Долларын ханшийг хиймлээр хөөрөгддөг гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Долларын ханшийг хиймлээр хөөрөгддөг гэв

Ам.долларын ханш “хэрээс хэтэрч", амьжиргааны хэд нь хаанаа ч хүрэхээ больж, дотоодын мөнгөн дэвсгэрт, валютын үнэ ханшийг дагасан маргаан гарах нь их боллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа бүх гүйлгээ зөвхөн төгрөгөөр тооцогдож байна гэдэг заалт Төв банкны тухай хуульд байдаг ч хэрэгжихээ больсон, аль эсвэл хэрэгжүүлэх гэж хэрэндээ мэрийлээ ч үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаа нь хэн хүний амьдралд мэдрэгдэх болжээ.

Хуулийн заалтаа хэрэгжүүлэх гэж мөрдөхгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага хувь хүний мэдээлэл цуглуулахаар утас ажиллуулж, “мөрдлөг” явуулсан ч долларын ханш нэмэгдэж, төгрөгийнх унасаар байгаагийн шалтгаан хэнээс болсон нь тодорхой бус. Гаалийн онцгой албан татвар, хувийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, интернэт үйлчилгээ үзүүлж байгаа нэрийн дор иргэдээс ам.долларын ханшаар тооцон мөнгө хураасаар байгаа.

Манай арилжааны банкууд валют авах зарах ханшаа улаан ногооноор ялган самбарт хадсан байдаг ч хэрэг дээрээ зөвхөн худалдаж авч, буцааж зардаггүй гэдгийг иргэд хэлж байлаа. Ченжүүд иргэдийн энэ байдалд дөрөөлж хямд үнээр доллар болон бусад эрэлт ихтэй валют цуглуулж, хуримтлуулсныгаа "Найман шарга" дээр аваачиж өндөр үнээр зарж ашиг олж байгаа болов уу гэх хардлага төрүүлж байна.

Товчхондоо арилжааны банкуудын салбар ченжийн захын лангуун дээр хүрээгээ тэлж, ам.долларын ханшаар мөнгө "хийдэг" сүлжээ үүссэн байж болзошгүйг иргэд ч, эдийн засагчид ч ярьсаар байдаг. Харин үүнд дүгнэлт хийж, хяналт тавих эрхтэй байгууллагууд нь яаж ажиллаад байгаа нь ойлгомжгүй хэвээр. Иргэдийн “толгойн өвчин” болсон долларын үнэ ханш хэд байгааг сонирхож “Найман шарга” валютын арилжааны төвийн ченжүүдтэй уулзахаар очлоо.

“Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 1287-1288 төгрөгөөр худалдан авч, 1293-1395 төгрөгөөр зарж байлаа. Ханшийн хөөрөгдөлд ам.доллараас дутахгүй нөлөөлж, инфляцид хохирол учруулж байгаа өөр нэг валют нь юань юм. Юанийг 205.5 төгрөгөөр худалдан авч, 206.5-аар зарж байв. Үйлчилгээ үзүүлж байгаа, үйлчилгээг авч байгаа ченжүүд, иргэдээс долларын үнэ ханшийн талаар мэдээлэл авах гэсэн боловч “Үгүй”, аль эсвэл “Ажилтай байна. Авмаар байгаа бол Монголбанкнаас мэдээлэл ав” гэсэн товчхон хариулт өгч байлаа.

Эрхэм доллар хэлэх үгийг ч хязгаарладаг бололтой. Нэг цаг зогссоны эцэст нэгэн бизнесмэн залуутай цөөн хором ярилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Юра:

-Сайн байна уу. Ямар үйлчилгээ хийлгэв?

-Юань худалдаж аваад явж байна.

-Та ямар ажил хийдэг вэ. Юань ямар ханштай байна?

-Бизнес эрхэлдэг. Эрээнээс бараа зөөдөг юм. 200-205 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Ер нь долларын ханш өсөхөөр юанийн ханш дагаад өсдөг. Өнөөдөр 206 болсон нь бидний ажилд хүндрэлтэй байна.

-Өмнөх саруудад хэдэн төгрөг байсан бэ?

-Өмнөх сараас харьцангуй их өссөн байна. Урьд нь 198-аар авах одоо 206-гаар авах хоёрын дунд маш их зөрүү гарч байна. Одоо 10 мянган юань авахад хоёр сая 400 мянгаар авна. Урьд нь бол хоёр саяар авдаг байсан. Бизнес эрхэлж амьжиргаагаа залгуулдаг бидэнд 400 мянган төгрөг их мөнгө шүү дээ.

-Яагаад ингээд өсөөд байгаагаа тайлбарлаж байна уу?

-Саяхан Хятадын хилийг гурван хоног хаасан. Баярын өдрүүд байсан учраас амралт зарласан. Тэрнээс шалтгаалж өссөн гэж ярьж байна.

-Цаашдаа дахин өсөх болов уу?

-Буух байх аа. Бидний ярилцлага зарим ченжийн анхаарлыг татсан бололтой тэд ярианд оролцож эхэлсэн юм. Ченжүүд сүүлийн долоо хоногийн арилжаагаар ам.доллар, юанийн ханш тасралтгүй өслөө гэж ярьж байв. Тэд өсөлтийн шалтгааныг “Банкаар л их мөнгө шилждэг. Банкууд валют гаргахгүй байна. Ам.доллар, юань ховор байна. Ховор болохоор өсөөд байгаа юм гэж тайлбарлаж байлаа.

Түүнчлэн, ченжүүд хиймлээр үнэ хөөрөгддөг гэж ярьдаг, үнэндээ бидний зүгээс нөлөөлөх юм байхгүй л байна. Муу нэрийг ченжүүд хүлээдэг. Бид үнэндээ утсан хүүхэлдэй болчихоод байна. Харин жинхэнэ “тоглолт” бол дээрээ л явагддаг. Монголбанкны ерөнхийлөгч асан Чулуунбат “Ченжүүдийн гар дээр Монголын бэлэн мөнгөний эргэлтийн 0.01 хувь нь эргэлддэг” гэж хэлсэн.

Одоо 0.001 болоо байлгүй. Тийм л бага хэмжээний мөнгө эргэлдүүлдэг хүмүүс доллар, юанийн ханшинд нөлөөлнө гэж байхгүй. Та нар ченжүүдээс ярилцлага авах гэж явах хэрэг огтхон ч байхгүй. Бид дуртайдаа унагаад, өсгөөд байдаг юм биш. Хүмүүс их авбал ханш нь өснө, авахгүй бол эргээд унадаг. Эрэлт, нийлүүлэлтээсээ шалтгаалдаг” гэж ярьж байлаа.

Ажлын цаг дууссаны дараа юм уу эсвэл амралтын өдрүүдэд ам.долларын, цаашлаад бүх валютын төгрөгтэй харьцах ханш өсдөг явдал байгааг иргэд хэлж байна. Үүнийг мэдсээр байж Монголбанкнаас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь долларын ханшийг тогтворжуулах биш улам бүр савлуулж, дийлэхээ болихоороо өөрсдөө дагаад албан ханшаа өсгөхөд хүргэж байгаа гэдгийг ч тэд ярьж байна.

Банкуудад долларын ханш хэдэн төгрөг байгаа, цаашдаа үнэ тогтвортой байх уу гэдгийг лавлахаар зарим нэр бүхий банкаар орсон ч өнөөх л хүнд суртал, "ажилдаа ирээгүй байна, уулзах боломжгүй араас чинь мэйлээр шидчихье" гэсэн аргацаасан, бултсан хариулт. Ажлын цаг дуустал араас ирэх хариултаа хүлээсэн ч байдаггүй ээ. Монголбанкнаас энэ сарын 7-9-ны өдрийн хаалтын үнээр долларын үнийг 1288, юанийн үнэ ханшийг 202 төгрөгөөр тогтоожээ.

Б.Өнөртогтох

“Монголын мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж