Хүйтэн туйл дээрх ”хүйтэн дайн”

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Хүйтэн туйл дээрх ”хүйтэн дайн”

Нэгэн үе шайбтай хоккейн амжил­таараа дэлхийд манлайлахын төлөө өрсөлдөж
мөсөн талбай дээр чухам л гал гаргасан тулаан өрнүүлдэг хоёр том улс
байсан нь Орос Канад хоёр юм. Өнөө цагт энэ хоёр орны хоккейн спорт дахь
сөргөлдөөн урьдахаасаа намжсан ч харин өөр нэг мөсөн талбар дээрхи
тулаан улам хүчээ авч байгаа бололтой. Мөсөн дээр тулж сурсан хүчирхэг
эдийн засаг бүхий эдгээр гүрнүүдийн ээлжит талбар нь Арктик буюу Хойд
туйл орчмын бүс нутаг болж байгаа ажээ. Орос болон Канадын нэр төрийг
хамгаалж зогсдог асан дайчин төрхтэй хоккейн домогт хаалгач нарын дүрийг
энэ удаа Арктикийн талбар дээр ноён Путин болон Канадын ерөнхий сайд
Харпер нар бүтээх цаг ирсэн бололтой.

Үнэндээ АНУ, Норвеги гэх мэт найман улс орон Арктик орчмын эзэмшилд
санаархаж байгаа ч өнөөдрийн байдлаар хамгийн том хэсэг нь Канад болон
ОХУ-д ноогдож байгаа юм. Одоогоор хоёр орны удирдагчид тус тусынхаа ашиг
сонирхлыг хамгаалж Арктикт цэрэг зэвсгээ нэгэнт илгээчихсэн байгаа
бөгөөд ийнхүү дэлхийн дайнаас хол хэмээн нээгдсэн цагаасаа хойш
тооцогдож ирсэн цас мөсний хязгаар нутаг хайгуулчдын биш харин орос,
канад цэргүүдийн гутлын таханд дэвсэгдэж эхэлжээ. 

Оросууд хоёр ч цэргийн бүлгийг Арктик руу илгээсэн гэж байгаа бол
Канадын цэргийн хүчин одоогоор Ф 35 загварын агаараас цохилт өгөх
зориулалттай 65 сөнөөгч онгоц болон найман харуул хамгаалалтын байлдааны
хөлөг онгоцыг тэнд байршуулжээ. Канадын тал Арктик дахь өөрийн
эзэмшлийн гэгдэх бүсэд түүхэндээ анх удаа цэргийн хээрийн сургууль хийж
амжаад байгаа юм. Энэ сургалтын үеэр Канадын цэргийн 1100 албан хаагч
оролцсон бөгөөд тэдний дотор агаарын замын аюулгүй байдлыг хангах
албаныхан ч оролцсон байна.

Нэгэнт л цэргийн анги бүлгүүд байрлаж өөрийн эзэмшлийг хамгаалж эхэлсэн
болохоор харилцан үл ойлголцох, шөргөлдөх үзэгдэл ч хэдийнээ бий болсон
аж. 2009 он болон 2010 онуудад Канадын сөнөөгч онгоцууд Оросын байлдааны
онгоцуудыг Арктик дахь өөрийн гэх эзэмшлийн бүсээсээ хөөн гаргасан
хэрэг явдал хэдэн ч удаа тохиосон байна. Тэгэхдээ бүр 2009 онд АНУ-ын
ерөнхийлөгчийг Канадын Арктик дахь эзэмшлийн нутгаар зочилж байх үед ийм
явдал болж байсан нь ноцтой шуугиан дэгдээж байсан юм.

Арктикийн хувьд хоёр их гүрэн нь хэмээгдэж байгаа Орос болон Канадын
хооронд хэрүүлийн алим болсон гол асуудал нь Ломоносовын нурууд хэмээх
1100 миль урттай усан доорхи зааг нутаг болоод байна. Энэ усан доорхи
уул нурууд нь Гренландаас Оросын нутгийг хүрч байдаг ажээ. Орос болон
Канадын талын аль аль нь энэ уул нурууд өөрсдийх нь газар нутгийн
үргэлжлэл болж байгаа гэдгийг батлахыг оролдсоор ирсэн байна.

НҮБ-ын зохих байгууллагад энэ талаар хоёр улс гомдол санал тавиад байгаа
бөгөөд энэ талаар тайлбар хийсэн Канадын Геологийн албаны ахлах эрдэм
шинжэлгээний ажилтан хэлэхдээ, “Тэд (оросууд) энэ уул нуруудыг өөрийн
оршиж байгаа тивийн үргэлжлэл гэж үздэг бол бид ч бас өөрийн тивийн
үргэлжлэл гэж үзсээр  ирсэн” гэж хэлжээ.

Нөгөө талаар Канадын засаг захиргаа тэр дундаа Хойд туйлд ойрхон орших
Квебек муж улсын захиргаанаас Арктик дахь Канадын эзэмшлийн эрхийг эдийн
засгийн бодит хөрөнгө оруулалтаар баталгаажуулахыг хичээсээр ирсэн
байна. Квебек мужийн захиргаа хойд хязгаарынхаа бүсэд сүүлийн 25 жилийн
хугацаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр 80 тэрбум ам.долларын санхүүжилт
хийсэн гэж баталж байгаа аж.

Мөн энэ 2011 онд уул уурхайн олборлолтын чиглэлээр тухайлан энэ нутагт
арван нэгэн томоохон төсөл хэрэгжүүлнэ гэж канадчууд зарлаад байгаа юм
байна. Эдгээр уул уурхайн төслүүдийн нийт зарлага 8.2 тэрбум ам.долларт
хүрнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна. Канадын компаниуд эдгээр
төслүүдийн бэлтгэл болгож Арктикийн хатуу ширүүн нөхцөлд олборлолт
явуулах арга туршлагаа бага багаар хруимтлуулаад эхэлжээ. Үүний зэрэгцээ
Торонтод төвтэй Канадын “Агрико Ийгл Майнз” компани Арктикийн
бүслүүрийн өмнөхөн талд гурван жилийн өмнөөс алт олборлож эхэлсэн билээ.

Хэдийгээр байгалийн хэцүү нөхцөлд олборлолт хийх нь хүлээгдэж байснаас
нь илүү зардал шаардсан ч алтны үнэ дэлхийд гаарч байгаа энэ үед
боломжтой ашиг олсоор байгаа бололтой. Ямар ч байсан тэдний олж байгаа
ашгийн ачаар Канадын хамгийн хойд муж болох Нунавутын эдийн засагт 12
хувийн өсөлт гарсан гэнэ. Мөн Канадын талаас өөрийн хойд нутаг орчмын
геологийн боломжит нөөцийн талаархи судалгаа бүхий газарзүйн зураг
боловсруулах ажилд 100 сая ам.долларыг зориулж байгаа гэнэ. Энэ газрын
зураг нь хувийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хийгдэж байгаа бөгөөд
бэлэн болмогц нь сонирхогч уул уурхайн болон газрын тосны компаниудад
үнэ төлбөргүй ашиглуулна гэж амлажээ.

Харин канадчуудын эдийн засгийн энэ идэвхтэй дайралтыг оросуудын хувьд
бараг л өдөөн хатгалга хэмээн үзэж байгаа бололтой. Тэд ч бас зүгээр
суусангүй. Сар гаруйхны өмнөөс дэлхийд алдартай олборлогч “Exxon Mobil
Corp” болон Оросын “Роснефть” концерн хамтарч Арктик дахь Оросын
эзэмшлийн хэсэгт газрын тосны хайгуул болон олборлолтыг хамтран явуулах
гэрээг байгуулж чадсан байна.

Мөн саяхан Оросын ерөнхий сайд Владимир Путин Исланд улсад айлчлах
үеэрээ Арктикт чиглэж байгаа Оросын сонирхол болон цаашдын эрмэлзлэлийн
талаар маш сонирхолтой санаануудаа дэлгэсэн байна. Тухайлбал Оросын
ерөнхий сайд Арктикаар дайрч өнгөрөх тээврийн зам нь ирээдүйд шинэ
“Суэцийн суваг” болох боломжтой гэсэн байна. Түүний хэлснээр бол Орос
улсын эдийн засгийн сонирхол Арктикийн ойр орчимд байгаа байгалийн
баялгийг олборлох төдийгөөр хязгаарлагдахгүй гэж ойлгуулжээ. Оросууд
өөрсдийн судалгаан дээр үндэслэн Арктикаар дайран өнгөрөх тээврийн зам
нь Ази болон Европ тивийг холбох хамгийн богино зам байх болно гэж
баталж байгаа юм.

Оросын ерөнхий сайдын хэлснээр бол Арктикаар дайран өнгөрөх хоёр тивийг
холбосон тээврийн зам нь одоогийн тээврийн замаас 30 хувь богино байгаа
нь асар их зардал болон цаг хугацааг хэмнэх ажээ. Энэ нь далайн аяллын
хэмжүүрээр бол дөрвөн мянга гаран миль урт замыг товчилно гэсэн үг аж.
Эрдэмтдийн судалгаагаар бол цаг уурын өөрчлөлт, дулааралтаас болж зуны
улиралд Арктик орчмын усан зам бүхэлдээ мөснөөс чөлөөлөгдөж байгаа нь ч
тус бүс нутаг Европ болон Ази Номхон далайн орнуудын хооронд хамгийн ойр
тээврийн зам болно гэх таамгийг баталж байна.

Үүний зэрэгцээ өнгөрөгч наймдугаар сард АНУ-аас Тайланд руу ачаа
тээвэрлэсэн хөлөг онгоц Арктикийг дайрсан энэ замаар наймхан хоногт
зорьсондоо хүрсэн нь дээд амжилт тогтоож цаашдаа далайн тээврийн
ирээдүйтэй чиглэл болохыг баталсан аж. Мөн Оросын “үлэмж биет” тээврийн
онгоц 120 мянган тонн хийн түлшний холимгийг Арктикаар дамжин
зөөвөрлөсөн нь хамгийн том ачаа тээвэрлэлт болон тэмдэглэгджээ. Энэ
мэтээр оросууд Арктикийн бүсийг ба нэгэн бизнесийн шинэ боломж болгон
ашиглахад бэлдэж эхэлжээ. 

Хэрэв Арктикаар дамжин өнгөрөх тээврийн зам үнэхээр хүлээгдэж байгаа
найдлагад нийцэхээр эдийн засгийн хэмнэлттэй боломж болж чадвал эрчим
хүчний түүхий эдийн улам бүр өсч байгаа үлэмж хэрэглээтэй Хятад улсад
өөрийн түүхий эдийг хурдан бөгөөд хямд өртгөөр нийлүүлэх боломж юуны
өмнө Оросуудад бий болохоор байна. Иймд саалиа бэлдэхээр саваа бэлдэхийн
үлгэрээр оросууд ирэх арван жилд нэг тэрбум гаран ам.долларын зардал
гаргаж цөмийн хөдөлгүүртэй гурван том усан онгоц болон дизель хөдөлгүүрт
мөс зүсэгч зургаан хөлөг онгоцыг үйлдвэрлэн ашиглахаар төлөвлөж байгаа
аж.

Тэгвэл Хойд туйлын орчим болон Арктикийн бүсэд цэргийн оролцоо бий болж
байгаад санаа зовохын зэрэгцээ усан тээврийн замыг дагалдан гарч ирж
болох экологийн эрсдлийн талаар сэрэмжлэх гэдэг бас нэгэн зовнилыг
авчирч байгаа юм. Эрдэмтэд хэрэв өнгөрсөн жил Мексикийн буланд
асгарсантай адил хэмжээний газрын тос Арктик орчимд алдагдвал түүний хор
уршгийг арилгана гэдэг Бритиш Петролеумын гаргасан зардал, хүч
чармайлтаас хэд дахин их зүйлийг шаардаж болно гэж байгаа билээ.

М.НАСТ

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж