Зөвлөлт маягийн шүүх ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Зөвлөлт маягийн шүүх ажиллагаа

Юлия Тимошенког  шийтгэсэн шүүх хурал нь Украины Европын хол­боотой интеграцлах гэсэн эр­мэлз­лэлд эргэлзээ төрүүлж байна гэж барууны хэвлэл бичиж байна. Ук­раины ерөнхийлөгч Виктор Яну­кович ардчиллын үнэт зүйлсийг хүн­дэтгэнэ гэж хэлж байсан ч сөрөг хүчний лидерийг шүүсэн шүүх ажил­лагаа нь барууны сэтгүүлчдэд Зөвлөлтийн үеийн шүүхийг санаг­дуулжээ. Энэ нь Украин болон баруу­ны орнуудын харилцаанд муугаар нөлөөлж, зөвхөн Москва л эндээс ашиг гаргаж чадна гэж хэвлэлүүд бичиж байна.

Өнгөрсөн мягмар гаригт Юлия Тимошенког долоон жилээр хорих ялаар шийтгэсэн нь Украины баруун­тай интеграцлах гэсэн санаанд нь эргэлзээ төрүүллээ гэж барууны хэв­лэл бичсэн байв. “Шүүхийн шийдвэр нь нэг талыг барьсан. Үнэн хэрэгтээ бол Европ юу бодож санаж байгаа нь Януковичийг үл догдлуулна. Түүний удирдлагаар тус орон Оросын “Удирдлагатай ардчилалд шилжиж байна”, “Ардчилал дарангуйлалд орлоо” гэсэн Якуковичийн шүүмлэгч нар ярьсныг баталлаа хэмээн The Guardian сонины сурвалжлагч Люк Хардинг бичжээ. Хардинг тухайн цагтаа Оросын эрх баригчдад хэлмэгдэж, түүнд Орост орохыг 2011 оны хоёрдугаар сараас хориглосон юм. Барууны ардчиллын үнэт зүйлсээр замнана гэж Януковичийн хүрээнийхэн зүтгэж байсан ч төрийн эрхийг авсаныхаа дараа Украины шинэ ерөнхийлөгч бие даасан хэвлэл мэдээлэлд шахалт дарамт үзүүлэх болсон гэдэгт сурвалжлагч итгэлтэй байна.

The Guardian сонин бичихдээ Юлия Тимошенкогийн хэргийг ЮКОС-ын экс тэргүүн Михаил Ходорковскийн шүүхтэй адилтгажээ. Украин өөрийн хаягаар гарах олон улсын шахалтад чих зөөлөн учраас Тимошенкод суллагдах боломж ихтэй гэсэн байв. Украин,  Польшийн хамт 2012 онд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авна гэдгийг Хардинг сануулсан байв. Түүний өгүүлэл нь “Юлия Тимошенког шүүсэн нь  Украины өөрийн хаалганд оруулсан гоол” гэсэн гарчигтай байна. Түүний өгүүлж буйгаар 2012 онд дэлхийн бүх анхаарал Украин руу чиглэсэн байх учраас сөрөг хүчний лидерийг шоронд хорьсон нь тус орны эрх баригчдыг эвгүй байдалд оруулсан ажээ. “Юлия Тимошенко шоронд хоригдвол яав ч олигтой харагдахгүй” гэж Guardian онцолжээ.
Янукович засгийн эрхэнд гарч ир­сэн цагаас улс төрийн сис­темийн хөгжлийн Европын эс­вэл Оросын замыг сонгох нь гол асуудал байсан гэж The New York Times тэмдэглэсэн байна. Юлия Тимошенког шийтгэснийг уг со­нин ”голын урсгалыг хаасан” гэж нэр­лэсэн байв. Бүтэн хагас жилийн хэлбэлзэлийн эцэст сөрөг хүч­ний лидерийг шийтгэснээр Европ­той интеграцлахаас цаашид татгалзах дохиог өгч байж магад­гүй. Европын лидерүүд энэ шийд­вэрийг улстөржсөн гээд Украин Бело­русийн замд орж буйг заасан юм. Өөрийн ээлжид Янукович шүү­хийг шийдвэрийн сөрөг үр дүнг хөн­гөвчлөхийг оролдож байна. “Энэ бол эцсийн шийдвэр биш. Өмнө нь давж заалдах боломж бий” гэж Янукович мэдэгдсэнээс The New York Times иш татав. Ийм маягаар Тимошенког шүүсэн хуулийн заалтыг эрүүгийн биш болгох асуудал яригдаж магадгүй юм. Украины экс ерөнхий сайд ойрын үед суллагдаж магадгүй гэж уг сонин найдлагаа гаргасан байв. Интеграцийн асуудал ярихаар Януковичийг Брюссельд айлчлах 20-ны өдрөөс өмнө Тимошенког суллаж болох юм гэж сонин бичлээ.

Украины экс ерөнхий сайдад хорих ял оноосон нь Европын холбооноос гадна Орост таалагд­сангүй. Гэсэн хэдий ч Украин Европын харилцаа муудвал Москва л гол ашгийг олно гэж The Washington Pоst өгүүлжээ.

Орос орон Путины захиргааны үеэр Зөвлөлтийн дараах үеийн орон зайд нөлөөгөө сэргээх талаар тодорхой хэмжээний амжилт олсон. Одоо Москва Украиныг Гаалийн холбоондоо оруулахаар хөөцөлдөж байна. Гэлээ ч Киев Европын холбоотой интеграцлах чиглэлээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй. Ук­раины Засгийн газар Тимошенкод ял оноосон нь олон улс хэрхэн хандахыг нарийвчлан харж байна гэж The Washington Post сонинд Януковичийн толгойлсон Бүс нутгийн намын нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ. “Хэрэв чухал орнуудаас эсэргүүцэл даамжирвал тэд байр сууриасаа ухарна” хэмээн эрх баригч намын нөхөр хэлснийг уг сонин иш татсан байна.

“Зөвлөлт маягийн шүүх” гэж The Daily Telegraph сонин Тимошенког ялласан тухай тэмдэглэлээ гар­чиглажээ. “Украины экс ерөнхий сайдыг долоон жилийн хорих ялаар шийтгэх шийдвэр гаргасан нь хуучин загварын Зөвлөлтийн үзүүлэх шүүхийн бүхий л шинж тэмдгийг хадгалж байна” хэмээн уг сонинд өгүүлжээ.

Тимошенкогийн талынхан уг хэргийг “улс төржүүлсэн” гэж үзэж байгаа ч байгалийн хийн гэрээ байгуулсан нөхцөл нь нэмэлт мөрдөн байцаалтыг шаардаж байна гэж The Daily Telegraph бичсэн байв. Гэлээ ч шүүхийн шийдвэр нь “неозөвлөлтийн” гэж сонины нэрлэсэн барууны ба оросын талыг баригчдын ширүүн тэмцлийн үр дүн гэж сонин онцлов. The Telegraph сонин өнөөгийн ерөнхийлөгч Янукович ч түүнд хамаатайг бас заажээ.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж