”ЗГ УИХ-д өөрсдийнх нь лайг үүрүүлчихлээ”

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

”ЗГ УИХ-д өөрсдийнх нь лайг үүрүүлчихлээ”

-Улстөрчдийн сонгуулиар амласан амлалтыг биелүүлэхийн тулд УИХ-ынхны зовлонг өөрсдөд нь үүрүүлж байгаа нэг ёсны дипломат арга. Халамж нь хэтэрсэн төсвийг батална уу байна уу, та нарын хэрэг гээд ацаглачихаж байгаа хэрэг-

Монголын улс төр,нийгэм, эдийн засагт өрнөж буй үйл явдлуудын талаар эдийн засагч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.

-Өнөөдрийн сонин хэвлэлд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын даргыг та шүүхэд өгөөд заргаа авсан тухай мэдээлэл гарсан байна. Юунаас болоод С.Дэмбэрэл даргатайгаа муудалцчихав аа, та?

-Би С.Дэмбэрэл даргатай муу­далцаагүй шүү дээ. Миний шүүхэд хандсан асуудал С.Дэмбэрэл даргатай хамаагүй.

-МҮХАҮТ-ын удирдлага, за­саг­лалын хуваарийн тэнцвэр­гүйдүүлж, өөртөө хэт их эрх мэдэл олгосон, хяналтгүй үйл ажиллагаа явуулж, дураар авирлах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг шалтгаанаар та Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж, шүүхээс таны талд шийдвэр гаргасан юм биш үү?

-МҮХАҮТ-ын дүрэм нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг илэрхий зөрчсөн учраас л үүнийг шүүхээр шийдвэрлүүллээ. Засгийн газрын бодлого шийдвэрийг буруутгаж шүүхэд өгөх нь бишгүйдээ л гардаг. Гэтэл төрийн бус байгууллага, аль нэг албан газар хууль дүрэм зөрчөөд байгааг тэр бүр шүүхээр шийдвэрлүүлдэггүй. МҮХАҮТ-ын дүрмийн  долдугаар зүйлд заасан “Үндэсний танхимын дарга, орлогч нарыг сонгох, батлах”  заалтууд нь ТББ-ын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэдгийг шүүхээс тогтоосон. Монголын шүүх анх удаа төрийн бус байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна гэдгийг нотоллоо. Өөрөөр хэлбэл, нэгж дээр Монгол Улсын хууль тогтоомж хэрхэн зөрчдөгийг шүүхээр нотлуулж чадлаа гэж бодож байна.

-С.Дэмбэрэл даргатай  таныг муудалцаад байна гэж хүмүүс ойлгосон?

-МҮХАҮТ-ын дүрэмд танхимын хяналтын тогтолцоо, бодлого гаргах  гээд бүх удирдлага нэг  хүний гарт төвлөрсөн нь хууль зөрчиж байна гэсэн үндэслэлээр л шүүхэд хандсан. Түүнээс биш С.Дэмбэрэл  даргыг шүүхэд өгсөн юм биш шүү дээ.

-Саяхан, Ахмадын баярын өмнөхөн Засгийн газар цалин, тэтгэвэр тэтгэмжийг 53 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Үүгээр зогсохгүй хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хүний хөгжил сан”-гаас нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор боллоо. Засгийн газар сонгуулийн өмнөхөн тэрбум, тэрбумаар нь цацах төсвийг УИХ-д өргөн барьсныг та юу гэж дүгнэж байна?

-УИХ-аас баталсан урьд өмнөх сонгуулийн жилийн төсвийг та үзээрэй дээ. Тэндээс сонгуулийн жилийн улсын төсвийг хэр их халамж, хайраар дүүргэдгийг нь олж мэдэх байх. 2012 оны төсөв ирэх жилийн сонгуульд зориулагдсан төсөв болсон байна лээ.  Мэдээж, үүнд Засгийн газрыг буруутгах аргагүй юм. С.Батболдын Засгийн газар “Бид Эх орны хишиг” өгнө гэсэн амлалтыг иргэдэд өгөөгүй. Улстөрчдийн сонгуулиар амласан амлалтыг биелүүлэхийн тулд УИХ-ынхны зовлонг өөрсдөд нь үүрүүлж байгаа нэг ёсны дипломат арга. Халамж нь хэтэрсэн төсвийг батална уу, байна уу, та нарын хэрэг гээд ацаглачихаж байгаа хэрэг.  Мэдээж, өмнөх сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд улстөрчид энэ төсвийг баталж таараа. Энэ мөнгийг тэнгэрээс шүүрдээд олох уу, газар малтаад  олох уу гэдгээ УИХ өөрсдөө шийд гээд Засгийн газар эвтэйхэн аргаар өөрсдөд нь даалгачихаж  байна  л даа. Шулуухан хэлэхэд УИХ-д өөрсдийнх нь лайг үүрүүлэх л төсөв болжээ гэж  би дүгнэсэн. Сонгуулийн өмнөх жил төсөв батлуулахдаа зоригтой байж чадсан ганцхан Ерөнхий сайдыг би мэдэх юм. Тэр нь П.Жасрай гуай. 1995 онд 1996 оны, сонгуулийн жилийн төсвийг батлуулахдаа Засгийн мөнгө тусдаа, намын мөнгө тусдаа гээд намдаа мөнгө өгөөгүй  юм. П.Жасрай гуай энэ зарчим дээрээ бат зогссон л доо. Тэр сонгуулиар МАХН ялагдаж байсан юм.  Эдийн засагч хүний хувьд  улс орныхоо эдийн засгийн бодож, эдийн засгийнхаа гол зарчмыг л барьж ажилласан явдал энэ л байсан юм.

-Ирэх жил мөнгөөр бороо ороод ирэхээр эдийн засагт хямрал гарах вий гэсэн эмзэглэл иргэдэд байгаа.  Тэр тусмаа энэ их мөнгийг тараахын тулд  баахан төгрөг хэвлээд мөнгөний ханш уначихаж магадгүй гэсэн айдас байна.  Засгийн газар энэ мөнгийг хаанаас, яаж олж тараах гэж байгаа юм бол?

-Байгалийн баялгаас олсон мөнгөө иргэддээ ижил тэгш хэмжээгээр хувааж байгаа юм биш. Зальтай улстөрчид иргэдийн татварын мөнгийг л эргээд өөрсдөд нь Эх орны хишиг нэрээр тараачихаж байгаа юм. Мөнгө нэмж хэвлэх үү, үгүй юу гэдгийг Монголбанк эрх үүргийнхээ хүрээнд шийддэг.  Монголбанкнаас оруулж ирж байгаа мөнгөний бодлоготой сайн танилцах хэрэгтэй.  Монголбанкнаас УИХ-д оруулж ирж байгаа мөнгөний бодлогоос макро эдийн засагт барьж буй бодлого тодорхой харагдах ёстой.  Өөрөөр хэлбэл, мөнгө нэмж хэвлэх үү үгүй юу, мөнгөний ханш унагах уу үгүй юу гэдэг дээр Монголбанк хатуу зогсч чадвал эдийн засагт хямрал үүсэхгүй.  Засгийн газар татвараар олсон мөнгөө  л тараахаар төлөвлөж байгаа болов уу гэж бодож байна. Мэдээж, иргэн бүрт сар бүр тараадаг 21 мянган төгрөгөөс болж эдийн засаг хэрхэн хямарсан билээ. Гэтэл одоо нэг саяыг тараах гэж байна шүү дээ. Тодорхой хэмжээний хямрал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хямрал гарахгүй ч байж болно. Өнөөдрийн тухайд эх орноо “ломбард”-чихаад  иргэддээ мөнгө тараагаад байгаа юм. Түүнээс биш баялаг бүтээгээд, бүтээсэн баялгаасаа олсон ашгаа хувааж, хуваарилж байгаа юм биш.  Зөвхөн Монгол гэлтгүй аль ч улс орны улстөрчид сонгуулийн өмнө ийм амлалт өгдөг юм билээ.  Гэхдээ манай намуудын амлалт арай дэндүү. Эдийн засгийг  сүйрүүлэх шахсан, зарим талаас нь харахад бүр галзуурмаар. Болдог бол улстөрчид иргэддээ хандаж, “Эх орны хишиг” тараах нь эдийн засагт хортой юм байна, уучлаарай гэж хэлэх зориг зүрхтэй байх ёстой.   Даанч манай улстөрчдөд тийм зориг алга.  

-Дэлхийн улс орнууд төсвөө танаж “бүсээ чангалаад” байдаг. Харин манайхан халамжийг хавтгайруулаад л. Сонгуулийн амлалтаас болсон эдийн засгийн халалт эргээд хямралд хүргэж болзошгүй?

-Хэрвээ Засгийн газар асуудлыг ухаалгаар зохицуулаад, Сангийн сайд гүйлгээ ухаантай байж чадвал  эдийн засгийн хямралд хүргэхгүй Эх орны хишгийг тараачихаж болно. Өнөөдрийн хувьд Тавантолгойн ордоо барьцаанд таван жилээр тавьчихаад л мөнгө тарааж байна.  Ичсэн хүн чих огтолно гэгчээр улстөрчид наашаа харж инээж цаашаа харж “хулгайлж” байгаад л өгөх нь тодорхой.  Миний хувьд Засгийн газар улстөрчид дээр тоглолт хийх гээд л өөрсдөд нь ацаглачихсан нь зөв гэж бодож байна.

-Яагаад Засгийн газар, Сангийн сайдын гүйлгээ ухаанаас асуудал шийдэгдэнэ гэж. Тэдэн тийм бололцоо байна уу?

-Засгийн газар цэцэн бэрийн нүүдэл хийж чадвал боломж бий. Одоо бол Засгийн газар гурван тэрбум ам.долларын төсвийг л ярилцаж байна. Харин манай улсын дотоодод эргэлдэж байгаа нийт мөнгө 16-17 тэрбум ам.доллар.  Үүнээсээ жаахан мөнгө аваад тараавал асуудал гарахгүй. Жишээлбэл, Засгийн газрын хөрвөх бонд, хувьцаа хэлбэрээр олгож болно. Иргэдийн хувьцааны тухай ойлголт сайжирч, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож болох юм.  Иргэдэд өгсөн Засгийн газрын бонд юм уу, хувьцааг нь компаниуд худалдаж авна. Тэгэхээр Засгийн газар компаниудын халааснаас мөнгө гаргаад л асуудлыг шийдэж болох нэг гарц байгаа. Харин бэлнээр тараавал хямрал нүүрлэхгүй гэж хэлэхэд хэцүү. 2009 оны хямралыг давахад Татварын багц хуулиуд их тус болсон. Татварыг бууруулж, Татварын өршөөлийн хуулийг гаргаснаар татварын биелэлт бүр 150-д хүрсэн шүү дээ.  Тэр үед иргэдийн хадгаламж 150 тэрбум төгрөг байсан бол 450 тэрбум төгрөгт хүрч байлаа.  Энэ бол яах аргагүй ухаантай бодлого байсан. Гэхдээ улстөрчдийн сайных биш. Тухайн үед УИХ-ынхан өөрсдөө ч учраа ойлгохгүй, хямрал юу болоод өнгөрөв өө гэх маягтай сууцгааж байсан шүү дээ.

-Тэгээд татварыг дахин бууруулах ёстой гэж үү?

-Үгүй. Энэ бол татварын байж болох хамгийн сайн хувилбар. Аравхан хувийн татвар төлөөд бизнес хийж чадахгүй бол уучлаарай л гэмээр байна. Гадныхан Монголын татвар өндөр байна гээд “Дисковер Монголиа” арга хэмжээний үеэр ярьж байна лээ.  Үнэндээ “яг ш тээ”, тийм биз дээ. Хэрвээ 2006 оных шиг татвар төлдөг байсан бол яана.  Үүнээс гадна дэлхийд бас нэгэн санаа зовоосон асуудал өрнөж байгааг монголчууд үл тоомсорлож болохгүй.  

-Ямар асуудал?

-Еврогийн  ханш өдрөөс өдөрт суларсаар байна. Евро бүсийн орнууд Грек гэдэг чиргүүлээ хаяж, усан онгоцоо  аврах л хэрэг гарч магадгүй болоод байна. Үүнээс үүдээд 2009 оны өвөл Монголын эдийн засагт тохиосон асуудал дахин нүүрлэх вий гэсэн эмзэглэл байгааг нуугаад  яахав. Тэгэхэд   ам.долларын нийлүүлэлт багассанаас болж нэг ам.доллар 1700 төгрөгтэй тэнцсэн. Тухайн үед макро төвшинд юу болсон бэ гэхээр 2008 онд зэсийн үнийг хамгийн өндөр ханшаар 7000 ам.доллараар тооцоод урьдчилгаа мөнгө гадаадаас зээлчихсэн байсан. Гэтэл   зэсийн үнэ хоёр дахин буурч, 3000 ам.долларт болтлоо унаснаас болоод “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг хэдэн сар үнэгүй гадагшаа зөөсөн. Үүнээс болоод ам.долларын дутагдалд орж, нэг ам.доллар нь 1700 төгрөгт хүрсэн юм. Манай томчууд макро эдийн засагт гарсан  энэ асуудлыг ор тас нуугаад хэдэн ченжээ буруутгаад л өнгөрсөн шүү дээ. Ийм явдал дахиад гарах вий гэж л айж байна. Учир нь өнөөдөр зэсийн үнэ 9000 ам.доллараас шууд 6000 ам.доллар болтлоо уналаа. Манай Засгийн газар хоёр гурван сарын өмнөх зээлээ авахдаа зэсийн ханшийг 9000 ам.доллараар тооцсон бол валютын хомсдолд орж болзошгүй.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгой төслийг Засгийн газарт буцаасан. Шалтгаан нь УИХ-ын 39,40 дүгээр тогтоолыг биелүүлэх.  “Монгол 999 нэгдэл”-ийн зүгээс  Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэнд 39 дүгээр тогтоолоо биелүүл гэсэн шаардлага тавьж байсан шүү дээ?

-УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх нь хамгийн зөв үйлдвэл. УИХ-аас нэгэнтээ л баталсан юм бол үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. 39 дүгээр тогтоолыг биелүүлэх тйим хэцүү биш шүү дээ.  Хөрөнгө хаанаас босгох вэ, яаж компаниа босгох вэ гэдэг асуудлаас л бүгдийг эхлэх ёстой.  Харамсалтай нь, Тавантолгой төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ажлыг хэсгийнхэн 39 дүгээр тогтоолыг эхнээс нь биш сүүлээс нь хэрэгжүүлсэн л дээ. Уг нь эхлээд “Эрдэнэс Тавантолгой” компаниа хуулийн дагуу байгуулах учиртай байсан. Хамгийн наад захын энэ жишээ зөрчигдөж, тээр хойно хэл ам болж байж компаниа байгуулсан биз дээ.  Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийг нь тогтоож, иргэддээ 10 хувийг нь үнэгүй тараах, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарж мөнгө босгох  байсан юм.  Хэрвээ компаниудад 10 хувийг нь нэрлэсэн үнээр нь зарсан бол 400-500 тэрбум төгрөг “уже” босчихсон байх байлаа. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 1,6 тэрбум ам.доллар шаардлагатай шүү дээ.  Үүнийг 25 хувийг нь дотоодын компаниудаас бүрэн гаргуулчих боломж байсан.  Аж ахуйн нэгжүүд ямар зүгээр авах гэж байгаа биш?

-Зарим гишүүд иргэдэд үнэгүй өгч байгаа 536 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаан дээрээ нэмээд дахиад 536 ширхэгийг үнэгүй тараах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа шүү дээ?

-Үүн шиг тэнэг зүйл байхгүй. Хэрвээ иргэдэд үнэгүй 1072 ширхэг хувьцаа өгөх юм бол зүгээр л цаас болно.  Ингэх нь хэн нэгэнд ашигтай байх л даа. Учир нь томоохон хувьцаа эзэмшигчийн хяналтгүйгээр мөнгө идэх, зарцуулах боломжтой болно гэсэн үг. Нэг хувьцаа эзэмшигч ямар ч үнэ цэнэгүй шүү дээ. Аж ахуйн нэгжүүдэд хэрвээ нэрлэсэн үнээр нь 10 хувийг нь зарвал хүссэн хүсээгүй “Эрдэнэс Тавантолгой”-н орлого, зарлага олон нийтэд ил тод болно. Хяналтын тогтолцоо үйлчилнэ. Ер нь бол иргэд ч гэсэн 10 хувиа нэгтгэж нэг том хувьцаа эзэмшигчийн төлөөлөл болох ёстой. Ингэвэл ядаж л компанийн ТУЗ-д төлөөллөө оруулж болно шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг худалдсанаар Монголын аж ахуйн нэгж үнэ цэнэтэй болно.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны  нэрлэсэн үнэ өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй байгаа. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар  хавар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнэ 1000 төгрөг байж болох юм гэж ярьж байсан?

-Компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоогоогүй байна гэдэг цаана нь маш том асуудал явагдаж байж болно. Хэн нэгэнд ашигтай байх ч юм уу. Нэрлэсэн үнэ нь тогтоогдож, хөрөнгийн зах зээлээс “Эрдэнэс Тавантолгой” мөнгө босгож чадахгүй байх тусмаа цаг хожино.

-Хэнд гэж?

-Хэнд гэдэг нь бүгдэд нь тодорхой шүү дээ. Ер нь бол Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал түүхийн хувь заяаны шоглоом болчихоод байгаа юм биш байгаа гэж харж байгаа. 1913 онд Монголын оролцоогүйгээр Орос, Хятад хоёр нийлж байгаад асуудлыг нь шийдсэн шиг бараг 100 жилийн дараа Монгол Улсын эдийн засгийн  баталгаа болсон томоохон ордын хувь заяаг АНУ, Хятад, ОХУ гээд их гүрнүүд Монголын оролцоогүйгээр шийдчихлээ.  Монгол дөнгөж 18-хан хувийг эзэмших үгүйтэй л үлдэж байгаа юм биш үү. Тавантолгой бол Монголын эдийн засгийн баталгаа гэдгийг мэдэхгүй дээ л монголчууд ийм зүйл хийв гэж дээ.  Би бол бүр нүүрсний тухай бодлого, хуультай болох ёстой гэж боддог. Нүүрс бол эрдэс баялаг гэхээсээ илүү түүхий эд. Нүүрснээс маш олон төрлийн  бүтээгдэхүүн гаргаж авдаг. Үүнийгээ түүхийгээр нь Хятад руу 70 ам.доллараар зарах нь хэр ашигтай юм бол.  Японы Элчин сайд хэлсэн шүү дээ. “Та нарт сайн чанарын нүүрс байна. Бидэнд сайн чанарын технологи байна. Хамтарч ажиллая” гэж. Үнэндээ коксжсон нүүрсний хэрэглээгээрээ Япон толгой цохидог. Японы коксжсон нүүрсний хэрэглээ 40 хувь, Өмнөд Солонгосынх 20 хувь. Гэтэл Хятадын дөнгөж есөн хувь.  Хятадууд Монголоос хямдхан коксжсон нүүрс худалдаж аваад түүнийгээ баяжуулаад Япон, Солонгост өндөр үнээр зарж байна.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг өөрчилж, Монгол Улсын эзэмших хувийг 50 хүргэхээр тэмцэл өрнүүлж эхэллээ. Үнэхээр  тийм боломж байгаа вэ, гэрээг  боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан хүний хувьд тань асууж байна?

-Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө боловсруулах ажилд би нөхдийнхөө хамт маш идэвхтэй оролцсон. Ажлын хэсэгт багтаж ажилласан.  Гэрээ батлагдаад нэгэнтээ ажил эхлээд явж байхад элдвийн юм ярьж байгаа зарим гишүүдийг би ойлгохгүй байгаа. Гэрээ боловсруулж байх явцад нь гэрээг өөрчилье гээд байгаа УИХ-ын нэр бүхий 20 гишүүний долоо нь  энэ талаар санаа бодлоо хуваалцдаг байсан. Бусад нь гэрээг сонирхдог ч үгүй, зай барьдаг байсан шүү дээ. Гэнэт эх орончийн дүр эсгээд байгааг би ирэх сонгуулийн PR нь л явж байгаа юм болов уу гэж хардаж байна.  Үнэхээр тийм л асуудал байсан юм бол тухайн үед ярьж хөөрч, санал бодлоо илэрхийлэхгүй яасан юм. Тэгээд ч ийм гэрээг баталж болно гэж УИХ өөрөө зөвшөөрөл олгосон биз дээ. Гэрээг өөрчлөх асуудал УИХ-д бүрэн нээлттэй байгаа.  Ашигт малтмалын хуулийн 29 дүгээр зүйл энэ бол УИХ-ын бүрэн эрхэнд байх гэрээ гээд заачихсан бий. Гэрээг өөрчлөх асуудал тавих нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал байж болно. Гэхдээ өнөөдөр гэрээг өөрчлөх асуудлыг хөндөх хэрэггүй биз.  Эхлээд үйлдвэрээ бариг. Нэг хоёр жил ажиллахыг нь харъя. Тэр үед янз бүрийн асуулга тавьж болно.  Манайхан их сонин. “Айвенхоу майнз”-ын хувьцааны ханш унаад байна гэж шүүмжлээд байна лээ. Тэртээ тэргүй дэлхийн  хөрөнгийн бирж дээр байгаа бүх индекс унаж байгаа. Ганцхан “Айвенхоу майнз”-ынх унаад байгаа юм биш.

Ж.НЯМСҮРЭН /тоймч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж