Төсвийн тодотголыг тодруулж харахад

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг тодруулж харахад

Ирэх жилийн төсвийн төсөлтэй уралдан шахуу орж ирж байгаа өнгөрч буй 2011 оны төсвийн тодотголыг эрхэм гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Өнгөрөгч пүрэв гаригт чуулганы хуралдаанаас хэлэлцэх нь зүйтэй гэсэн “виз”-ээ авсан төсвийн тодотголыг өнөөдрийн байнгын хороогоор хэлэлцэж эхлэх байх. Нэгэнт оны сүүлээр шахам яаруу орж ирж байгаа бас хэлэлцэх нь зүйтэй гээд алх тогшсон болохоор манай гишүүд их л удаж өөрсдийнх нь тойрогт дутуу гацуу зүйл гарвал хэл ам хийсхийгээд, ногоон гэрлээр баталж орхих нь лав. Угаасаа ч Засгийн газраас оруулж ирсэн тодотголыг дээрээс нь нэмнэ үү гэхээс хасдаггүй юм болохоор одоо төсөвлөөд байгаа зарлага 808.4 тэрбум төгрөгийн зарлагатай тодотголыг чигээр нь батлана гэхэд нэг их эргэлзэх зүйл үгүй.

Олон нийтэд бол Монгол Улс хагартлаа баяжаад төсвийн орлого нь хэтэртэл ихдээд байгаа учир хэрэгтэй зүйлд нь зарцуулах ёстой болоод “тараан байрлуулж” байгаа юм байна гэсэн ойлголт төрөөд байгаа. Засгийн газрын зүгээс ч долдугаар сарын гүйцэтгэлээр 400 гаруй тэрбум, оны эцсээр тооцвол 600 гаруй тэрбум төгрөгийн илүү орлого олсон болохоор хэрэгтэй зүйлд нь зарцуулья гэсэн утгатай тайлбар хийгээд байгаа. Гэхдээ одоогийн төсвийн тодотголын төсөлд танилцуулснаар бол улсын төсвийн нийт орлого 565.2 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 808.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улсын төсвийн нийт алдагдал 533.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.3 хувьд хүрэхээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, илүүдсэн мөнгөнөөсөө илүү тодотгол хийж, төсөв нь алдагдалтай хэвээр байх тооцоог хийсэн байгаа юм. Энгийн хүний молхи ухаанаар харвал алдагдлаа багасгаж болдоггүй юм байх даа гэмээр. Хэн нэгний шогчлон хэлснээр алдагдалгүй төсөв ч гэж юу байхав, илүүдүүлж гаргадаггүй төсвийн зохиогч, захиран зарцуулагч ч гэж хэн байхав гэсэн тийм ч тохиромжтой бус үг энд тохиромжтой болж таарч байгаа биз.

Үүнийг түр орхиод яг ямар ямар зүйлд мөнгө зарцуулах гээд төсвийн тодотгол хийх гэж улайран дайраад байна вэ гэдгийг харах гэж оролдоё. Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд гээд бусад салбарын сайдуудаар үргэлжлэх нийт 19 төсвийн захиран зарцуулагч нарын нэрсийн дор тус бүр нь тодорхой тодотголтой жагсаалтуудыг төсвийн тодотголын төсөлд жагсаасан байх. Тус бүрд нь арваас доошгүй оронтой  тоогоор илэрхийлэх хөрөнгө жагсааж. Мэдээж энд өмнө шийдэгдээгүй байсан асуудлыг өр, шинээр шийдсэн асуудлуудын санхүүжилт хийгээд зайлшгүй шаардлагатай байгаа санхүүжилт гээд нарийн задаргаа, түүнийг дагасан үндэслэлтэй эсвэл үнэмшилтэй тайлбарууд зөндөө л байгаа байх. Гэхдээ зөвхөн төслийг гүйлгээд харахад л нүдэнд торж харагдах зарим зүйлийг дор жагсаав. Үүнд

  • Албан тушаалтны гадаад оронд хийх айлчлалын зардал 115.4 сая төг, дотоод томилолт 9.7 сая төгрөг, тээвэр шатахуун 24.8 сая төгрөг, нийт 149.9 сая төгрөг /зөвхөн Ерөнхий сайдын багцад/,
  • Цахим үнэмлэхийн бэлдэц ялтас, чип бүхий бэлдэцийг урьдчилан захиалахад шаардлагатай 6.5 тэрбум төгрөг
  • Шинээр нэмэгдсэн сумдад ажиллах бүртгэлийн 264 ажилтны  11-12 сарын цалин болон урсгал зардалд нийт 453.7 сая төгрөгийг шинээр тусгах, Улаанбаатар хотын есөн дүүрэг, 152 хороонд ажиллаж буй нийт 215 ажилтны хоёр сарын цалин, бусад урсгал зардалд нийт 237.7 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын төсвийн багцаас Тэргүүн шадар сайдын төсвийн багцад шилжүүлэх,
  • Улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгөд нийт зургаан тэрбум 751.4 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулах,
  • Засгийн газрын ажлын алба байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх зардалд 250.0 сая төгрөг,
  • Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын ажлын албанд тус бүр нэг зөвлөх шинээр нэмэгдсэн цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 7.7 сая төгрөг,
  • Татварын ерөнхий газар болон орон нутгийн татварын албадын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдуулан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 389.1 сая төгрөг,
  • Эрчим хүчний болон шатахууны үнийн өсөлттэй уялдуулан төсөвт байгууллагын зардлыг нэмэгдүүлэхэд 5.0 тэрбум төгрөг,
  • ГХЯ-ны батлагдсан орон тооны ажилтны 2011 оны 6-12 сарын цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 20.8 сая төгрөг, байрны зардалд 74.9 сая төгрөг,
  • Гадаад харилцааны яамны мэдээлэл сурталчилгааны зардалд 100 сая төгрөг,
  • ХЗДХЯамны гадаад томилолтын зардал 33.5 сая төгрөг,
  • Цагдаагийн алба хаагчдын унааны зардалд хотын нийтийн тээвэрт олгох нөхөн олговорт 213.0 сая төгрөг,
  • Дотоод хэргийн Их сургуульд нэмэгдсэн 61 орон тооны зардалд 454.9 сая төгрөг,
  • Д.Намдагийн мэндэлсний 100 жилийн ой, Д.Пэрлээгийн мэндэлсний 100 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх зардалд 62.0 сая төгрөг гэх мэтчилэн жагсаалт цааш хөвөрнө.

Зөвхөн төсвийн байгууллагын шатахуун, эрчим хүчний зардал өмнөхөөс таван тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа гээд бодохоор манай төсөв мөн их занхайж байгаа биз. Төсвийн “занхайлт”-ыг илэрхийлэх тоо энд бас мундахгүй олон. Дээр төсвийн байгууллагын ажилтнуудын орон тоо нэмэгдсэн учир цалин болон урсгал зардлыг дахин суулгах шаардлагатай болсон тухай ганц нэг жишээ дурдагдсан. Үүнээс гадна зөндөө олон ажлын байрыг манай засаг төр иргэддээ гаргаж ирж чадсаныг тодотгол доторх мөртүүдээс харж болно. Зөвхөн Хүний хөгжил санд иргэдээс олгож байгаа мөнгийг тараахын тулд 82 ажлын байр бий болгож, тэдгээрийн цалинд 598,3 сая төгрөг хэрэгтэй болж. Дээрээс нь нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээг хүргэхийн тулд долоон хүн, Төрийн архивуудад гэрээгээр ажиллуулах 175 оператор, Дотоод хэргийн Их сургуульд 61, прокурорын байгууллагад 16, дүүргийн шүүхэд есөн туслах ажилтан гэх мэтээр бүл нэмжээ, манай төсвийн байгууллагынхан. Магадгүй энэ нь бага ч юм шиг санагдаж байж болох юм. Хийх шаардлагатай ажил байгаа учраас л орон тоог нь нэмж байгаа байлгүй дээ, манайхан. Гэхдээ л зөвхөн Тэргүүн шадар сайд Шадар сайд хоёр цөөхөн ажилтнаар ганц ганцхан зөвлөхөөр нэмэгдүүлэхэд л цалин нь 7,7 сая төгрөг болчихоод байгаа юм даа. За яахав, энэ мэтчилэнгээр манай төр засгийнхан ажлын байр нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай л юм. Ажлаа л сайн хийж байвал.      

Эцэст нь нэмэгдсэн гээд одоо бүр хэтрүүлж тараах гээд байгаа орлого хаанаас орж ирж байгааг эргээд сануулахад илүүдэхгүй. Үүнд Засгийн газрын зүгээс тус бүрд нь тооцоо гаргасан нь ч мэдээж хэрэг гол цөм нь уул уурхай, өмнөө барих ганц бүтээгдэхүүн болсон зэс, нүүрс. Гол орлого болсон зэсийнхээ үнийг 5,983.1 ам.доллараар тооцсон атал ашгүй дэлхийн зах зээлд үнэ нь 9000 ам.доллар давснаас ийн орлого нэмэгдэх шалтгаан болж. Харин өнөөдөр зэсийн үнэ хэд болоод байгаа билээ, цаашид үнэ нь 2008 оны хямралын үеийнх шиг улам бүр унавал яах билээ гэсэн бас нэг айдас байна даа…  

А.АЛТАНТУЯА

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж