Өндөр настан Ж.Чимэддорж ба хөрөнгийн зах зээл

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

Өндөр настан Ж.Чимэддорж ба хөрөнгийн зах зээл

Санхүүгийн зах зээл-Хөрөнгө оруулагчдын боловсрол сэдэвт нээлттэй өдөрлөг өнгөрсөн бямба гарагт боллоо. Хөрөнгө оруулагчдын эл нээлттэй өдөрлөгт брокер, дилер, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд оролцсон юм. Мөн эдгээрийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх үүрэгтэй Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж зэрэг байгууллага нээлттэй ажиллалаа. Төв талбайд зохион байгуулсан уг арга хэмжээг сонирхож ирэгсэд цөөнгүй байлаа.

Тэдний дунд хөдөө, орон нутгаас нийслэлд ирэн төв талбайг зорьсон нь олон байлаа. Энэ өдөр “Машингүй өдөр” байсан тул хаана бууж, суухаа мэдэхгүй будилж явснаа зарим нь тоочиж байв. Брокер, дилерийн компаниудын нэг болох “Би ди сек” компанийн үйл ажиллагааг танилцуулах асрын үүдэнд нэгэн өвгөнтэй таарлаа. Улаан дээл, монгол гутал өмссөн энэ хүн өөрийгөө Ж.Чимэддорж хэмээн танилцуулсан юм. Тэрбээр 82 настай аж. Өдөрлөгт ирснээр хөрөнгийн зах зээл гээчийг ойлгохгүй юм гэхэд ядаж л үнэгүй тараагаад байгаа 536 ширхэг хувьцааны талаар ойлголттой болохоор иржээ. Брокер, дилерийн компаниудын асруудаар орж явахдаа өвгөн гуай тайлбарлаж, яриад байгааг нь нэг л ойлгохгүй байгаа нь илт байв. Гартаа олон тооны тараах материал барьжээ. Уг нь тэрбээр хэдэн сарын өмнө Хөрөнгийн биржээр ороод гарч л дээ. Регистрийн дугаараар нь шүүж өгөн 536 ширхэг хувьцааг нэр дээр нь орсон болохыг мэдсэн байна. Гэхдээ түүний дараах асуудал болох брокерийн пүүсэд данс нээлгэхдээ нэг л итгэлгүй байгаа гэнэ.

Брокерийн пүүсүүд энэ өдөр иргэдийн мэдээллийг газар дээр нь шүүж, данс нээх үйлчилгээ хийж байв. Ж.Чимэддорж гуай ч мөн тэнд өөрийн нэрээ шүүлгэхэд 536 ширхэг хувьцаа нэр дээр нь орсон байлаа. Мөн тэрбээр “Санар” хэмээх брокерийн пүүсэд данстай гэсэн мэдээлэл гарч иржээ. Түүнтэй хамт явж “Санар” хэмээх брокерийн пүүсийг төв талбайн асруудаар хайсан болов ч компани энэ арга хэмжээнд оролцоогүй байв.

Ж.Чимэддорж гуай энэ зуур надад хөрөнгийн зах зээлийн талаар юу бодож яваагаа хуучиллаа. “Брокерийн компаниуд бямба юм уу, ням гарагт байнга үнэгүй сургалт хийдэг гэнэ. Би очиж үзээгүй л дээ. Очоод ойлгохгүй ч юм билүү. Ямар ч байсан төр засгаас өгч байгаа энэ хувьцаа гээч зүйлийг авах ёстой байх гэж бодож л энд ирлээ. Мань мэт энэ дунд хөөцөлдөнө гэдэг хэцүү л юм. 80 гарчихсан хүн чинь. Уг нь өгч байгаа дээр нь авчихвал бурхан болох болоогүй юм чинь хэрэгтэй байх л гэж бодож байна. Гэхдээ яаж авахаа сайн ойлгохгүй л явна” хэмээн ярьсан юм. Би түүнд “Аль ч брокерийн пүүсэд нь очиж болно” гэж зөвлөсөн боловч өвгөн хаана нь очоод юу гэж асуухаа мэдэхгүй байгаа мэт харагдаж байлаа.

Түүнтэй хамт очсон дараагийн газар нь “TDВ капитал” хэмээх брокер, дилерийн компани байлаа. Өмнөх асрууд дээрх шиг л тарааж буй бүх материалыг Ж.Чимэддорж гуай уйгагүй авах аж. “Үүнийг та гэртээ аваачаад уншиж байгаа юу” гэж намайг асуутал “Саахалтын маань айлд миний үеийн нэг өвгөн байдаг юм. Тэдний хүүхдүүд хараад хэлээд өгөх байх” гэв. Үргэлжлүүлэн түүнээс “Танай хүүхдүүд чинь энэ талаар сонирхдоггүй юм уу” гэтэл “Хүүхэд, шуухад байхгүй ээ. Хөгшин маань өөд болсон. Ганцаараа суудаг даа” хэмээсэн юм.
Бид хагас цагийн турш асруудаар явжээ. Ингэснээр брокерийн пүүсүүдийн асрууд ард үлдэв. Дараагийнх нь “Эрдэнэс Тавантолгой” компани байв. “Иргэн бүрт олгоод байгаа 536 ширхэг хувьцааг чинь энэ компаниас гаргаж байгаа шүү дээ” гэж намайг хэлэхэд өвгөн нэлээд сонирхож компанийн ажилчдыг бараадав.
“Эрдэнэс МГЛ”-ийнхний хэлж буйгаар тэд одоогоор олон ул­сын хөрөнгө оруулалтын банк, хууль, аудитын фирмүүдээ сонгож төлөвлөс­ний дагуу ажиллаж байгаа гэнэ. Мөн компанийн ажилчдын зүгээс “Таны нээлгэж байгаа данс зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийнх биш шүү. Компанийн данс гэж угаасаа байхгүй” гэж хэлж байлаа. Энэ мэтээр иргэдийн ойлголтын зөрүүтэй байгаа мэдээллийг энэхүү арга хэмжээ зөв тийш чиглүүлэх зорилготойгоор зохион байгуулагджээ. Иргэдийн хувьд хангалттай мэдээлэл авсан нь ч бий биз. Харин эсрэгээрээ өндөр настан Ж.Чимэддорж гуайн хувьд ойлголт муухан буцлаа. Тэрбээр “Ямар учиртайг нь ойлгуулахгүй байж энэ хүүхдүүд таван мянган төгрөг нэхээд байх юм” хэмээж байлаа. “Эрдэнэс МГЛ” компанийн асрыг орхин банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгалын компаниудтай хэсэг хугацаанд танилцаж явсан ч хөрөнгийн зах зээл, хувьцаа гэх зүйлийг ойлгохгүй ядаж байхад даатгал, бичил санхүү гэх үгс түүнд хэт хөндий санагдсан нь ойлгомжтой. Миний зүгээс түүнд “Юутай ч та “Санар” гэдэг брокерийн пүүсийг олж уулзах хэрэгтэй” гэж хэлэхэд тэрбээр компанийн нэрийг тэмдэглэж авсан юм. Талбайг орхихоос өмнө тэрбээр “Ямар ч байсан төр засгаас өгч байгаа юм чинь огт үнэгүй эд өгөөгүй байх” гэж хэлсэн юм. Хэдийгээр иргэдэд үнэгүй тарааж буй хувьцааны талаар хангалттай мэдээлэл өгч байгаа гэж холбогдох байгууллагууд нь мэдээллэж байгаа ч энэ мэт сайн ойлгохгүй яваа иргэн олон байгаа бололтой. Зөвхөн Ж.Чимэддорж гуай бус интернет ашиглаж дансаа шалгаж чадахгүй яваа олон хүн бий байх. Тэд ч бас “Ямар ч байсан төр засгаас өгч байгаа юм чинь огт үнэгүй эд өгөөгүй байх” гэж найдсаар байгаа биз.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж