Зүүн өмнөд Азид үерийн гамшиг нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

Зүүн өмнөд Азид үерийн гамшиг нүүрлэжээ

Зүүн өмнөд Азийн орнууд олон өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас үерт автаад байна. Үерт хамгийн их өртсөн нь Тайланд бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Тайландад 28 муж үерт автаж, 244 хүн амиа алджээ.  Тус улсын гамшгийн аюулаас хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр үерийн гамшигт  хамгийн их өртсөн Аюуттая, Лоп Бури, Чай Нат, Нахон зэрэг дөрвөн мужид 820,000 айл орон гэргүй болжээ. Үерийн улмаас Аюуттая мужийн үйлдвэрүүдийг энэ сарын 11 хүртэл хаах болсон гэж тус улсын үйлдвэрлэлийн агентлагийн албаны хүн ярьсан байна. Тайландын Рояана үйлдвэрлэлийн паркийн нөхцөл байдал ч мөн аюулд ороод байгаа ажээ. Үерийн ус хаалт, далангуудыг давснаас 90,000 гаруй ажилтантай 198 үйлдвэрийн паркийн нөхцөл байдал маш хэцүү байгаа гэнэ. Тайландын хөдөлмөрийн сайд өнгөрсөн баасан гаригт мэдэгдэл хийхдээ тус улсын 33 муж дахь 1215 үйлдвэр үерийн усанд автсан гэсэн юм. Үүний уршгаар 41,000 гаруй хүн ажилгүй болжээ. Тэдний тэн хагас нь Аюуттая мужийн үйлдвэрийн ажилчид гэнэ. Мужийн шорон үерийн усанд автсанаас 3,700 гаруй хоригдлыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Филиппинийг дайрсан Несат далайн хар салхи өнгөрсөн долоо хоногт 55 хүний амийг авч одсон юм. Хар салхины дараах хүчтэй аадар борооны улмаас тус улсын олон муж үерт автжээ. Манила хотын бүх эмнэлгээс эмч сувилагчид нүүлгэн шилжүүлэх байранд буй гамшигт нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр очсон байна. Филиппинд үерийн улмаас 3,600 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд тэдгээр хүмүүсийн дийлэнх нь амьсгалын замын өвчин, ханиад, хатгаа тусчээ. Тайланд, Филиппинээс гадна Лаос, Камбож зэрэг орнуудад үерийн гамшиг болж байна. Үерт автсан Лаосын 12 дүүрэгт яаралтай тусламж хэрэгтэй гэж тус улсын албаныхан мэдэгдэж байгаа ажээ.  Камбожийн 103 дүүрэгт үер болсноос, 330,000 га цагаан будааны талбай үерийн усанд автсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж