Эдийн засгийн өсөлт Дулмаад хамаагүй

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өсөлт Дулмаад хамаагүй

Дулмаа амьдралдаа анх удаа цалингийн зээл авахаар банк руу алхаж явна. Хоёр хүүтэй өрх толгойлсон эмэгтэй тэрбээр улсын эмнэлэгт сувилагчаар ажилладаг бөгөөд өнгөрсөн онд цалин нь 30 хувиар нэмэгдэхэд “Болоо ш дээ” хэмээн баярласан.  Хүний хөгжил сангаас өгч буй бэлэн мөнгө ч энэ өрхийн амьжиргаанд хэсэгтээ л сайнаар нөлөөлсөн. Гэвч мах, хүнсний үнэ, нийтийн тээвэр, цахилгааны мөнгө, сургалтын төлбөр зэрэг зэрэг нэмэгдчихээр ямар хэрэг байх билээ. Зээл л авахгүй бол Дулмаа бага хүүгээ их сургуульд оруулж чадахгүй болчихож байгаа юм. Улаанбаатар хотод инфляцийн түвшин өнгөрсөн долдугаар сард 11.4 хувьтай гарчээ.

Банкнаас зээлээ авчихаад Дулмаа гэртээ ирж, зурагтаа асаахад энэ оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрсэн тухай таатай мэдээлэл гарч байна. Гэвч энэ хугацаанд иргэдийн амьжиргаа мөн хувиар сайжирч чадсан бил үү? Дулмаагийн анхаарлыг эдийн засгийн гэхээсээ илүү инфляцийн өсөлт л татах ажээ. Бензиний үнэ өссөөр байх уу, унааны мөнгө дахиад нэмэгдэх үү, мах, ногоо хямдрах болов уу? Энэ бүх асуултын  хариу ямар байх нь ганц Төвбанкнаас биш, Засгийн газраас  мөн  хамаарах учиртай.

Санхүү, эдийн засгийн хямралаас болж төсвийн данс улайж, валютын нөөц ёроолоо шүргэхээ дөхөх үед Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёр төсөв, мөнгөний бодлогоо уялдуулна хэмээн амлаж, санамж бичиг үйлдэж байв. Засгийн газар бүсээ чангалж, Төвбанк бодлогын  хүүгээ шат дараалалтайгаар өсгөснөөр 34 хувьд хүрч гаарсан инфляцийг чөдөрлөж чадсан юм. Гэтэл эдийн засаг сэргээд, төсөвт орлого ороод ирэнгүүт дээрх хоёр байгууллага маань дахиад  л  хоёр тийш хараад суучихлаа. Төвбанкны хувьд төгрөгийн  ханшийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийг нэг оронтой тоонд байлгахын төлөө чадах бүхнээ хийж буй. Бодлогын хүүг он гарсаар хоёр дахь удаагаа нэмж, 11.75 хувьд  хүргэсний зэрэгцээ банкуудын заавал байлгах нөөцийн  хувь хэмжээг 11 хувь болгож өсгөх шийдвэр гаргажээ. Гэхдээ эдийн засагт хэт  халалтын шинж тэмдгүүд илэрч байгаа энэ үед бодлогын хүүг өсгөлөө гээд инфляцийг “номхтгож” дийлэхгүйг мэргэжилтнүүд тайлбарлаж буй.

Харин Засгийн газар инфляцид санаа тавихаасаа илүүтэй эдийн засгийн тоон өсөлтийг чухалчилж, хажуугаар нь бэлэн мөнгө тарааж, улс төрийн амлалт биелүүлээд тун ч завгүй. Өнөөдөр долоон тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй Монголын ДНБ ирэх арван жилд жилдээ л 20 хувиар өсөх хандлагатайг Сангийн дэд сайд Ч.Ганхуяг онцолсон. Уг нь эдийн засгийн огцом өсөлтөөсөө илүү урт хугацааны тогтвортой өсөлт чухал болохыг Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Стивен Барнетт байнга сануулдаг шүү дээ. Голланд өвчин гэх нэрийг дэлхийд таниулсан ч алдаанаасаа суралцаж, хөгжилд хүрч чадсан Нидерландад эдийн засаг нь жилд ердөө 3-4 хувиар өсдөг тухай Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Рожер ван дэн Бринк ярьж байсан. Гэвч энэхүү тогтвортой өсөлт нь хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт авчирч, амьжиргааг нь сайжруулж чадсан байдаг. Харин өндөр өсөлт юунд хүргэдгийг монголчууд гурван жилийн өмнө үзсэн бус уу?

2007 онд бэлэн мөнгө эрчимтэй тарааж эхэлснээс яг нэг жилийн дараа инфляци 34 хувьд хүрч, рекорд тогтоож байв. Тэгээд дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ хямралаас болж навс унахад Монголын эдийн засаг хүнд цохилтод орж, хүүхдийн мөнгөө ч тарааж дийлэхээ байсан шүү дээ. Товчхондоо, 2007 онд 10.2 хувиар огцом өссөн Монголын эдийн засаг хоёрхон жилийн дараа “хасах” үзүүлэлттэй болчихсон байлаа. Харин өнөөдөр ашигт малтмалын үнэ эргээд тэнгэрт хадсанаас улсын орлого үлэмж нэмэгдэж, төсвийн тэнцэл ч ашигтай гарч буй. Гэвч энэ нь мөчлөг дагасан төсвийн зам руу эргэж оруулах аюултайг Дэлхийн банк анхааруулсаар. Зэсийн үнэ өсөхөд Монголын ДНБ өсөөд, буурахад нь дагаад доошилж байгааг графикаас харна уу. Үүнийг л мөчлөг дагасан эдийн засаг гээд байгаа юм шүү дээ. Харин өнөөдөр зөвхөн зэс биш, нүүрсний үнэ унахад л манай эдийн засаг хэцүү байдалд орохоор болжээ.

Төсвийн орлого, зарлага асар ихээр нэмэгдсэн, бэлэн мөнгө тараасан, банкуудын олгосон зээлийн хэмжээ үлэмж өссөн, инфляци гаарсан зэргээс үзэхэд  Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл 2008 оны хямралын өмнөх үетэй даан ч ижил байгааг Дэлхийн банкны улирлын тойм харуулна.  Хөгжингүй орнуудын төсөв, өрийн асуудал хямрал дагуулж мэдэхээр байгаа энэ үед гай таарч зэс, нүүрсний үнэ буурвал Монголын эдийн засгийн ирээдүй гурван жилийн өмнөх рүүгээ ухраад очиж мэдэх ажээ. Хэрэв дэлхийн эдийн засаг дахин унавал монголынх шиг жижиг, нээлттэй эдийн засаг гарцаагүй өртөхийг Дэлхийн банк анхааруулж  байна. Үүнээс   сэргий­лэхийн тулд УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлаад бүтэн жил болсон ч сонгууль өнгөртөл хэрэгжүүлэхээргүй байгаа нь гунигтай. Төсвийн зардлаа танах биш, харин ч тэлэх тухай  эрх баригчид ярьж байна. Баян ядуу хамаагүй монгол хүн бүрт тарааж буй 21 мянган төгрөг багадаад, ирэх жилээс сайн муу сурдгаар нь ялгалгүй бүх оюутанд тэтгэлэг өгнө гэж байна шүү дээ.

Энэ бүхнээс үзэхэд инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг бүтэшгүй даваа хэмээн Монголбанкны мэргэжилтнүүд санаа алдах аж. Харин Төвбанк бодлогын хүүгээ нэмээд байгаа нь үсрэнгүй хөгжилд хүрнэ гэсэн Засгийн газрын зорилгод саад болох төлөвтэй. Ингэхэд үсрэнгүй хөгжил гэж юу билээ? Эдийн засаг тоон утгаараа өсөх явдал уу, эсвэл монгол хүн бүрийн амьжиргаа дээшлэх явдал уу? Дулмаагийн хувьд бол ДНБ өснө үү, байна уу хамаагүй. Цалин нэмэгдэж, бэлэн мөнгө авсан ч амьдрал сайжирдаггүйг тэрбээр голдоо ортол ойлгож авсан. Харин дэлгүүр орох бүртээ мах, гурилын үнэ өссөн болов уу гэж бодож, айдгаа л болихыг Дулмаа хүснэ. Монголын олон олон Дулмаагийн хүслийг биелүүлэхийн тулд Сангийн яам, Төвбанк хамтарч, төсөв, мөнгөний бодлогоо нэг тийш чиглүүлэх учиртай.   

Эх сурвалж: “Mongolian economy” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж