Нум сум харвахын төлөө 20 янгир агнах зөвшөөрөл хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Нум сум харвахын төлөө 20 янгир агнах зөвшөөрөл хүсчээ

Засгийн газраас өн­гөрсөн есдүгээр сард “Нэн ховор болон ховор амьтдыг хамгаалах ту­хай хууль” баталсан. Мөн тэдгээр амьтдын тархац нутгийг улсын тусгай хамгаалалтанд авч, уугуул нутагт нь хамгаалан, сэргээн нутаг­шуу­лах тогтоол гаргасан аж.

Энэ шийдвэртэй холбоотойгоор Монголын үндэсний спор­тын наад­мын анхдугаар зөвлөлгөөн энэ оны тавдугаар сард Төрийн ор­донд гур­ван өдөр болж өндөрлөсөн. Тус зөв­лөлгөөнд УИХ болон Засгийн газрын гишүүд, холбогдох байгууллагын төлөөлөгчид, үндэсний спортоор хичээллэгчид, нум урлаачид оролцсон юм. Зөв­лөлгөөний үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа илтгэл тавьж “Хүн амын нийт 30 хувийг үндэсний спортод татан оролцуулна. Мөн тэдний 10 хувийг нь үндэсний сурын харваагаар хичээллүүлнэ. Түүнчлэн цэргийн анги, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн сургалтын хөтөлбөрт нум сумыг албан ёсоор оруулж, техник хэрэгслэлээр хан­га­хад анхаарах бол­но” хэмээн илт­гэлдээ онцолж байгаа.

Энэ үеэр хуралд хүрэлцэн ир­сэн харваачид, нум урлаачдаас тодорхой санал тавсан байна. Нум урлах эрдмээрээ нэлээд дээгүүрт тооцогддог Улсын мэргэн Ж.Сүхбаатар болон зарим нэгэн сур харвааны төлөөлөл сайдын хэл­сэн үгийг алдсангүй бололтой. Тэрбээр С.Лам­баа сайд, Биеийн тамир спортын газрын дарга Ч.На­ран­баатар нарт “Нум урлахад гол түүхий эд болох янгирын эврийг урагш Хятад руу хууль бусаар гаргаж байхын оронд уламжлалт сур харваагаа хөг­жүү­лэх энэ саналдаа тулгуурлаад нум урлаачдад 20 гаруй тооны янгир агнах зөвшөөрөл олгоно уу” хэмээх хүсэлт гаргажээ. Үүнийг нь ч тэд даруй шийдсэн сураг дуулдсан.

Нумыг ховор амьтад, ургамлын эд, эрхтэн оролцуулж бүтээдэг. Ту­хайл­бал янгир ямааны 80 см-ээс доош­гүй урттай эвэр, бод мал, буга, ханд­гайн мөч, зооны урт шөрмөс, загасны хайрс, мал загаснаас тусгайлан гаргаж авсан цавуу, хулс, өнгөлгөөнд загасны хайрс, могойн арьсыг ашиглаж хийдэг байна.

Янгирыг 2006 онд Монгол орны амьтдын “Улаан данс” номонд “Хо­вор болон ховордож болзошгүй” зэ­рэг­лэлд оруулсан аж. Зэрлэг ан амьт­дын тооллогыг найман жилд нэг удаа явуулдаг байна. Манай улс 2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр Биологийн хү­рээ­лэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Уулын туурайтны нөөцийн үнэлгээний газраас тооллого явуул­сан байдаг. Тус тооллогод манай улс 24 мянга орчим янгир ямаатай гэсэн дүн гарсан.

Гэтэл нум болон янгирын эврээр бизнес эрхлэгчид аль хэдийн нийгэмд байраа эзэлсэн нь нууц биш. Наад зах нь эвэр элэгтэй, шөр­мөсөн артай нум энэ жил 500 мянга хол давсан. Энэ онд олон түүхт ой дав­хар тохиож түүнд оролцох гэсэн хар­ваачдын тоо ч гэсэн олширсон. Мөн нум худалдан авах эрэлт ихсэж, сүүлдээ бүр олдохооргүй болсон аж.  Нум урлаач дотроос харьцангуй сайн хийдэг гэх Ж.Сүхбаатар гуайн нум бараг нэг сая шүргэсэн дуулдсан. Нэгэн за­луу харваач ярихдаа “Сүхбаатар гуайн нум ер олдохгүй байгаа. Би арай гэж хоёр нумаа зарж байж түүний хийсэн нумыг худалдан авлаа” гэсэн юм.

Харин 2011 оны хавраас эхлэн янгир ямааны үнэлгээ нэмэгджээ. Гад­ны жуулчдад Алтайн тэхийг агнахад 4500 ам.доллар, говийн тэхийг агна­хад 3960 ам.долларын хураамж төлө­хөөр болсон аж. Харин янгирын эко­логи, эдийн засгийн үнэлгээ нь нас хүй­сээсээ хамаарч 2-3.4 сая төгрөг хүрдэг юм байна.

ХАРВААЧ Ч ҮГҮЙ, ЯНГИР Ч ҮГҮЙ ҮЛДЭХ ВИЙ

Манай улсын эрийн гурван наад­мын нэг сурын харваа урианхай, халх, буриад гэсэн төрөлтэй. Мон­голын үндэсний сурын холбооны дүрэмд  “Заавал эвэр элэгтэй, шөрмө­сөн артай нумаар харвуулна” гэж заасан байгаа. Тэгэхээр С.Ламбаа сай­дын хэлсэн үг, энэ дүрэм хоёр шинэхэн баталсан “Нэн ховор болон ховор амьтдыг хамгаалах тухай” хуулийг зөрччихсөн байдаг. “Нийт хүн амын 10 хувийг үндэсний сурын харваагаар хичээллүүлнэ” гэж сайд зарласан. Манай улс өнгөрсөн жил хүн ам, орон сууцны улсын тооллого явуулсан. Үүнд хоёр сая 754.685 хүн амтай гэсэн дүн гарсан. Бидний 10 хувь нь сур харваагаар хичээллэхэд 275.468 харваач гарна. Тэгтэл янгирын тоо нь ердөө 24 мянга. Энэ тоо харваачдынхаа тооны хаана нь ч хүрэхгүй байгаа биз дээ. Багаар бодоод 275.468 хүний ядаж тал хувь нь харваач боллоо ч гэсэн тэр хүрэхгүй. Эцэст нь харваач ч гүй, янгир ч үгүй үлдэх нь бололтой, Монгол Улс…

ИНГЭЖ ЗУГААЦАЖ БОЛОХГҮЙ

 Амьтны эрхийг хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн янгирын эв­рээр нум хийхийг эрс эсэргүүцдэг аж. Тэрбээр энэ тухайгаа “Эрийн гурван наад­маар зугаацахдаа ингэж авирлаж болохгүй. Дээр үед юм хөгжөөгүй байхад хүмүүс янгирын эврээр нум хийдэг байсан байж болно. Нэгнийх нь тоглоом байхад нөгөөгийнх нь зовлон байж болохгүй. Дэлхий нийтээрээ ан амьтны эд эрхтэнийг ашиглахыг хориглочихоод байхад манай улс тоглоом наадамдаа амьтдыг сийчиж, эд эрхтэнийг нь  ашиглаж болох уу. Наадамдаа биш юмаа гэхэд бэлтгэл сургуульдаа хуванцар болон бусад эд материалаар хийсэн нумаар харваж болно шүү дээ. Манайд тийм нум гараад зохиогчийн эрхээ авчихсан байгаа” гэсэн юм.


ХУВАНЦАР МОНГОЛ НУМ БҮТЭЭЖЭЭ

Үндэсний сурын спортын мастер Н.Даваадорж анх удаа эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумын хүчтэй энэ тэнцэхүйц хуванцар, шахмал мон­гол нум зохион бүтээжээ. Монгол нум гэж байгаагийн учир нь эвэр ну­­маас өнгө загвар, хүчний хувьд ялгаг­дахааргүй аж. Нум урлаач Н.Да­­ваадорж 2005 онд Оюуны өм­чийн газраас албан ёсны зохиогчийн эрхээ авч батал­гаа­жуулжээ. Уг нумыг одоогоор Уриан­хай, буриад сурд харвахыг зөвшөөрсөн байгаа аж. Их Монгол Улс бай­гуу­лагдсаны 800 жилийн ойгоор буюу 2006 онд үндэсний сурын улсын баяр наадамд түрүүлсэн Улсын мэргэн, спор­тын мастер Х.Болдбаатар, А.Хон­гор нар тус нумаар бэлтгэл хийж байр эзэлсэн аж.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж