Бүтээн байгуулалтад бүдэрсэн минь

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтад бүдэрсэн минь

Цонхоор хар. Цаана нь бүтээн байгуулалт болж байна гэж “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал Тогтохбаяр хэллээ…

Цонхоор
нь харлаа. Кэмпийн гэж нутгийнхан ярьдаг уурхайн гэрүүдээс утаа
суунаглаж харагдана. Цаашханаа нүдээ бэлчээвэл баялгийг маань тонн
тонноор зөөх хүнд даацын машин хөрс, шороог хуу татах шиг тоос татуулан
давхина.  Түүнтэй уулзахаас өмнө,

-Ээ дээ, цаад компани чинь
оруулах болов уу даа. Харуул, хамгаалагч нь харьцаа муутай. Дарга нар л
гэхээс энгийн иргэд ороход хэцүү шүү… гэж нутгийн иргэд “Алтайн хүдэр”
компанийн уурхайн тухай ярьсан юм. Харин намайг оруулсан. Хамгаалагчтай
нь уулзаад учир явдлаа хэллээ,

-“Ардын эрх” сониноос сурвалжлагаар явж байна. Дотогш орох гэсэн юм.

-Хаанаас
гэнэ ээ. Хотоос тэгээд манай компа­нийг сурвалжлахаар ирсэн хэрэг үү.
Яг юу болсон юм. Ямар нэгэн хэрэг гараа юу гэх хамгаалагчид ч манийг
оруулах янз алга. Гуйлаа шүү…

-Олон нийтийн мэдээлэл хариуцсан хүнтэй чинь уулзаж, асууж, тодруулах зүйл байна. Удахгүй л байх.

-Яг юу асуух гэсэн юм?

Эхнээс
нь тайлбарлаж гарлаа. Асуух зүйлээ нэгд, нэгэнгүй тайлбарлаад дотогш
нэвтрэх “эрхийн бичгээр” сая нэг “шагнуулав”. Уулзах хүнтэйгээ уулзахад,
өмнөөс “Яах гээд байгаа юм бол” гэсэн шиг эргүүлж, тойруулан ажиглана.
Түүнийгээ нуух гэсэн бололтой тоомжиргүй харцаар харсан эрхмийг “Алтайн
хүдэр” компанийн Мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Уул
гэдэг. “Сайн байна уу” гэсэн биш гай болов гэгчээр ганц, нэг зүйл
асууснаар бидний хооронд чамгүй маргаан дэгдэв ээ. Уг нь “Алтайн хүдэр”
рүү очихоос өмнө веб сайттай нь танилцаж, хэвлэл мэдээллээр тус
компанийн тухай юу гарсныг харсан юм. Уул уурхайн хариуцлагатай байдал,
байгаль орчинд ээлтэй, бүс орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр
оруулсан, Засгийн газартай сайхан харилцаатай гээд л… Ер нь бүх юм
бидний хэлдгээр “окей” шүү. Тиймээс ч эндээс очихдоо их сайхнаар төсөөлж
байсныг нь яана. Гэтэл бодит байдал дээр 20 метрийн цаадах харагдахгүй
тоос, шороо, амьтан байтугай хүн амьдрах нөхцөлгүй, ёстой л “там” гэмээр
газар болж. Уг нь хэдхэн жилийн өмнө айл өвөлжиж, мал бэлчээрлэдэг
сайхан нутаг байж билээ. Тиймээс л тэрийг нь хэлэхээр хэвлэл хариуцсан
дарга уурласан хэрэг.

-Танай компани чинь хэвлэлд гарч,
сайтдаа байрлуулсан мэдээлэл шигээ сайхан биш л юм байна шүү дээ, бодит
байдал дээр гэчихсэн минь буруутлаа.

-Асуудалгүй байгууллага
гэж байдаггүй юм. Хаанаас, хэний захиалгаар явж байна, чи гээд л
“байцаалт” эхлэв. Түүний хажуугаас  “Та хаанаас ирсэн болоод манай
байгууллагын дотоод асуудалд оролцоод байгаа нөхөр вэ? Ярьж, хэлж
байгаагаа бодолцвол яадаг юм. Бодит байдал дээр ийм байна энэ тэр гээд
үнэлэлт, дүгнэлт өгдөг хэн бэ” хэмээн “Алтайн хүдэр” компанийн дэд
захирал н.Тогтохбаяр буулгаж гарлаа. Хаалга онгойж “Алтайн хүдэр”
уурхайн дэд захирал н.Баярсайхан орж ирснээр 1:3-ийн харьцаатай бид ийн
маргав.

-Манай “Алтайн хүдэр” Монголын 100 хувийн хөрөнгө
оруулалттай тоотой хэдхэн компани. Говь-Алтай аймгийн төсөвт жилд 10
тэрбум төгрөг өгч, түүгээр бүх сум санхүүждэг. Цээл сумын төсвийг
дангаар бүрдүүлж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой ач
холбогдол өгөн хөрөнгө санхүүгийн бүхий л туслалцаа үзүүлдэг. Одоо
баригдах хоёр давхар эмнэлгийн дотоод тохижилтыг манай компани хариуцна.
/Эмнэлгийн тухайд орон нутгийн удирдлагууд өөр хариулт өгсөн. Төсвийн
хөрөнгөөр бүхнийг хийх юм гэсэн. Энэ талаар өмнөх сурвалжлагаас үзнэ үү/
Наадам гэх мэт баяр ёслолд зарцуулах мөнгө нэхвэл бид чадахгүй гэсэн
хариу өгдөг. Татвар, газрын төлбөрөө хугацаанд төлж, бүс орон нутгийг
хөгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Чи худлаа гэвэл
сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нараас асуу. Тоосжилтын хэмжээ
ихэссэн. Гадаадаас нэг бүр нь сая ам.долларын үнэтэй тоос баригч
суурилуулж байна. Манай жолооч нар гэхэд мянган ам.долларын цалин авдаг.
Монголд хаа ч байхгүй цалин. Уурхайгаас БНХАУ-ын хил хүртэлх 168 км
замыг сайжруулан хатуу хучилттай болгохоор ажил эхэлсэн. Үүнд 80 сая
ам.долларын төсөл боловсрууллаа. Бид хүдрээ байнга гадагшаа зөөхгүй.
Удахгүй Монголдоо төмрийн хүдрээ боловсруулж, ширэм, гангийн үйлдвэр
барина. Бид бүтээн байгуулалт хийж байна.

-Тэгвэл нутгийн
иргэд сум орон нутагт юу ч хийхгүй байна. Ядахдаа сумын төвөө 24 цагийн
цахилгаантай болгоод өгчихвөл хөгжил, дэвшил ирнэ гэж ярих юм байна лээ.
Бусад сумдтай харьцуулахад Цээл сум хөгжил муутай харагдах юм?

-Улс
70, 80 жилийн турш шийдэж өгөхгүй байгаа зүйлийг манай компани яахаараа
шийдэх ёстой юм. Танай /Цээл сумыг хэлж байна/ эрчим хүчний “ямбий”
моторыг шинэчлэхээр ажиллаж байгаа. Манай компани сард таван тонн
дизелийн түлш уурхайгаас гаргаж өгнө. Сум орон хөгжихгүй байгааг манай
компаниас шалтгаалсан гэж болохгүй.  

-Хуулиараа уул уурхайн компаниуд бүс орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гээд заачихсан болохоор л ингэж асуусан юм?

-Хуульд
бол тийм зүйл заалт байхгүй. Харин хариуцлагатай уул уурхай гэсэн
ойлголтод хамаардаг юм. Тэгээд ч бид татвар, газрын төлбөр, ус гээд
бүхий л татвараа хугацаанд төлөөд явж байгаа. Манай компанид тулгарч буй
бэрхшээлтэй асуудал олон. Гэхдээ бид шийдэж чаддаг.  

-Тухайн
орон нутгийн ашигт малтмалыг ашиглаж, орлого олж байна. Зарим нэг
компаниуд үүнийхээ төлөө ард түмэнд нь хувь хишиг хүртээж, орон нутгийг
хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг шүү дээ. Танай компани энэ талаар
ямар байр сууринаас ханддаг бол?

-Манайх анх хайгуул, олборлолт хийхдээ энэ нутагт амьдардаг айл өрхүүдээс буудал, бууцыг нь худалдаж авсан.

-За?

-Хангалттай
мөнгө төгрөгийг төлсөн. Одоо тэдгээр иргэдээс санал гомдол ирдэггүй.
Харин тэдэнд огт хамаагүй хүмүүс нутаг, ус сүйтгэлээ гээд ярьдаг. Бид
зохих хууль, дүрмийн дагуу л ажилласан. Хойшид ч мөн ингэж ажиллана.
Цээл сумын иргэдийг Өмнөговийн Цогтцэций, Мандал зэрэг сумуудаар
туршлага судлуулсан. Нүүлгэх талаар санал асуулга явуулж, одоо байгаа
Цахир хаднаас “салгаад” өгье. Дэд бүтцийг нь шийдээд өгье гэсэн.
Нүүгээгүй. Өөр яах билээ.

-Уурхай ажилчдын эрүүл мэндэд хэрхэн анхаардаг юм бол? Ийм их тоос, шороотой орчинд ажиллахад эрүүл мэндэд хортой л байх?

-Төмрийн
хүдэр гэдэг хүний биед ямар ч хөнөөл үзүүлдэггүйгээрээ гайхамшигтай
бодис. Тоосжилтын асуудлыг удахгүй шийднэ. Эрүүл мэндийн үзлэгт ажилчдаа
саяхан хамруулсан. Хариу нь одоогоор гараагүй байна. Монголчууд хэдэн
төгрөг олохын төлөө Солонгос руу гарч, хамгийн хүнд хүчир ажил хийдэг
байсан бол “Алтайн хүдэр” компани, өндөр цалин өгөөд ажилчдаа эн
тэргүүнд тавьдаг. Нутгийн иргэдийн аль мэдлэгтэй мэргэжилтэй гэх бүхнийг
татаж ажил хийлгэж байна. Даан ч Цээл сумынхан дэндүү залхуу. Малчид нь
яг үнэндээ уул уурхайд ажиллах хэцүү. Нүд нь “аниатай”, харанхуй,
бүдүүлэгдүү хүмүүс. Нутаг эвдэж, сүйтгэлээ гээд хэн нэгэн ярьчихвал бүгд
цаашаа хов, жив болгоод яриад эхэлнэ. Манай компанийн үйл ажиллагаа
жигдрээгүй, нээлтээ ч хийгээгүй байна.

-Хариуцлагатай уул
уурхай, ил тод байдал хэмээн ярьдаг болсон. Тэгвэл сум орон нутгийн ард
иргэд энэ уурхайд юу болоод байгааг мэдэхгүй. Шинээр төрийн бус
байгууллага байгуулаад төлөөлөгчдөөрөө дамжуулан албан бичиг хүргүүлсэн
гэдгээ тэдэнтэй уулзах үеэр хэлж байна лээ. Харин танайхан ямар ч
хариулт өгөөгүй гэсэн. Малчин, ард иргэдийн санал, шүүмжлэлийг авч,
хамтран ажиллавал зүгээр юм биш үү?

-Бид хувийн эрх нь
хөндөгдсөн хэдэн наймаачинтай тохиролцохгүй. Тэд бол Цээл сумын ард
иргэд биш. Засаг дарга, хурлын дарга нартай хамтарч ажилладаг. Түүнээс
биш захын нэг хүн “хуцахын” тоолонд асуудал болгож, цаг заваа үрмээргүй
байна.

Ийнхүү хэсэг хугацаанд ярилцлаа. Тус компанийн талаар
ямар нэгэн мэдээлэл гарвал шүүхэд хандана гэдгээ ярианы төгсгөлд онцолно
лээ. Бичлээ гэхэд нийтлүүлэхгүй байх бүх арга хэмжээг авч чаддаг юм
гэсэн. Тус уурхай анх олборлолт хийн, хүдрээ хил рүү Цээл сумын нутгаар
тээвэрлэж эхлэхэд нь малчид “Бэлчээрээр шороо, тоос босгон тээвэрлэлт
хийхээ зогсоо. Замаа янзал” хэмээн шаардлага тавьж, замыг нь хааж
байжээ. Тэр үед хатуу хучилттай зам барихаар болж, иргэд тэр болтол нь
хүлээхээр тохиролцсон юм гэсэн. Түүнээс хойш гурван жил гаруйн хугацаа
өнгөрсөн ч нөгөө л яриагаа ярьж, хэрүүлээ хийсээр байгаа нь энэ.
Ажилчдынх нь эрүүл мэндийн шинжилгээний хариу хэзээний ирсэн ч нууцалж
байгаа гэж уурхайчид хэлсэн. Ашиглалтад орох болоогүй болохоос уг нь зам
тавьж байгаа л харагдана лээ…

Тус компанийн
удирдлагуудтай удаан уулзвал Б.Ойнбилэг нэрээ ч мартаж магадгүй
санагдсан. “Монголын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг магт,
тэгвэл залуу сэтгүүлч хүний карьер улам өснө” гэж манийгаа “доргиож”,
уяраахаа мэднэ, цаадуул чинь.   Даанч Монголынхоо баялгийг түүхийгээр нь
тонн тонноор нь гадагш зөөж, өгөөгүй мөнгөө өгсөн, засахгүй эмнэлгээ
засна, бариагүй барилгаа барьсан гэж буй нөхдүүдийг  сонсчихоод худлаа
бичих хэцүү еэ.

“Худалч”-ийнхаас “пөөх бүтээн байгуулалт энэ үү”
гэж дуу алдсаар гарлаа. Хойноос “Хоол идээд яваач” гэж манай гурвын
дуугарах дуулдана лээ. Монгол хүний сайхан зан шүү. Гэхдээ хоол
идчихвэл  “Цээлийн дарга нар хоолондоо ирж байна” гэдэг шигээ ярихгүй юм
гэхэд аяга хоолоо авлига өгсөн тооцож мэдэх болохоор татгалзлаа. Сумын
удирдлагууд нэг удаа уурхайн хоол идсэнээс хойш “амташсан” болохоор
байнгын үзэгдэл болсон гэсэн. Энэ миний үг биш шүү. Нэрээ гаргахыг
хүсээгүй уурхайн нэг ажилтан хэлсэн юм.

Уурхайгаас гараад орон
нутгийн төрийн байгууллагын мэргэжилтэн, ард иргэдтэй уулзахад “Алтайн
хүдэр”-ийн гурван даргын хэлснийг эрс үгүйсгэлээ. Арван тэрбум төгрөг
өгч аймгийн төсвийн 93,4 хувийг бүрдүүлэх нь байтугай “Үйл ажиллагаа
муу, компани ашиггүй, алдагдалтай гарсан” гэх шалтгаанаар аймгийн төсөвт
өнгөрсөн жилд л гэхэд 175 сая төгрөг оруулжээ. Харин газрын төлбөр,
ашигт малтмалын татвар гэх мэт зүйл аймагт өр болон данслагджээ.
Монголын 100 хөрөнгө оруулалттай гэдэг ч худал аж. Германы “Дойче банк”
арав гаруй хувийг нь эзэмшдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Сураг
сонсохнээ, удахгүй тус компанийг худалдаж авахаар болсон гэнэ лээ.
Мэргэжилтнүүд “Танай компани хүдрийн чулуугаа бутлах төдийхнөөр
баяжуулалгүй БНХАУ руу гаргаж байна. Тэгэхээр энэ бол төмрийн хүдэр”
хэмээн оношлоод буцжээ. Монгол Улсад мөрдөж буй хуулиар төмрийн хүдрийг
баяжуулан  гаргавал түүхийгээр нь гаргаснаас бага татвар авдаг учраас
ийм заль хэрэглэдэг гэж албан эх сурвалж хэлж байна. Ер нь орон нутгийн
төр, захиргааны байгууллагынхан тус компанитай элдэв зарга үүсгэхээс
айдаг нь анзаарагдсан. Түүний хэлсэн үнэн бол “Алтайн хүдэр”
компанийнхан баяжуулсан нэрээр түүхий хүдрээ бутлаад экспортлодог болж
таарлаа. Гэхдээ энэ ярианы улмаас Засгийн газрыг шүүхэд өгсөн гэсэн.
Гэхдээ тэдний яриад байсан сумын “ямбий” моторын түлшийг аймгийн Эрчим
хүчний газраас хангадаг гэсэн, уучлаарай.

“Алтайн хүдэр”
компанийн хөрөнгө, санхүүгээр дэмжээд байгаа салбарууд нь Цээл сумын
хамгийн тулгамдсан асуудал болжээ. Хамгийн сонирхолтой нь Цээл сум
аймагтаа төдийгүй Монгол Улсад буй хуруу дарам цөөхөн “харанхуй” сумын
нэг хэвээр гэсэн үзүүлэлт байх. Ийм шалтгаанаар өнгөрсөн жил сумыг
нүүлгэх тухай санал асуулга болжээ. Ард иргэдийн 70 гаруй хувь нь
нүүхгүй гэж. Тэд “Алтайн хүдэр” компанийнхны яриад буй Цахир хаднаасаа
салахгүй гэсэндээ биш, “Алтайн хүдэр” компанийн салхин дор буухгүй
гэхдээ ингэж хэлсэн аж. Энэ мэт зөрчилдөх зүйл олон байна. Алинд нь
итгэх нь таны мэдэх асуудал… Газар дээрээс нь сурвалжлахад л ийм дүр
зураг харагдлаа даа…

Б.ОЙНБИЛЭГ

 "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж