Хайрын хүч хязгааргүй

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Хайрын хүч хязгааргүй

“Хязгааргүй” моно опера….300 ам.долларын такстай “Хязгааргүй” моно операг өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх удаа тоглолоо.

Энэхүү моно операг үзэхээр ирсэн зочид , улаан хивсэн дээгүүр алхаж, сонгодог үдэшлэгт уригдсан. Тоглолт 20.00 цагт эхэлж, симфони найрал хөгжимчид урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын хөгжмийг эгшиглүүлэв. “Хязгааргүй” моно операгийн хөгжмийн талаар Б.Бямбабаяр хэлэхдээ “Миний зохиосон бүтээлүүд дундаас хамгийн оргил нь “Хязгааргүй” моно опера юм”  хэмээн тодорхойлсон.Үнэхээр түүний хөгжим гайхамшигтай, хүчтэй, үзэгчдийн зүрх сэтгэлийг 100 хувь эзэмдэж байсан. Үгээр хэлэмгүй хүчтэй мэдрэмжийг төрүүлж байв. Харин гол дүрийн жүжигчин болох “Voice” группийн дуучин Д.Отгонжаргалын хоолойг магтахгүй байхын аргагүй. Түүнийг хөгжмийн хэмнэлийг даган аялахад үзэгчдийн сэтгэл хөдөлж, “браво, браво” хэмээн уухайлж байсан. “Ashian Shop” хамтлагийн дуучин П.Бат-Ундрах бол эрэмдэг царайтай, шөнийн хүн. Түүнийг харах бүрт “Парисын дарь эхийн сүм”-ийн Квазимодо санаанд буудаг. Хэдий тэр муухай царайтай ч, үзэсгэлэнт хэлгүй бүсгүйг чин сэтгэлээсээ хайрладаг. Гэхдээ үргэлж өөрийнх нь муухай царайг харвал үзэсгэлэнт бүсгүй хаяад явна гэж айдаг. Харин үзэсгэлэнт хэлгүй бүсгүй энэ багны цаана юу байгаа бол гэдгийг мэдэхийг хүсдэг. Яг л “Араатан ба үзэсгэлэн гоо” хэмээх үлгэр шиг. Яагаад ч юм найруулагч Ч.Ганхуяг, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр нар “Хязгааргүй” моно операгийн шөнийн хүний дүрээр хүн болгоны дотор нуугдаж байдаг ганцаардлыг харуулах шиг. Гэвч энэ хорвоо дээр хайрын хүч хамгийн агуу нь, жинхэнэ хайрын хүч хязгааргүй. Хязгааргүй энэ их хайрын ид шид нь зэрэмдэг царайтай шөнийн хүний царай зүгээр болж, үзэсгэлэнт хэлгүй бүсгүй хэлд орж байгаагаар “Хязгааргүй” моно опера төгсдөг.

Мэдээж дуурийн тайзын тухай ярихгүй өнгөрч болохгүй. Үнэхээр шинэлэг. Яг л жүжигчидтэйгээ хамт тайз хөдөлж, дуулж, тоглож байх шиг. Хамгийн сонирхолтой нь хэлгүй бүсгүй бороон дунд эзгүй хээр тал алхаж байна. Тэр үзэгдлийг зураач бодит юм шиг л харуулсан. Яаж гэхээр камерын тусламжтай. Яг л кино шиг дүрс бичлэг ашиглан эзгүй хээр талыг тайзнаа гаргахад дуучин Д.Отгонжаргал  тал нутагт бороотой үдэш алхаж байгаа юм шиг бодитой харагдаж байсан нь үзэгдэд сонирхолтой санагдсан биз. Шинэ, шинэлэг бүхнээр дүүрэн “Хязгааргүй” моно опера үзэгчдийг баярлуулсан. Харамсалтай нь, энэ тоглолтыг дэндүү бага хүн үзсэн. Мэдээж 300 ам.доллар гэдэг тийм ч хямд үнэ биш. Харин тоглолтын дараа үзэгчид уран бүтээлчидтэй хамт сонгодог үдэшлэгт саатсан. Үдэшлэгийн үеэр хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр төгөлдөр хуураар “Хязгааргүй”-н хөгжмөөс тоглож сонирхуулсан энэ үдшийн хамгийн том гэнэтийн бэлэг байв. Азидаа анхдагч моно операг үзэж амжаагүй үзэгчид санаа зовох хэрэггүй ээ. Учир нь энэ сарын 19-нд дахин нэг удаа тоглох юм билээ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж