Төрийн түшээд ”21 мянга”-ыг одоо л анзаарч эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Төрийн түшээд ”21 мянга”-ыг одоо л анзаарч эхлэв

Миний хувьд Хүний хөгжил сангийнхаа мөнгийг сар бүр, болдоггүй юм аа гэхэд 2-3 сард нэг удаа авчихдаг. Тиймээс “Эх орны хишиг” олгож байгаа арилжааны банк 21 мянган төгрөгөөс минь хэдийг нь үйлчилснийхээ хөлсөнд суутгаж байгааг сайн мэддэг. Энэ оны эхний гурван сард 50 төгрөг суутгаж байсан бол одоо 350 төгрөг суутгаж авдаг болсон. Бүр 50 төгрөгийн суутгал авсан гурван сарынхаа 300 төгрөгийг суутгаж авсан удаа ч бий. Гэтэл иргэддээ уг мөнгийг өгнө гэж амласан эрхэм гишүүд сар бүр олгодог 21 мянган төгрөгөөс хэдийг нь суутгаж авдгийг саяхнаас л мэдсэн бөгөөд энэ асуудлыг анхааралдаа авахаар шийдээд байгаа ажээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон өчигдөр хуралдаж энэ талаар хэлэлцсэн юм. Учир нь УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд орон нутагт ажиллах үеэр иргэдээс 21 мянган төгрөг, суутгал, шимтгэлтэй холбоотой санал гомдол ихээр иржээ. УИХ-ын гишүүн Х.Арвин энэ талаарх мэдээллийг хийсэн. Тэрбээр “Иргэдээс Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо болон УИХ-ын гишүүдэд Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгтэй холбоотой санал, гомдол ирсээр байна. Тэд “350 төгрөгийн шимтгэл авч 20 мянга 650 төгрөг олгодог” гэж байна. Нэг хүнээс 350 төгрөг авдаг юм байна. Гэсэн ч 2.6 сая хүнээр бодоод үзэхэд сард 945 сая төгрөг, жилд 11 тэрбум 340 сая төгрөгийн татварыг иргэдээс авч байгаа гэсэн үг. Хадгаламж банкны дансанд ард иргэдээс сар бүр 350 төгрөг, Засгийн газраас үйлчилгээний хураамж гэж 100 төгрөг, нийт 450 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн байдаг юм байна.  Уг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас ард иргэдийн мөнгөнд гар хүрэлгүй 21 мянган төгрөг тараах бүрэн боломж бий гэж үзэж байна” хэмээн ярилаа. Мөн тэрбээр “Арилжааны банкуудад сонгон шалгаруулт хийхгүйгээр шууд Хадгаламж банктай гэрээ хийжээ. Иргэдэд 21 мянган төгрөг олгож болох олон арга зам бий. Үүнийг хийхгүйгээр ард иргэдийг чирэгдүүлж байна” гэж онцолсон юм. Тиймээс энэ сард олгох 21 мянган төгрөгөөс 350 төгрөг суутгахгүй байх, өмнө нь иргэдээс авсан 350 төгрөгийг нөхөн төлүүлэх, Хүний хөгжил сангийн мөнгө тараалтад шалгалт хийх, иргэдийн мөнгөнөөс хумсалсан дарга нарт хариуцлага тооцуулах саналтай байгаагаа байнгын хорооны хуралдааны үеэр  илэрхийлэв. Г.Баярсайхан гишүүн “Хувийн арилжааны банкуудын дунд тендер зарлаад хамгийн бага үнэ хэлсэнд нь 21 мянган төгрөг олгох эрх өгч болно гэж бодож байна. Төр иргэдийн халаас руу гараа дүрж байсан бол одоо шуугаа дүржээ” гэж ярилаа. Энэ асуудалд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас “Арилжааны банкууд Хүний хөгжил сангийн мөнгийг олгохоос татгалздаг. 12 банкинд санал тавьж үзсэн. Улс даяар салбартай хоёр банк л байгаа. Тэр нь ХААН болон Хадгаламж юм. Гэтэл ХААН банк иргэдээс авах шимтгэлийг нэмэгдүүлэх, зарим салбараараа 21 мянган төгрөг олгохгүй гэсэн саналыг удаа дараа гаргасан. Тиймээс Хадгаламж банкаар дамжуулж олгохоос өөр арга байхгүй” хэмээн хариулдаг билээ. Түүнчлэн Ч.Улаан гишүүн “Банк үйлчилгээнийхээ хөлсийг суутгаж авах нь зөв. Тэдэнд улсын төсвөөс мөнгө өгөөгүй бол шүү дээ. Хэрвээ иргэдэд мөнгийг нь буцааж өгөх гэж байгаа бол төсвийн тодотголд уг асуудлыг тусгах хэрэгтэй” гэж байсан. Ийнхүү 21 мянган төгрөгтэй холбоотой асуудал УИХ-ын гишүүдийн анхааралд сая л нэг оржээ. Харин уг мэдээллийг авсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан  өчигдөр зүгээр суугаагүй юм. Тэд  байнгын хорооны хуралдааны дараа энэ асуудлаар сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарласан. Хуралд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Х.Нямхүү, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар оролцсон. Х.Нямхүү сайд хамгийн эхэнд “Овоог нь өөрсдөө босгочихоод. Эрхэм гишүүд одоо ийм юм ярьж байна” гэж онцолж байна билээ. Мөн тэрбээр “Эрхэм гишүүд буруу ойлголт авсан байна. ХААН банк тэтгэвэр, тэтгэмжийг олгодог хэвээр үлдэхийг тулд гишүүдэд энэ мэт буруу ойлголт төрүүлэх мэдээлэл өгч байна” гэсэн юм. Харин дэд сайд Ч.Ганхуяг “Арилжааны банк үйлчилгээнийхээ хөлсийг авах ёстой. Төсвийн тодотгол хийж арилжааны банкуудад үйлчилгээний хөлс өгөхийг би хувьдаа дэмжихгүй. Иргэдийн хөлсөө дуслуулж олсон мөнгө шүү дээ” гэж хариулсан юм. Дашрамд дурьдахад, Хадгаламж банк Хүний хөгжил сангийн мөнгөний 93 хувийг дангаараа олгож байгаа аж. Мөн Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхнаас бүрдсэн ажлын хэсэг иргэдийн мөнгөнөөс аль болох багыг суутгах боломжийг эрж хайж байгаагаа хурлын үеэр дуулгалаа.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж