“Жижигхэн” Биокомбинатын “том” жишээ

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

“Жижигхэн” Биокомбинатын “том” жишээ

-Төрийн өмчийн үйлдвэрийг идэж ууж, энэ зууртаа ажлыг нь унагачихаад, хулгай хийсэн мөнгөөрөө эргээд төрийг дарамтлаад байж байдаг, овоо шүү. Төр л өрөвдмөөр юм даа. Жишээг “жижигхэн” Биокомбинат дээр татсан болохоос биш өнөөгийн төрийн өөрийнх нь байж байгаа царай л энэ, хөөрхий дөө-

Биокомбинат гэдэг хаалттай, онцгой объект өмнө нь хэнд сонирхолтой байсан юм бэ? Харин одоо захирлыг нь өөрчлөөд орхисон биш бөөн асуудал мандаж, хэсэг ажилчид суулт, өлсгөлөн зарлахдаа тулж, ТӨХ-ны үүдэнд тэрий хадаад уначихав. Өглөө, орой Д.Сугар даргыг ажилдаа орж, гарахдаа нь хөл, гараас нь зүүгдэх шахам тэмцэлдэж байна. Тэдний тавиад байгаа асуудал нь “Шинэ захирал таалагдахгүй байгаа явдал” гэнэ ээ. Шинэ захирал таалагдахгүй шүү гэдгийг уг нь жилийн өмнө л гомдол болгон тавьж, үүнээс нь айсан ТӨХ тухайн үед томилгооноосоо буцаж байсан юм.
Тэгээд дараа нь захирлын сонгон шалгаруулалт явуулж, энэ үндсэн дээр өнөөгийн захирал нь өнгөрсөн долдугаар сард уг албан тушаалд томилогдон очсон байна. Гэвч ажилчдад таалагддаггүй ээ. Ямар дураараа хэрэг вэ, төр өөрийн томилгоог эрх, үүргийнхээ хүрээнд хуулийн дагуу хийсэн, тэгэхдээ ажилчдад таалагдах эсэхийг асуух ёстой байж л дээ. Одоо тэгээд хар даа, ажилчид нь суулт, хаялт хийгээд л…

Татвар төлөөд гар дээрээ зуун хэдэн мянган төгрөгийн цалин авдаг ажилчдад ингэж үхэн хатан хамгаалаад байх эрх ашиг гэж юу байдаг юм бэ гэж асуумаар байгаа биз дээ? Мэдээж, тэднийг бүтцийн өөрчлөлтөөр ч юм уу далимдуулан халаад ажилгүй болгож орхисон бол бага ч гэлээ цалингийнхаа төлөө, эрх ашгийнхаа төлөө тэмцэх нь шударга бөгөөд ариун явдал. Гэтэл биологийн үйлдвэрлэлийн хүнд хортой нөхцөл, илүү цагийн нэмэгдэл ч тусгагдаагүй цалингаас өөр эрх ашиггүй ажилчид ингээд “захирал таалагдахгүй байна” гээд ажлаа таслаад тэмцээд явж байх уу, бод доо.
Мах экспортлогчдын олон сая ам.долларын ашигт “шавар хаадаг” хүчин зүйл бол шуудхан хэлэхэд мал эмнэлгийн салбар. Энэ салбарын хөгжил нь Монголын мал сүргийн дунд жилд хэдэнтээ дэгддэг халдварт өвчний учрыг олчих хэмжээнд байсан бол энүүхэн Улаан-Үүдэд ч бэлэн зах зээл амаа ангайгаад байж байгаа. Одоо шулуухан хэлье. Малын халдварт өвчний эсрэг болон эмчлэх үйлчилгээтэй эм бэлдмэл үйлдвэрлэдэг цорын ганц монополь үйлдвэр Биокомбинат наян жилийн нас туулчихаад ямар төвшинд байгаа нь харагдаж байгаа биз дээ?
Технологи нь дөч, тавин жилээр хоцрогдсон. Андуурсан байж магадгүй шүү, өнөө үед 4-5 мл тунгаар үйлдвэрлэдэг болсон эм бэлдмэлийг манайхан 4-5 литрт хийдэг гэж сонссон. Онигоо байж магадгүй юм. Тэгээд гар савлагаатай. Харин төсвийн мөнгөнөөс худалдан аваад, авснаасаа хойш нэг ч удаа ашиглаагүй тоног төхөөрөмжүүд нэлээд байна гэсэн. Хэрэг болохгүй ч хэтэрхий өндөр үнэтэй…Мөн энэ үйлдвэр жилд нэг тэрбум гаруй төгрөгөөр шүлхийн вакцин гаднаас оруулж ирэх ажлыг зохион байгуулдаг… Тендер, тоног төхөөрөмж гэснээс тэр эрх мэдлийг барьж байсан хэсэг хүмүүс ажлаа алдсандаа сандарч, сандрахдаа Д.Сугар даргын хөл дор тушиж хэвтчихээд байгаа юм биш үү? Сүр, хүч оруулахын тулд хэсэг ажилчдаа талдаа татаж, төсвийн цалингаас өөр эрх ашиггүй баймаар хэдэн хүнийг элэг доог болгоод л.
Биологийн үйлдвэрлэлд үүрэг, рольтой гол удирдагч нь үйлдвэрийн ерөнхий технологч байдаг юм гэсэн. Тэр хүний удирдлага дор цехийн дарга нар ажилладаг. Биокомбинатын цехийн дарга нар дунд эхнэр, нөхөр дөрвөн хүн, өөрөөр хэлбэл хоёрын зэрэг гэр бүл байсан гэсэн. Тэд захирлаа эсэргүүцээд олон хоног ажлаа тасалсан бөгөөд үүнээсээ болоод ажлаасаа халагдсан аж. Мөн ерөнхий технологч нь ч бас хуурамч, баталгаагүй эм бэлдмэл удаа дараа нийлүүлж байсан учраас ажлаас халагдах захиргааны ар хэмжээ авахуулж, улмаар эрүүгийн хэрэгт татагдаад байгаа юм байна.
Шинжлэх ухааны нарийн үйлдвэрлэл учраас хэн ч сонирхохгүй, сонирхлоо ч ойлгохгүй, дээр нь онцгой объект нэрээр хаалттай оршиж ирсэн Биокомбинатыг  алган дотроо хумичихаад хөлжих, баяжих хэрэгсэл болгож сурсан хүмүүс ингээд үүрээ хөндүүлчихээд сандарч байгаа нь энэ юм биш үү? Хамгийн инээдтэй нь ТӨХ түүнээс нь айгаад л… Төрийн өмчийн үйлдвэрийг идэж ууж, энэ зууртаа ажлыг нь унагачихаад, хулгай хийсэн мөнгөөрөө эргээд төрийг дарамтлаад байж байдаг, овоо шүү. Төр л өрөвдмөөр юм даа. Жишээг “жижигхэн” Биокомбинат дээр татсан болохоос биш өнөөгийн төрийн өөрийнх нь байж байгаа царай л энэ, хөөрхий дөө.

З.Боргил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж