Б.Энхтүвшин: Гуравдагч хөрш гэдэг үгийг тайлбарлахаар эрдэмтэд ажиллаж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Б.Энхтүвшин: Гуравдагч хөрш гэдэг үгийг тайлбарлахаар эрдэмтэд ажиллаж байгаа

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Монгол Улсыг дэлхийд хэрхэн сурталчлах талаар сүүлийн үед багагүй ярих боллоо. Ямар арга замаар сурталчилбал илүү үр дүнтэй, зардал хямд байх вэ. Энэ тал дээр эрдэмтэн хүний хувьд ямар бодолтой  байна?
-Орчин үеийн Монгол Улс дэлхий нийтээрээ даяарчлагдсан эрин үед хөгжиж байна. Улс орон бүр ийм нөхцөлд өөрийн өнгө аяс, хөгжлийн онцлог, үндэстний хувьд ялгарах ялгаагаа сурталчлахыг зорьдог. Энэ нийтлэг зорилтод Монгол Улсын иргэдээс эхлэн  төр засгийн бодлогод нэвт шингэж байх ёстой.
Сурталчлах арга хэлбэрийн хувьд мэдээж олон янз шүү дээ. Зардал гарахгүйгээр сурталчлах ч боломж бий. Монголыг сурталчлах хамгийн гол арга нь монголчуудын арга ухаан, мэдлэг технологи байх ёстой. Энэ сурталчилгаа мөнгө зарах зүйл биш, биднээс л хамаарна. Жишээ нь, дэлхийн эдийн засгийн зах зээлд Монголын ямар бүтээгдэхүүн брэнд болж байна. Дэлхийн оюуны өмч, патентын байгууллагад манай улсын ямар зохиогчийн оюуны бүтээл бүртгэгдэж байна. Дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд Монголын ямар эрдэмтний бүтээл хэвлэгдэв, дэлхийн эрдэмтэд Монголын ямар эрдэмтний бүтээлээс өөрийн бүтээлдээ ишлэл авч байна гэдэг нь Монголыг сурталчлах хамгийн зардал багатай арга. Энэ бол ярилцлага хийж байгаа та бид хоёрт болон Монголын бизнесийн байгууллагад ч хамаатай. Үүнийг төр засаг дэмжих хэрэгтэй.
Бас нэг зүйл нь манай улс цөөн хүн амтай ч хоёр их гүрний дунд оршдог. Өргөн уудам нутагтай. Эх орноо сурталчлахад төр засгийн дэмжлэг чухал. Энэ бол монголчуудын түүх соёл, төрт ёсны уламжлал, дэлхийн соёл иргэншлийн түүхнээ монголчуудын эзлэх байр суурийг эдүгээчлэн сурталчлах явдал юм. Хоёр дахь мянганы суут хүн Чингисийн монголчууд гэж нэрлэгддэг. Чингис хаан төр улс, тэр дотроо дэлхийн орчин үеийн соёл иргэншлийн уялдаа холбоо, яриа хэлцлийг тэр үедээ хангаж байсан. Тэр ч утгаараа суут Их Монгол Улсыг байгуулсан.
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг НҮБ-ын тусгай шийдвэр гарч, дэлхий нийтээрээ тэмдэглэлээ. Тэгвэл өнөөгийн монголчууд бид энэ түүхэн гавьяагаараа илүү бахархах цаг иржээ. Нөгөө талаас энэ түүхэн уламжлалдаа хүрэхийн тулд хүн бүр тэмүүлэлтэй байх ёстой. Ирэх жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой болно. Манай тооллын өмнөх 198 онд урд хөршийн төр улстай хэлэлцээр байгуулж Цагаан хэрэмнээс хойшихыг нь Хүннүчүүд захиръя. Түүнээс урагшихыг нь Хятадууд эзэмшье гэсэн эрх тэгш гэрээ байгуулж байсан түүхтэй. Энэ бол төв Азид үүссэн анхны төр улсын нэг монголчуудын түүхэн бахархал. Үүнийг бид олон улсын төвшинд өгч тэмдэглэх ёстой юм л даа.

-Урлаг соёлоор дамжуулж ямар нэгэн улсыг сурталчлах нь хамгийн зөв арга гэдэг. Гэтэл Монгол Улс маань уул уурхайн чиглэлээрээ гадаадынхны нүдэнд илүү өртөөд байх шиг санагдах юм?

-Туурга тусгаар үндэстэн улсынхаа хувьд өөрийн үндэсний соёл урлагаа сурталчлах нь зүйн хэрэг. Гэхдээ үүнд бодох зүйл байна. Өнөөдөр монголчуудын үндэсний соёл, нүүдлийн иргэншил, бидний хөрш орнуудад байгаа гэдгийг бодолцох ёстой. Манай хойд хөрш Буриад, Тува, урд хөршийн Өвөр Монгол, Шинжаан, Хөх нуурын  монголчуудын язгуур соёл биднийхтэй ижил шүү дээ. Ийм учраас олон улсын байгууллага ЮНЕСКО-оор дамжуулаад дэлхийн соёлын өвд багтахуйц биет бус соёлын өвөө бүртгүүлэхэд Монгол Улсын төр засаг анхаарах цаг иржээ.
Бас Монгол Улс соёл урлагаа дэлхий нийтэд таниулах нэг хэлбэр бол олон улсын үзэсгэлэн, хурал, соёлын арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй. Сүүлийн үед Европт Их Монгол Улс, Чингис хаан, монголчуудын түүх соёл, палеонтологийн давтагдашгүй олдворын талаар үзэсгэлэн гарлаа. Энэ үзэсгэлэн Монголыг дэлхийд сурталчилж байгаа хамгийн чухал арга хэмжээ гэж би ойлгодог.
Нөгөө талаас гадаадад монгол судлалын 40 гаруй төв ажиллаж байна. Тэд Монголын түүх соёл, орчин үеийн байдлыг судалж сурталчилдаг. Мөн сүүлийн үед монголчууд гадаадад олноороо амьдрах боллоо. Тухайн улс орныхоо шинжлэх ухаан, урлаг соёлын байгууллагад хүндтэй байр эзэлсэн олон сайхан залуучууд байна. Тэд Монголыг л сурталчилдаг. Бид тэндэнтэйгээ нягт холбоотой байх хэрэгтэй. Америк, Солонгос, Япон, Европын өндөр хөгжилтэй орнуудын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн лабораторит гадаадын эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа олон сайхан залуучууд байна.
Монголын баялаг гадаадынхыг татах нэг хүчин зүйл мөн. Ганцхан уул уурхай ч биш. Монголын нүүдлийн аж ахуй, Монголын цэвэр хүнс, бүтээгдэхүүн татах нэг хүчин зүйл. Гагцхүү бид үүнийгээ сурталчлахдаа улс орныхоо хөгжилтэй, үндэсний язгуур эрх ашигтай холбож авч үзэх ёстой юм.

-Монголыг Тавантолгой, Оюутолгой аврахгүй. Монгол толгой, монгол хүний саруул ухаан л аварна гэж байгаа. Эрдэмтэн хүний хувьд та юу хэлэх вэ?
-Монгол Улс маань хөгжлийнхөө гараан дээр байна. Энэ гарааг амжилттай хэрэгжүүлэх бодит хүчин зүйл нь стратегийн ач холбогдолтой газрын доорхи баялгаа ашиглах, газрын хөрсөн дээр байгаа мал сүрэг, түүний бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар эспортлох нь гол хүчин зүйл юм. Ойрын 30-40 жилд Монгол Улсын хөгжлийн тулгуур цэг энэ байх болно. Гэхдээ энэ тулгуур цэгтээ найдаад орхилгүй хүний хөгжил, Монгол Улсын эрчимжсэн хөгжлийн хүчин зүйлд өнөөдрөөс эхлэн анхаарах ёстой. Газрын хөрсөн доорхи баярлаг бол шавхагддаг, хязгаарлагдмал нөөц юм. Харин хүний оюун ухаан, технологийн ололт, шинжлэх ухааны үр дүн бол дуусашгүй байнга ундарч, арвижиж байдаг хүчин зүйл. Үүний ач холбогдлыг цаг үед нь олж харж үнэлж байгаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд С.Батболдыг эрдэмтэн хүнийхээ хувьд дэмжиж байгаа.
Шавхагдашгүй хүчин зүйлийг ашиглахын тулд одооноос бодлогын шат дараалсан арга хэмжээ авах ёстой. Монгол хүний боловсрол, боловсролд олон улсын стандарт нэвтрүүлэх, боловсролын чанарыг хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал. Түүний зэрэгцээ бие сэтгэлийн боловсролыг олгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, монгол хүн эрүүл саруул, ёс суртахууны хүмүүжил төлөвшсөн байх ёстой. Монгол хүн өөрийнхөө чадварт тохирсон чадамжтай байх ёстой. Монгол Улсын боловсролыг хөгжлийн хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлтэй зөв зохицуулах хэрэгтэй. Монгол Улс шинжлэх ухааны бие даасан тогтолцоог бий болгож чадсан. Одоо энэ чадамжийг улс орныхоо хөгжилд ашиглах нь чухал. Энэ нь эрдэм шинжилгээнийхээ ажлын үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлнэ гэсэн үг.
Монгол Улсын цаашдын хөгжилд технологийн шинэчлэл юунаас ч чухал. Технологийн шинэчлэлийн талаар төрийн бодлого тодорхой байх хэрэгтэй. Үйлдвэрлэл үйлчилгээнийхээ салбарт өрсөлдөх чадварыг бий болгох, гол нөхцөл нь өндөр технологи, чадварлаг боловсон хүчинтэй байх нь чухал. Манай улсад биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг өндөр технологийг нутагшуулах  шаардлагатай байгаа юм. Мөн уул уурхайн салбарт байгальд ээлтэй, аюулгүй технологийг нэвтрүүлэх, дэд бүтцийн салбарт эрчим хүч хэмнэсэн сэргээгдэх технологийг ашиглах шаардлагатай байна.

-Оюутолгойн гэрээ багагүй хэл ам дагуулж батлагдлаа. Үүнд таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Уг гэрээг батлахаас өмнө УИХ-аар хэлэлцэж байх үед Шинжлэх ухааны академи байр сууриа илэрхийлсэн. Манай академийн Олон улс судлалын хүрээлэн, Геологи, уул уурхай, Эрдэс баялгийн хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэд төвийн хэвлэл, радио телевизээр байр сууриа илэрхийлсэн. Шинжлэх ухааны академийн зарим гишүүд тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр энэ гэрээг байгуулахыг дэмжсэн нийтлэл ном хүртэл бичсэн. Оюутолгой XXI зууны стратегийн орд ашиглалтын эхлэл юм. Үүнд улс төржиж олон жил цаг алдсан. Одоо хөгжлийн төлөө, ард түмнийхээ амьдрал ахуйг өөд татахын төлөө Монгол Улсын Засгийн газрын амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө гадны хөрөнгө оруулалтыг татаж хэрэгжүүлж байгааг эрдэмтэд дэмжиж байгаа.

-Танай академи Гадаад харилцааны яамтай гадаад харилцааг эрдэмжүүлэх гэрээ байгуулсан. Үүнийг ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна?

-Монгол Улсын гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи нэлээн ярилцаж тал талаасаа бодож байж байгуулсан юм. Монголын төр ёсонд гадаад бодлогодоо их анхаардаг байж. Монголын үе үеийн Засгийн газар гадаад бодлогодоо анхаарч ирсэн. Энэ гэрээнд чухал онцлог бий. Манай академи олон жил гадаад харилцааг судалж судалгааны баялаг материал бүрдүүлж, эрдэмтний бүхэл бүтэн баг бий болсон. Энэ эрдэмтдийн санаа оноо дүгнэлтийг гадаад харилцааны бодлогод тусгана гэдэг амин сүнс нь юм. Тухайлбал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг гадаад харилцааны яам боловсруулж байна. Энэ гэрээний шинжлэх ухааны үндэслэлийг манай эрдэмтэд боловсруулж гаргах юм.
Гадаад харилцааны бодлогод сүүлийн үед эдийн засагжуулах шинэ бодлого хэрэгжиж эхэллээ. Үүнийг хэрэгжүүлэхэд онол арга зүй, судалдаа шинжилгээний асуудал чухал. Мөн гадаад харицлааны яаманд бодлогын зөвлөгөө гаргаж өгөхөөр тохиролцсон. Мөн жилд 1-2 удаа олон улсын болон үндэсний хурал зохион байгуулж байхыг гэрээндээ тусгасан. Түүнчлэн өндөр хэмжээний айлчлалын бэлтгэлийг хангахад эрдэмтдийн санал дүгнэлтийг авах, гадаад бодлого, олон улс судлалын тодорхой асуудлаар хоёр байгууллага харилцан санал солилцож хамтарсан шийдэлд хүрч байхаар боллоо.
Мөн гадаад харилцааны яамны дэргэдэх сургалт сурталчилгааны төвийн чадавхийг бэхжүүлэхэд эрдэмтэд тусалж байх юм. Манай академиас гадаад худалдааны яаманд үзүүлэх бас нэгэн мэргэжлийн тодорхой дэмжлэг бий. Энэ нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, мөн гадаадын зочдод нутаг орныхоо түүх соёлын дурсгалыг танилцуулахад, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр тусгасан байгаа. Энэ бүхэн гадаад харилцааг эрдэмжүүлэх бодлогын үндсийг илэрхийлж байгаа юм.

-Ирэх онд дипломат албаны 100 жилийн ой тохионо. Үүнд танай академи ямар үүрэгтэй оролцох вэ?

-Ойн бэлтгэлийн хангахаар ажиллаж байна. Юуны өмнө “Монгол Улсын дипломатын түүх: XX зуун” бүтээлийг туурвихаар зохиолчид ажиллаж байгаа. Энэ бүтээлийг ирэх оны эхээр дуусгаж хамтарсан редакцийн зөвлөлөөр хэлэлцүүлэх юм. Мөн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.

-Стратеги судлалын хүрээнд манай улстай түнш улсуудын талаар судалгаа хийж танилцуулна гэж гэрээнд заасан байна лээ?

-Гадаад харилцааны тэргүүлэх чиглэлүүдээр ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, БНСУ, Энэтхэг улстай харилцах асуудлаар судалгаа хийнэ. Энэ судалгааны үр дүнд тодорхой зөвлөмж гаргаж Гадаад харилцааны яаманд шилжүүлнэ. Үүнтэй холбогдуулж хэлэхэд “гуравдагч хөрш” гэсэн томъёоллын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж ойлгуулах чиглэлээр манай эрдэмтэд ажиллаж  байна.

-Ингэхэд орчин үед Монгол судлал хэр байна вэ?
-Энэ судлал их олон жилийн түүхтэй. Уг судалгааг Монголыг сонирхдог улс орны төр засгийн байгууллагууд зохион байгуулж ирсэн түүхтэй. Сүүлийн үед Монголыг сонирхох орны тоо нэмэгдэж байна. Ялангуяа монголчуудын орчин үеийн байдал, хөгжлийн алс хэтийн чиглэл зэрэг судалгааны шинэ чиглэл гарч ирлээ. Түүх соёл, антерпологи, хэл утга зохиолын уламжлалт судалгаанууд хөгжиж байна. Түүнчлэн Азийн орнуудад монгол судлал илүү эрчимтэй, төр засгийн дэмжлэгийг илүү хүлээсэн хэлбэрээр хөгжиж байгааг дурьдах нь зүйтэй. Өмнөд Солонгос, Япон, БНХАУ-д монгол судлал илүү эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн үед олон улсын төвшинд нэр хүнд бүхий археологи, палентелогийн олон улсын экспертизүүд  ажиллаж байна.  
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж