашралтай байна” хэмээв. Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн засах талаар шаардлага тавьсан УИХ-ын нэр бүхий 20 гишүүн ширээн дээрээ “Засгийн газар Оюу­толгойн алдаатай гэрээгээ засагтун 2011.10.03” гэсэн бичгийг тавьсан байлаа. Тэд УИХ-ын даргыг “УИХ-ын 57 дугаар тог­тоолыг хэрэгжүүлэх хэвээрээ байгаа” гэхэд алга ташин дэмжиж байв. Намрын чуул­ганы нээлтийн дараа УИХ-ын зарим гишүүний чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх байр суурийг сонирхлоо.  

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг: АРДЫН НАМЫН ТАВЬСАН САНАЛЫГ СҮҮЛИЙНХ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА

-Намрын чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэдгийг та бү­хэн мэдсэн байх. Өнгөрсөн баасан гарагт ху­ралдсан ажлын хэсгийн хуралдаанаар Ардын намын бүлгийн ажлын хэсгийн гишүүд Ардчилсан намын гишүүдэд тодорхой санал тавьсан. Нэг нь 52:24, нөгөөх нь 50:26 гэсэн хоёр хувилбарыг дэвшүүлж байгаа. Манай намын бүлгийн зүгээс өнгөрсөн хаврын чуулганаар ажлаа явуулах үүднээс 38:38 хувилбарыг санал бол­гож, харилцан ойлголцож, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталъя гэсэн. Манай намын бүлэг өнөөдөр ху­ралдана. Хуралдаанаараа Ардын намын бүл­гийн ажлын хэсэгт орсон гишүүдийн тавьсан саналыг хэлэлцэж, цаашаа яах вэ гэдгээ шийднэ. Хоёр бүлгээс албан ёсоор шийдвэр га­раагүй байхад ажлын хэсгийн гишүүд тэр ингэлээ, энэ нь ингэлээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр битгий яриач хэмээх асуудлыг тавьсан байгаа. Харин миний хувьд Ардын намын бүлгийн ажлын хэсгийн гишүүдийн тавьсан саналыг хамгийн сүүлийнх гэж бодохгүй байна.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар: ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ НЬ ТӨЛӨӨЛЛИЙН АРДЧИЛЛЫГ БИЙ БОЛГОНО

-УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд тавьсан зорилтоо биелүүлээд явж байна. Шийд­вэр­лээгүй зарим томоохон асуудал бий. Үүний нэг нь Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Энэ хуулиар Монгол Улсын тогтвортой байдал болон аюулгүй байдал хэрхэн дархлаажих вэ гэдгийг шийдэх учиртай. Мөн 2008 оноос хойш ярьж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бий. Бидэнд цаг хугацаа бага байна. Энэ нь ажлаа шахуу, хурдацтай хийхийг шаардаж байна гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нийгмийн, улс төрийн, захиргааны ажлын гэсэн үндсэн гурван шаардлага байгаа юм. Үүнээс үүдэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзсэн. Ажлын хэсэг хуульд өөрчлөлт оруулах нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа талаар судалсан. Мөн эрдэмтэн, судлаачидтай санал солилцсон. Бид УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох асуудлыг тавьсан юм. Үүнд хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байх шиг байна. Гишүүдийн тоог нэмэхийг гэнэт нэг хүн бодоод олчихсон юм биш. Одоогийн парламентын гишүүд дур зоргоороо аашилж, төсвөө өөрсдөө хуваарилах эрхтэй байгаа учир тоог нь цөөлөх талаар ярьж буй гишүүд байдаг. Энэ нь харин ч эсрэгээрээ эрх мэдлийг бий болгоно. Тиймээс тоог нь нэмэгдүүлэхээр гишүүд дарга шинжээ алдаж, тэднийг ч тоох хүмүүс багасна. Нэг үгээр хэлбэл төлөөллийн ардчилал руу явна гэсэн үг.

УИХ-ын гишүүн Д.Одхүү: ЧУХАЛ АСУУДЛАА ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ

-Энэ жилийн хувьд сонгуулийн жилийн төсөв батлагдах ёстой. Мөн Төсвийн то­дот­голыг хийх учиртай. Харин Төсвийн тодот­го­лын дараа өнгөрсөн хаврын чуулганаас хойш ярьж байгаа Сонгуулийн тухай хуулийн ши­нэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Эдгээр асуудал хамгийн чухал нь юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хүлээж буй хүн олон бий. Үүнтэй хол­боо­тойгоор лиценз олголтыг хориглосон. Энэ мэт чухал асуудлыг яаралтай хэлэлцэж, шахуу ажиллах ёстой байх. Ер нь намрын чуул­ганыг нэлээд хатуу, ширүүн, улстөржсөн уур амьсгалтай болох болов уу гэж харж байна.


УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга: ТОХИРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАВСАРЛАГА АВАХ НЬ ЗӨВ

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зайлшгүй хэлэлцэх ёстой. Мөн Сонгуулийн тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төслийг батлах хэрэгтэй байна. Хоёр намын бүлэг тохиролцож чадах байх. Засгийн газар анхнаасаа Сонгуулийн тухай хуулийг шинэчилнэ гэж гэрээ байгуул­сан. Хэрэв тохиролцож чадахгүй бол завсар­лага авах нь зөв.

УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ 57 ДУГААР ТОГТООЛЫН ДАГУУ ХИЙСЭН

-Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу хийсэн. Засгийн газрын зүгээс гэрээг байгуулахаас өмнө УИХ-д гурван удаа танилцуулсан. Тиймээс энэхүү тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гэрээ болсон гэж үзэж байгаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос яриа, хэлэлцээр хий гэсэн утгатай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу болон эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхээр болсон. Ер нь Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Бүтээн байгуулалтын аж­лынх нь 50 хувь хэрэгжсэн. УИХ-ын даргын хэлсэн үгнээс та бүхэн ан­заарсан байх. Уул уурхайн салбар тэр дундаа томоохон ордуудыг ашиглалтад оруулах талаар нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэсэн. Энэ ч ут­гаараа төслийнхөө үйл ажиллагааг ахицтай, хурдацтай явуулах үүднээс харилцан ярилцаж, тохиролцон шийдэх замаар ажиллах ёстой гэж бодож байна.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж