Хоёр сайдтай хонгор нутгийнхан бүсгүйчүүдэд итгэдэггүй

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Хоёр сайдтай хонгор нутгийнхан бүсгүйчүүдэд итгэдэггүй

Баянхонгор аймаг. Пар­ламентын сонгуулийн одоо­гийн тогтолцоогоор бол гуравдугаар тойрог. УИХ-ын 1992, 2008 оны сонгуулийг олон мандаттай 26 тойргоор явуулахад Баянхонгор аймаг гуравдугаар тойрог байв. Одоо ч ийм. Харин 1996, 2000, 2004 онд ганц мандаттай 76 тойргоор парламентын сонгуулийг  зо­хион байгуулсан жишгээр бол эднийх долоо, найм, ес­дүгээр тойрог юм. Ерөн­хийдөө гол өрсөлдөөн аль ч сонгуулийн үед АН, МАН-аас нэр дэвшигчдийн хооронд өрнөсөн жишиг Баян­хонгорт бас давтагдсан байна. Парламентын анхны сон­гуулийг 1992 онд шинэ Үндсэн хуулийн дагуу явуу­лахад баянхонгорчууд ту­хайн үед МАХН-аас нэр дэвшсэн Д.Даш­цэдэн, Б.Гом­бо, Г.Цэдэндагва нарын гурван хүнд зуун хувь итгэл үзүүлж, Төрийн ордон руу илгээжээ. Харин тухайн үед жижиг намуудтай эвсэх байдлаар том намтай өр­сөлдөх арга хэрэглэж байсан одоогийн Ардчилсан намын анхны ялалт 1996 онд тэдэнд ирсэн. Ганц мандатаар тойрог хуваарилсан анхны сонгуулийг ч хэлэх үү, орон даяар ардчиллынхан тийш салхи эргэсэн байв.
Энэ сон­гуулийн дүнг нэгтгэхэд  Баян­хонгорт ч Ардчилсан хол­боо эвсэл ялжээ. Эвслийн туг хаа сайгүй намирлаа. Долоодугаар тойрогт Ё.Гэ­рэлчулуун,  наймдугаар  тойрогт Д.Бат­­насан, есдүгээр тойрогт Ц.Эл­бэгдорж нар сонгогчдын саналаар илүүрхэн баянхонгорчуудыг төрд төлөөлсөн юм. Ц.Элбэгдорж тухайн үед хаа байсан Баянхонгорт нэр дэвшин ийнхүү ялсан нь тус эвслийн сонгуульд барьж орсон гол тактикийн ач байсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, хүчээ зөв хуваарилж, МАХН-аас нэр дэвшигчдийн өөдөөс сулхан хүн тулгаагүйн үр дүн байв. Түүнээс бус Ц.Элбэгдоржийг парламентын 1992 оны анхны сонгуулиар бас л хаа хамаагүй Хөвсгөлд нэр дэвшиж ялсан хэр нь тэндээсээ “бултаад” тойрог сэлгээд ирлээ гэж хардаж болох л байсан. Гээд зогсохгүй саналаар “хавчиж” ч чадах л байсан, хонгорчууд. Харин тухайн үед тэгээгүй юм. Харин ч Ц.Элбэгдорж өмнөх парламентад Хөвсгөл нутгийг хангалттай төлөөлж, тэнд ардчиллыг амжилттай түгээсэн болохоор манайхыг ч ийм болгох байх гэж бодсон биз. Энэ удаагийн гол онцлог гэвэл ийм. Тэгвэл УИХ-ын 2000 оны сонгуулиар байдал эсрэгээр эргэсэн юм. Өмч хувьчлалын будилаан, Ерөнхий сайдуудын шил шилээ дарсан огцролт, эдийн засаг, нийгмийн уналт, доройтол гээд эвсэлд итгэсэн ард түмний итгэлийн гал бөхсөн байлаа. МАХН-ыг эрж хайж эхлэв. Энэ бол ХУ намынх л бол хэн ч нэр дэвшсэн гишүүн болохоор байсан үе. Баянхонгорт ч энэ жаягаар МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулав. Гэхдээ энэ удаагийнх бол дараа, дараагийн сонгууль өрсөлдөөнтэй болохын эхлэл байсан гэхэд болно. Хэдийгээр ялалт байгуулаагүй ч “Женко” Х.Баттулга анх удаа нутагтаа нэр дэвшиж, олонд өөрийгөө таниулсан. Бас хожим нь “хэлгүй” гишүүн гэсэн албан бус ойлголтыг буй болгосон ч хонгорчуудад тэр үед нэр хүнд сайтай байсан “Эрэл барилга” компанийн захирал Ц.Жаргал ч энэ сонгуульд хүч үзээд өвдөг шороодсон юм. Тэднийг Ц.Шийрэвдамба, хэл шинжлэлийн эрдэмтэн С.Дулам, Д.Түмэндэмбэрэл нар МАХН-ын сүр хүчээр “далайлган” саналын тоогоор илүүрхэж ялсан. “АХ” эвслийн 1996 оны ялалт, энэ удаа бараг бүхэлдээ МАХН-ын мэдэлд ирсэн гэхэд болно.  Ингээд дараагийн ээлжит сонгууль 2004 онд болоход мөн л улс төрийн хоёр гол хүчний хооронд өрсөлдөөн боллоо. Ширүүхэн сонгуулиудын нэг. “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшсэн экс гишүүн Ё.Гэрэлчулуун МАХН-аас анх удаа нэр дэвшсэн ХХААЯ-ны дэд сайд Г.Занданшатарт тойргоо алдлаа. Харин үлдсэн хоёр тойрог “Эх орон-Ардчилал” эвслээс хоёр дахь удаагаа нэр дэвшсэн Ц.Жаргал, Х.Баттулга нарынх болсон юм. Тухайн үед  эвслийн зүгээс Х.Баттулгын оронд эхлээд МАШСН-ын генсекээр ажиллаж байсан Д.Чулуунбаатарын нэрийг дэвшүүлсэн ч үл ойлголцлын улмаас эгүүлэн татсан юм. Тэгээд ч МАХН-ын хувьд  тэдэнтэй өрсөлдөх шинэ хүн бэлдээгүй байсан бөгөөд С.Дулам, Ц.Шийрэвдамба нарыг дахин нэр дэвшүүлсэн нь хонгор нутгийнханд хангалттай санагдаагүй хэрэг. Гурван тойргийн хоёрыг нь АН авч, нэгийг нь МАХН хадгалж чадав.  Тэд 2008 онд ч  нутгийнхаа хоёр тойргийг Ардчилсан намаас нэр дэвшигчдэд, нэг тойргоо МАХН-ын нэр дэвшигчид өгсөн юм. Долоо, есдүгээр тойрогт Г.Занданшатар, Х.Баттулга нарыг улираан сонгосон бол хотоос тойрог сэлгэж ирсэн  нутгийн хүү Батж.Батбаярт наймдугаар тойргийнхон итгэл хүлээлгэн саналаа өглөө. Тэд эдүгээ энэ парламентад Баянхонгор аймгийн гурван тойргийг төлөөлж буй. Харин ирэх сонгуулийн өнгө төрх одоогоор ийм байна. Улстөрчдийн чансааг тандсан судалгаагаар УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар тус аймагт нэр хүндээрээ тэргүүлсэн хэвээр байна билээ. Гэхдээ үүнээс үл хамаараад тэд ирэх сонгуулиар Баянхонгорт дахин нэр дэвших хүмүүсийн жагсаалтын эхэнд бичигдэх нь анхнаасаа тодорхой байсан. Өөр, өөрийн нам дотроо ч түвэггүй нэгээр гарах магадлал өндөртэй хүмүүс. Яахав, хоёрдугаар эгнээнээс нэрээ зүтгүүлэх хүмүүс гарахыг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, аймгийн Засаг дарга асан П.Зоригтбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Шийрэвдамба, Гадаад харилцааны яамны газрын дарга, “Сэрүүлэг” сониныг үүсгэн байгуулагч С.Баярмөнх нарын нэр МАН хавьд хүчтэй яригдаж байгаа аж. Харин Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай хүмүүсийн тухайд УИХ-ын гишүүн Батж.Батбаяр Баянхонгорт нэр дэвших эсэх нь тун эргэлзээтэй байгаа. Энэ сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй, харин өөрийнхөө оронд хүүдээ хотод тойрог “хайж” яваа гэсэн яриа тархаад байгаа. Тэгэхээр Баянхонгорт АН-ын хувьд нэг тойрог үлдэж буй. Гэхдээ эрхэм гишүүнийг “МCS”группийн зургаан дэд ерөнхийлөгчийн нэг Л.Энх-Амгалантай тойргоо наймаалцсан байж магадгүй гэсэн таамаг төдий зүйл ч яригдаж буй. Учир нь Л.Энх-Амгалан сүүлийн үед тус аймаг руу жим гартал явж байгаагаас түүнийг ирэх сонгуулиар Баянхонгорт хүч үзэх нь гэсэн таамаг нутгийнханд төрөөд байгаа аж. Түүнээс гадна хонгор нутгийнханд эчнээ танил болсон “Техник импорт” компанийн ТУЗ-ийн дарга Д.Ганбат, “Монгол шевро” компанийн ТУЗ-ийн дарга Ч.Чулуунбат нар энэ удаа АН-аас мандат авч чадвал дахин үзээд алдахаар шийдсэн сурагтай. Хонгор нутгийнханд бас нэг өвөрмөц гэмээр онцлог байдаг. 1992 оноос хойшхи сонгуулиудад аль ч нам, эвслийн эмэгтэй нэр дэвшигч Баянхонгорт ялалт байгуулж байгаагүй. Тэр ч байтугай нэр дэвшсэн нь ч тун цөөхөн юм байна. 2004 оноос хойшхи хоёр сонгуульд нэр дэвшсэн хүмүүсээс  харахад “Хорсмэн клуб”-ийн Н.Ариунаа, 2008 онд “Мэргэжлийн хяналтын” гэх Д.Энхмаа нар зориг гарган Баянхонгорт бие даан нэр дэвшсэн байх юм. Тэгэхээр баянхонгорчууд эмэгтэйчүүдэд “нүүр өгдөггүй” учраас ирэх сонгуулиар Ардын нам, Ардчилсан намын алинд нь ч одоогийн байдлаар “Тэр магадгүй, энэ боломжтой“ гэх эмэгтэй алга байна. Гэхдээ бие даан нэр дэвших юм уу эсвэл Иргэний зориг нам, МАХН, Ногоон нам хавиас нэрээ “сойх” эмэгтэй байхыг үгүйсгэхгүй.   

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж