Айл бүрт “нэг” ардчилал

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Айл бүрт “нэг” ардчилал

Ардын намын агаа нар гэнэтхэн ард түмэнтэй гэдгээ санаж “хувьсгалт” тодотголоо “хүзүүнээсээ” авч хаяад удаагүй байна. Гэтэл тэд гэнэтхэн ардчилал гээч “золигийн” юм байдгийг санав.  Харин тэр ардчилал нь чухам ямар эд вэ? Өнгөтэй юу, үнэртэй юу, амттай юу, Батаагийн, Болдоогийн эсвэл бүр Обамагийн “хайрцганд” байдаг уу, бүү мэд. Нэгэнт тэдэнд байхгүй, ямар хэлбэр, дүрстэйг нь мэдэхгүй болохоор ард түмэнд ч алга байж таараа байлгүй. 70 жил ахалж сурсан “Ах” намынхан ахын сэтгэлээр ардчиллыг айл бүрт тараахаар болов. Харамсалтай нь “эх орны хишиг” шиг ганц өдөр, ганц жил тараагаад болчихдог зүйл биш гэдгийг “агаа” нар мэдсэнгүй.

Урд хөрш маань 1980-аад оноос “айл бүрт нэг хүүхэд” аян өрнүүлж байсан. Угтаа багтахгүй шахам болтлоо үржээд байсан хүн амаа бууруулахын тулд энэ бодлогыг баталсан хэрэг л дээ. Одоо харин 2010 оноос “айл бүрт нэг нохой” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Учир юу гэвэл хүнтэйгээ ижил нохой нь багтахаа больсон хэрэг. Гэтэл манай улсад тэр ардчилал гэдэг зүйл нь ийм “олон” саяараа, “олон” тэрбумаараа байгаа ч юм шиг. Эсвэл ах нарт л байдаг. Жирийн иргэдэд байхгүй бололтой. 1930-аад оны эхэнд Герман улс “айл бүрт нэг радио” хөтөлбөрийг боловсруулж улс даяараа радиотой болж байсан билээ. Гитлер үзэл сурталаа түгээхийн тулд шинэхэн бөгөөд үнэтэй хэрэгсэл байсан радиог хүн бүрт түгээж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийг 1950 онд АНУ “айл бүрт нэг телевиз” болгон өөрчилж маш үнэтэй байсан техникийн дэвшлийг хямд үнээр хүмүүст тарааж эхэлсэн билээ. Харин 2005 оноос манай улс “Айл бүрийг компьютержүүлэх” хөтөлбөрийг боловсруулж хотын хүн амын ихэнхийг компьютертэй болгосоныг санаж байгаа байх. Үүнээс харвал манай улсад огт ардчилал байгаагүй, цөөн тоогоороо, аль эсвэл тийм үнэтэй байгаа ч юм шиг.

Иргэн бүрт нэг сая 500 мянган төгрөг гэсэн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд сар бүр тарааж байгаа 21 мянган төгрөг шигээ эрхэм “агаа” нар санаад байгаа юм уу даа.  Угтаа бол ардчиллыг ямар нэгэн намын, хэн нэгэн тараагаад байдаг ч эд биш. Тэгэж тараая гэсэн ч тэд чадахгүй. Угаасаа боломжгүй. Яагаад гэвэл ардчилал ард түмний гарт байдаг болохоор тэр. Ардчиллыг айл бүрт гээд байгаа хэрнээ сонгуулийнхаа тогтолцоог шударга болгочихож чадахгүй л маажигнаад яваа хүмүүс шүү дээ. Тэгээд ч ардчиллыг ард түмний сонголтоор, парламентад гарч ирсэн ард түмний төлөөлөл хэрэгжүүлэх учиртай. Түүнээс биш төрийн дансанд “Хүний хөгжлийн сан”-д ч байдаг юм биш л дээ, уг нь. Хэрвээ ингэж тараадаг бол Орос, Хятад хоёр хэзээний тараачихсан. Одоо аль хэдийнэ “эрх чөлөө” гээд эсгэрч байна шүү дээ. Эсвэл НҮБ-аас ядуу орнуудад тонн, тонноор нь тарааж, ардчилалын хөгжилгүй африк, азийн орнууд аль хэдийн “ардчилал”-тай болчихсон байж ч мэдэх юм. Даанч харамсалтай нь үлгэрт гардаг шиг ганц дохиод болчихдог эд биш юм даа,

Ардчилал гэдэг зүйлийн үнэр нь ямар байдаг юм бэ
Ах намын агаа нарт үнэрлүүлж нэг үзмээр байна
Ардчилал гээч эдийн өнгө нь ямар байдаг юм бэ
Ардын намын эгч нарт тодоос тод харуулмаар байна
Ардчилал хэмээгч зүйлийн амт нь ямар байдаг юм бэ
Ардын намын гишүүдэд амтлуулж нэг үзмээр байна… гэж.

А.Шархүү
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж