”Би Монголын урлагийг дэлхийн тавцанд гаргана”

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

”Би Монголын урлагийг дэлхийн тавцанд гаргана”

Ирланд улсад суралцаж, эрдэм мэдлэгээ дээшлүүлж байгаа МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэ эх орондоо амралтаараа ирээд байгаа. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Шинэ уран бүтээлийн сонин хачинаасаа хуваалцаач?

-Шинэ цомог маань гарчихсан байгаа. Явахаасаа өмнө бэлэн болгосон юм. Чадвал буцахаасаа өмнө хоёр клип гаргах санаатай байна. Амжвал өөрөө клипэндээ зураг авахуулах санаатай байгаа.

-Ямар дуундаа клип хийлгэж байгаа юм бэ?

-“Монгол нутагтаа” дуундаа “Shine” студиэр клип хийлгэж байгаа. Мөн “Бурхан залуу нас” гэдэг дуу байгаа. Намайг байхгүй байхад телевиз, радиогоор нэлээд явсан байна билээ. Багагүй хит болж байгаа байх. Тэр дуундаа клип хийлгэнэ дээ.

-Та хэзээ эх орондоо ирсэн юм бэ?

-Ирээд 21 хонож байна. Одоо 23-нд буцах гээд л байна.

-Хэдэн жил сурах вэ. Хэзээ Монголдоо бүрмөсөн эргэж ирэх вэ?

-Хоёр жил хагас сурна. Ирэх жилийн арваннэгдүгээр сард хичээлээ дуусгаад эх орондоо бүрмөсөн ирнэ дээ.

-Ямар чиглэлээр сурч байгаа юм бэ?

-Менежментийн чиглэлээр сурч байгаа. Өөртөө байхгүй зүйлийг сурч, судлах хэрэгтэй байна. Өнөөгийн нийгэмд бүх л зүйл менежмент дээр тогтдог болсон. Нэг дуу хийсэн ч төлөвлөдөг, уран бүтээлийнхээ стратегийг боловсруулдаг, хэнд зориулж бүтээж байгаа юм, хэн сонсох ёстой юм гэдгийг судалдаг. Тэр бүхнийг судалж байж уран бүтээл хийх хэрэгтэй. Тэгэхгүй нэг дуу гаргадаг, маргааш нь радиод аваачиж өгдөг, нөгөөдөр нь клип хийгээд гаргачихаар хит болчихдог гэж ойлгож болохгүй. Уг нь дуу  гэдэг бол нийгмийн сэтгэлгээнд нөлөөлдөг том хэрэгсэл. Социализмийн үед өөр л байсан шүү дээ. Ленин багшийн тухай гаргаад дуулахаар хүмүүс тэр хүнийг мундаг гэж үнэлдэг байсан. Тэгээд бодохоор дуу яах аргагүй том зэвсэг.

-Одоо хичээл, сургуульдаа анхаараад уран бүтээлээ завсарлаад байгаа юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ, уран бүтээлээ завсарласан. Юуны түрүүнд сурч байгаа мэргэжлээ сайн эзэмших хэрэгтэй шүү дээ.

-Эргэж ирээд яах вэ. Нэг та ойр ойрхон цомог гаргасан шүү дээ?

-Би нийтдээ долоон цомог гаргасан. Ирланд явахынхаа дөнгөж өмнө “Монгол билээ” гэдэг цомгоо гаргасан. Энэ цомог худалдаанд гарчихсан  байгаа. Одоо дахиад нэг цомог дээр ажиллаж байна. Би хоббигоороо хэдэн дуу зохиосон юм. Жишээ нь, МУГЖ С.Жавхлангийн дуулсан “Зүүдэнд ирдэг Урангоо”, СТА Д.Намсрайноровын дуулсан “Алсаас чамдаа”, дуучин Э.Төрмандахын дуулсан “Тамирын голын бүсгүй” гэх мэт нэрлээд байвал нийт 17 дуутай болчихож. Энэ дуунуудаа нийлүүлээд “Зүүдэнд ирдэг Урангоо” нэртэй цомог гаргах гээд бэлтгэл ажилдаа ороод байна. Явахаасаа өмнө хэвлэлтэд явуулна. Харин ирээд зүгээр байхгүй, тоглолтоо хийх байлгүй.

-МУГЖ Ч.Бат-Эрдэнэ СТА Ч.Бат-Эрдэнээс арай өөр байх нь мэдээж. Тэр утгаараа арай өөр өнгө аястай, чанартай уран бүтээлтэй цомог гаргах байх?

-“Монгол билээ” цомог маань энэ бүхнийг илэрхийлж байгаа. Би МУГЖ цол авснаасаа хойш гаргаж байгаа учраас өөр байх нь мэдээж. Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг эрхэм алдрыг төр түмнийхээ буянаар хүртсэн. Үүнийг би юугаар хариулах ёстой гэхээр би Монголын урлагийг дэлхийн урлаг болгохын төлөө тэмцэнэ. Үүнд өөрийгөө зориулна. Би Монголын урлаг соёлыг хамгийн түрүүнд ойлгох ёстой хүн. Тэгэхгүй бол хэн нэг эдийн засагч, уурхайчин уран бүтээлийг ойлгохгүй шүү дээ. Тийм болохоор бид үндэсний урлаг, ардын урлагаа дэлхийн урлаг болгох ёстой. Бидэнд сурталчилгаа дутмаг байна. Соёл урлаг гэдэг зүйлийг зөвхөн нийтийн дуу, рок попоор, дуугаар хязгаарлаж болохгүй. Соёл урлаг гэдэг бол том айл. Би хувьдаа соёл урлаг гэдэг том айлыг дотор талд нь орж харахыг хичээж байна. Тэгэхийн тулд сурч байгаа. Монголын урлагийг дэлхийн урлаг болгохын төлөө зүтгэнэ. Бодож  байгаа зүйл ч байна. Монголын ардын урлагийг дэлхийн зах зээлд гаргах төсөл.

-Арга зам нь юу вэ?

-Тийм арга байна. Одоо бид 40 орныг судалж байна. Монголын эзэнт гүрний эзэлж, хүрч байсан улсуудыг судална гэхээр дор хаяж 40 оронд судалгаа хийх хэрэгтэй болж байгаа юм. Энэ судалгаан дээр л бид ажиллана. Төслийн баг ажиллана. Нэлээд үр дүнд хүрч байгаа. Цаашдаа ч том зүйлийг хийх болно.  

Н.Нанзад

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж