Нобелийн шагнал нутгийнхаа хүнд очлоо

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

Нобелийн шагнал нутгийнхаа хүнд очлоо

Утга зохиолын салбарт олгодог Нобелийн шагналыг уг шагналыг үүсгэн байгуулагч химич Альфред Нобелийн төрөлх орон болох Шведийн яруу найрагч Томас Транстромер хүртлээ. 40 жилийн дараа анх удаа тус улсын зохиолч энэхүү шагналыг хүртэж байгаа нь энэ юм. Транстромер сэтгэл судлаач мэргэжилтэй бөгөөд өдөр тутмын амьдралын нугачаан дунд нуугдах агуу зүйлсийн тухай өгүүлдэг түүний шүлгүүд алдартай. Өглөөний нар мандах, шөнийн тэнгэрт одод түгэх өдөр бүр бидний өмнө болж өнгөрдөг сая сая учрал тохиолын нэг авч ямар агуу сайхан мэдрэмж болохыг тэрбээр бичдэг.


Нобелийн шагналыг хүртэх болсныг нь дөнгөж зарлаад байхад түүнээс сэтгэгдлийг нь асуухад ердөө “Маш сайхан” гэдэг хариулт өгчээ. Хорин жилийн өмнөөс тэрбээр тал бие нь мэдээгүй болж, юм ярьж бараг чадахаа больсон байна. Гэсэн ч гайхамшгийн гэмээр шидэт дүрслэлүүдийг хүмүүний бодол сэтгэлгээний хязгааргүй эрх чөлөөтэй хослуулсан мөрүүдийг бичсээр байгаа билээ.


Транстромер “Алегро” хэмээх шүлэгтээ:


“Хав харанхуй өдрийн дараа


Гайдны аялгууг тоглоход


Гар минь дулаацна


Энэ аялгуу ер бусын, бас ногоохон, бас анир чимээгүй


Эрх чөлөө байдаг гэдгийг дуулна


Эрх чөлөөнд хэн ч татвар төлдөггүй гэдгийг дуулна” хэмээн бичжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж