Монголд Германы их сургууль байгуулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Монголд Германы их сургууль байгуулахыг дэмжив

Монголд Германы хамтарсан сургууль байгуулах тухай
Ерөнхийлөгчийн саналыг Канцлер А.Меркель дэмжлээ

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖИД бараалхлаа.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ  “ Өнгөрсөн 11-р сард Лиссабонд уулзсаныхаа дараа Тантай эх орондоо дахин уулзаж байгаадаа баяртай байна. Та Монгол Улсад тавтай морилно уу.

Эрхэмсэг хатагтай Канцлер Таны энэхүү айлчлал нь зөвхөн Герман Улсын төдийгүй, Европын зүгээс манай улсад  хийж байгаа дээд хэмжээний айлчлал гэж хүлээж авч байна. Таны Европын Холбоонд хэрэгжүүлж байгаа бодлого, хийж байгаа үйлдэл тань дэлхий нийтийн анхаарлыг татдаг.

Монгол, Герман бол нийтлэг үнэлэмж, үнэт зүйлстэй улс орнууд. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн германы ард түмэн, Засгийн газар байнга тусалж дэмжиж ирсэнд бид ямагт талархаж байдаг. Ялангуяа шилжилтийн хүнд үед Германы талаас үзүүлсэн хөгжлийн зээл тусламж цагаа олсон чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэн хэлмээр байна. Түүнчлэн Конрад Аденауэр, Фридрих Эберт, Ханс Зайделийн сан зэрэг германы улстөрийн сангуудын шугамаар хэрэгжүүлсэн улстөр хуулийн сургалтууд,  оюуны тусламж дэмжлэг нь ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Манай ард түмэн уламжлалт өргөн харилцаатай, ялангуяа түүх боловсрол, соёлын салбарт бусдаас илүү ойр дотно, харилцан бие биенээ ойлгож дэмжиж ирснийг дурдахад таатай байна” гэлээ.

Канцлер А.Меркель “ Ерөнхийлөгч тантай Лиссабонд уулзсан бидний уулзалт надад гүн сэтгэгдэл үлдээснийг дурсахад таатай байна.

Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөөх улстөрийн хамтын ажиллагааг үр дүнтэй гэж Таны хэлсэн дүгнэлттэй би санал нэг байна. Герман Улс аливаа харилцаан дээр урт хугацааны, найдвартай тогтвортой сайн түнш байж чадна гэдэгт Та бүхэн итгэлтэй байгаад би баяртай байна.

 Одоо бид эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой, таатай үед ирээд байна. Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэх, баялгаа бүх нийтэд хүртээмжтэй хуваарилах тэр үйл явцад бид та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Байгалийн баялаг дээр тулгуурласан эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед тулгарч болох хоёр аюул байдаг. Нэг нь байгал орчин сүйдэх аюул, нөгөө нь баялгийг бүх хүнд шударгаар хүртээж чадахгүй байх аюул юм. Эдгээр сөрөг үр дагавруудыг гаргахгүй байж болох бөгөөд, чухам түүний тулд бид хамтран ажиллаж, туслалцаа дэмжлэг үзүүлж болно. Тухайлбал байгалд ээлтэй өндөр технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх гэсэн хоёр чиглэлээр уул уурхайн салбарт хамтран ажиллах саналтай байна” гэж ярив.

Канцлер А.Меркель , Монгол Улсын гадаад бодлого дахь “гуравдагч хөрш”-ийн бодлогыг талархан дэмжиж байгаагаа мөн илэрхийлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал илэрхийлээд,  Герман Улс нь хүний эрх эрх чөлөөг баталгаажуулах, хуулийг сахих, шударга ёсыг хэрэгжүүлэх талаар бүс нутагтаа гол багана болдогийг дурдлаа.

Хатагтай Ангела Меркель Монгол Улс  богино хугацаанд ардчиллыг бэхжүүлэх үйлсэд амжилт олсныг сайшааж,   Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буйд баяр хүргэв.

Уулзалтын үеэр хөндөгдөж, харилцан ажил хэрэг болгохоор тохирсон нэг чухал асуудал бол боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад  Герман Улсаас суугаа  Элчин сайдтай саяхан уулзах үеэрээ монгол- германы хамтарсан  сургууль байгуулах санал  дэвшүүлж байсан. “ Монголоос Германд очиж суралцах хүсэлтэй оюутан залуучууд маш их байдаг ч, өндөр өртөгтэй байдаг. Харин Монгол-Германы хамтарсан  сургууль байгуулж, эрдэмтэн багш нар ирж герман стандартын дагуу сургалт явуулж, мэргэжилтэн бэлтгэх нь зөв зүйтэй гэж би бодож байна” гэлээ. Хариуд нь А.Меркель, тавигдаж байгаа асуудал цаг үеэтавигдаж байгаа асуудал цаг үеэ олсон сонирхолтой санал юм гээд анхааралдаа авч дэмжихээ илэрхийлэв.

“ Бидний хамтын ажиллагааны нэг чухал салбар бол яахын аргагүй боловсролын салбар бөгөөд энэ салбарт эртний уламжлалт түүхтэй. Энэ харилцааг бид хадгалах хэрэгтэй.  Ашигт малтмалын салбарт мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн сургалт явуулахчиглэлээр  туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын  хөгжилд бидний зүгээс хувь нэмрээ оруулж чадах зүйл бол сайн технологи, сайн боловсон хүчин юм” гэж Канцлер Ангела Меркель ярилаа.

Уулзалтын үеэр түүхэн чухал зарим үйл явдлуудыг дурсан ярилцав. Тухайлбал, монголын түүхийн эгзэгтэй үе болох 1921 онд герман гаралтай барон Унгерн фон Штернберг Монголын нийслэлийг чөлөөлж, Монголын сүүлчийн эзэн хааныг ширээнд нь буцаан залж байсан түүхтэй. Мөн Монголын нууц товчоог анх германы монголч эрдэмтэн Эрик Хэниш герман хэл рүү орчуулан хэвлэж, дэлхий нийтийн хүртээл болгож байсан түүхтэй.

Хатагтай А.Меркель мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаазаар авах ялаас татгалзаж буй байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж, олон улсын тавцанд хүний эрх эрх чөлөөг хангах чиглэлд гаргаж байгаа санал санаачилгуудад дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцсон юм. Уулзалт илэн далангүй нөхөрсөг байдалд  амжилттай өндөрлөлөө.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж