Хөрөнгийн зах зээлийн хөндүүр сэдэв

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн хөндүүр сэдэв

Сүүлийн хэдэн жилд манай төр засгийн зүгээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр нэлээн сайн анхаарал хандуулж бодлогын шинжтэй хэд хэдэн ажлыг эхлүүлээд байгаа билээ. Ер нь зах зээл хөгжсөн АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хувьд банкны зээлийг шүтэж амьдрахаас илүү хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадсанаар одоогийн энэ өндөрлөгт хүрсэн гэж болно.

Харин монголчууд бид социалист нийгэмд орос ах нарын заасан замаар 70 жил мөлхөж зах зээлийн харилцаанд шилжих мөчтэй зэрэгцээд хөрөнгийн бирж гэдэг байгууллага байгуулагдсан. Хөрөнгийн бирж нь байгуулагдаад хөгжилд хүрчихнэ гэж бодож байсан ард түмний хувьд байдал санаснаар нь болсонгүй. Харилцагчийнхаа гарын үсгийг дуурайлгаж зураад хувьцааг нь зарчихдаг зарим “том толгойтой” брокерууд, дампуурсан банкинд харилцагчдын мөнгийг аваачаад хийчихдэг хариуцлагагүй албан хаагчдаас болж хөрөнгийн зах зээлийн түүхэнд хар толбо суусан. Ядаж байхад хармаанаасаа мөнгөө гаргаж аваагүй учраас хувьцааныхаа хойноос “сэтгэл тавих” сэтгэл монголчуудад дутаж энэ бүх зүйлийг мэдээгүй юм шиг, мэдсэн ч юу болоод байгааг ойлгож амжилгүй байсаар  энэ явдал өнгөрсөн.

Харин хөрөнгийн зах зээл нь хөлөө олж ядан алхсаар 2004 он болоход хөрөнгийн биржээс төлбөр тооцоо, хадгаламжийн албыг нь тусад нь гаргаж “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТТТХТ/ гэх хэр баргийн хүн, тэр дундаа хувьцааныхаа ч учрыг олж чадахгүй тэмтэрч яваа жирийн иргэд ч тогтоохгүй урт нэртэй байгууллагыг байгуулсан. Байгуулах ч гэж дээ мөнгөгүй орны зовлонгоор Азийн Хөгжлийн Банкны “шахалт” зөвлөмжөөр хөрөнгийн зах зээлийнхээ “зүрх”-ийг хоёр хуваасан. Гэхдээ бирж, төлбөр тооцоо хоёулаа төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит аж ахуйн нэгж гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Энэ үеэс хөрөнгийн зах зээлийн шинэ үеийн бараан түүх эхэлсэн гэж үзэж болно. Яагаад ингэж дүгнэх болсон шалтгааныг тайлбарлахыг оролдъё. Юуны өмнө хөрөнгийн зах зээлийн механизмийн талаар дурдах нь зүйтэй болов уу. Хүмүүс хувьцаа худалдаж авч арилжаанд оролцохын тулд мэдээж брокерын пүүсэд данс нээлгэнэ. Тэр нээлгэж буй данс нь банкны харилцах данстай ойролцоо бөгөөд мөн чанартаа дээрх урт нэртэй байгууллага дээр нээгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үнэт цаасны арилжааг нь хөрөнгийн бирж, төлбөр тооцоо, хадгаламжийг нь ҮЦТТТХТ, зуучлалын үйл ажиллагааг нь брокерын пүүсүүд хийнэ. Тэгэхээр дээрх  байгууллагуудын ажил яалт ч үгүй уялдаа холбоотой байхыг зах зээлийн зарчим нь өөрөө шаарддаг. ҮЦТТТХТ-ийн хувьд харилцагчдынхаа дансыг нээлгэхээр ирсэн пүүсийн ажилчдыг урт дараалалд хөврүүлэн олон шат дамжлага шаардана. Дээрээс нь харилцагч данснаасаа бэлэн мөнгө гаргахыг хүсэх юм бол гарын үсгээ алдалгүй “яг таг” зурж, байцаалт өгөхөөс наагуур юм болж байж нэгээс хоёр хоногийн дараа банкаар дамжуулж мөнгөө авна. Мөн ямар брокерын пүүс дээр данстайгаа мэдэхгүй хөгшин настай, хөдөөний хүмүүс дансаа шүүлгэхийн тулд зайлшгүй тус байгууллагын хаалгыг татах шаардлага гардаг бөгөөд тэр тоолонд ажилчид нь “Интернетээр ороод өөрийнхөө регистрийг хийгээд шалга. Манайх данс шүүдэг газар биш. Өөрийнхөө пүүс рүү яв…” гэдэг хариултыг ихэнхдээ хийнэ. Интернэт байтугай компьютер гэдэг зүйлийг ч хараагүй хүмүүс манайд цөөнгүй бий гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ялангуяа хөдөөний малчин ард түмэн, өндөр настай хүмүүс маань өдөр тутам оффисын ажил хийдэг хүмүүсийг бодоход интернетийн хэрэглээгээрээ хэр зэрэг ялгаатай нь мэдээж.

Тус байгууллагын хувьд төсөв мөнгө муутайгаас ажил нь ийм удаан, үйлчилгээ муутай байдаг уу гэвэл үгүй. Хөрөнгийн бирж дээр хийгдэж буй арилжаа бүрээс шимтгэл авч харилцагчдын халаасыг тэмтэрнэ. Мөн нийт данстай хүмүүсийн мөнгөн хөрөнгийг өөр дээрээ байлган түүнийгээ арилжааны банкинд байршуулан хүү бодуулан авч “хэтэвчээ зузаална”. Одоогийн байдлаар тус байгууллага дээр данстай харилцагчдын тоо 500 мянга орчим байгаа бөгөөд дээр нь бирж дээр өдөр бүр явагдаж  буй арилжаанаас шимтгэл авна гэж бодохоор нэлээн их ашиг орлоготой нь харагдаж байна. Бас шинээр нээгдэж буй бүх данснаас хураамж авна. Тиймээс ингэж их мөнгө олж байж үйл ажиллагаа, үйлчилгээний тогтолцоогоо шинэчилдэггүй улам л хуучин зуун руугаа тэмүүлж байдаг энэ байгууллагын асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй мэт санагдаж байна.

  Ц.Отгоо
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж