Ю.Тимошенко шоронд, харин В.Путин ”хаан”-ы сэнтийд

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

Ю.Тимошенко шоронд, харин В.Путин ”хаан”-ы сэнтийд

Шүүхээс ял сонссоныхоо дараа Ю.Тимошенко "Сталины дэглэм Украйнд эргэн ирлээ. Энэ бол Украйнчуудыг Европоос тусгаарлах гэсэн В.Януковичийн авторитар дэглэм" хэмээн хашгирсан.

Тэрбээр өөрийнхөө хэрэгт их гүрнүүдийн геополитикийн зөрчлийг хамаатуулахыг хүсэв. Ю.Тимошенкогийн хэлсэн үг байгаа оносон болохыг Европын холбооны хүний эрхийн комиссарын мэдэгдэл нотолсон юм. Тэрбээр "Энэ хэрэгт улс төрийн нөлөө орсон" хэмээн Киевийн шүүгчдийг буруутгаж, Европын холбоо, Украйны хооронд дөрвөн жилийн хугацаатай байгуулахаар зэхэж байсан чөлөөт худалдааны гэрээг дахин харзнана гэж сүрдүүлэх аястай мэдэгдэл хийлээ.

Европтой харьцуулахад АНУ байр сууриа харьцангуй намдуухан илэрхийлжээ. АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгчид "Ю.Тимошенкод ял ноогдуулсан нь Украйн улс ардчиллын үйл хэргээс хол хөндий болсныг харуулж байна" гээд түүнийг суллахыг шаардсан байна.

Тэдний шахаанд орсон Украйны Ерөнхийлөгч В.Янукович эцэст нь "Энэ бол шүүхээс гаргах эцсийн шийдвэр биш" гээд ам алдчихлаа. Тэрбээр энэ сарын 20-нд Брюссельд Европын холбооны төлөөлөгчидтэй уулзана. Тэр үед "улс төрийн хэрэгтэн" Ю.Тимошенко нэрээ цэвэрлэж ч мэдэх юм.

В.Янукович Украйны Ерөнхийлөгч болонгуутаа хилийн чанад дахь анхны айлчлалаа Кремлиэс эхэлсэн. Харин Ю.Тимошенко Ерөнхий сайд болсныхоо дараа долоон сарын турш Орос руу огт зүглээгүй. Цагтаа "Кремлийн утсан хүүхэлдэй" хэмээн нэрлэгдэж байсан В.Янукович хэдийгээр Европтой харилцаагаа бататгахыг эрмэлзэж байгаа боловч байгалийн хийн гэрээ, хэлцэл дээр оросуудад үргэлж бууж өгдөг.

Гэтэл Ю.Тимошенко ОХУ-ын тээвэрлэлтийг зогсоож, В.Путинг сандаргаж байв. Тэгэхээр Оросын эсрэг тавих шатрын өрөг нь Украйн, бэрс нь Ю.Тимошенко болж таарах нь.

Тусгаар тогтносон Украйн улсын хэрэгт АНУ, Европ юуны учир хутгалдах болов. Уг нь тэд өнгөн дээрээ хүний эрх, улс төрийн дарамт, шахалтын тухай ярьж байна. Гэвч түүний цаана их гүрнүүдийн геополитикийн тоглоом хөвөрч байгаа бололтой.

Украйн бол газар нутгийн хувьд Европ, Оросыг холбосон улс. Тиймээс хойд хөршийнхөн байгалийн хий, газрын тосны тээвэрлэлтээ Украйнаар дамжуулдаг. Хэрэв Украйнд барууныхныг дэмжсэн улстөрч эрх мэдэлтэй болбол юу болох бол. АНУ энд ямар хамаатай вэ. Геополитикч Хэлфорд Макиндер "Хертланд" буюу "Зүрхэн газар"-ын тухай томъёолол үүний хариулт болж мэдэх юм.

Их гүрнүүд эх газрын зүрхэн хэсэг рүү үргэлж тэмүүлж байдаг. Түүнд одоогийн Орос, Украйны нутаг   дэвсгэр багтдаг. Тиймээс барууныхан болон америкчуудыг дэмждэг улстөрчийн нөлөөг тогтоох нь чухал гэсэн үг.

Ажиглагчид Ю.Тимошенкогийн "Жүржийн хувьсгал"-ыг америкчууд санхүүжүүлсэн гэж хардаж байсан нь үүнийг нотолж байна. Тэгэхээр Украйны дотоодын шүүхээр шийдэгдсэн хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтгаан тэдэнд бий бололтой. Энэ үед Орос ямар байр суурьтай байна вэ.

Бээжинд аялж яваа В.Путин хуучин хамтрагчаа ял авсан тухай сонсоод "Яагаад ийм зүйл болсныг ойлгохгүй байна" гэжээ. Өөртэй нь байгуулсан хэлэлцээрээс болж ял сонссон учраас тэрбээр хамаагүй дуугарч болохгүй ч байж мэднэ. Гэхдээ нэгэн цагт хэлэлцээрийн ширээний ард өөд өөдөөсөө харан сууж байсан хоёр эрхэм одоо тэс өөр байр суурин дээр очсоныг харахад гайхмаар.

Нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болж, энэ их гүрнийг дахиад удирдах замаа засаж байна. Харин нөгөөдөх нь орон сууцаа хураалгаж, Украйны шоронд долоон жил хоригдох ял авчихлаа. Энэ бол сонирхолтой дүр зураг.

Ер нь их удирдагчийг дагасан хүмүүсийг иймэрхүү төгсгөл хүлээдэг ч байж мэдэх юм. Манайхаар бол Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Баатар авлигын хэрэгт холбогдож, гурван жилийн ял авч байсантай төстэй. Төрийн жирийн албан хаагч байсан Б.Баатар гэдэг хүн МАХН дангаараа ялалт байгуулж, төрийн эрхэнд гарах үед Гаалийн ерөнхий газрын дарга болон томилогдож байв.

Эцэст нь олон зуун сая төгрөгийн авлига авсан хэрэгт холбогдож, шоронгийн хаалга татсан. Их удирдагчийг дагасных нь балаг ч байж мэдэх юм. Гэхдээ Украйнаас ялгаатай нь Б.Баатар гэдэг хүн улс орны хэмжээнд шийдвэр гаргах түвшний улстөрч биш байв.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад нийтлэг ажиглагддаг дүр зургийн нэг нь Ю.Тимошенко байхыг үгүйсгэхгүй. ЗХУ задарсны дараа Борис Ельцин ОХУ-ын Ерөнхийлөгч болсон. Уг нь тэр ардчиллыг магтан дуулдаг байв. Гэхдээ сөрөг хүчний багахан төлөөллийг парламентад оруулсныгаа "ардчилал" хэмээн нэрлэдэг байсан гэж хэлж болно. Тийм учраас энэ байдлаа хадгалж үлдсэн өнөөгийн Орос орныг диктатурын дэглэмтэй гэж тодорхойлдог.

Беларусьт бас л ийм дүр зураг бий. Тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко болон түүнийг "дэмжигч" сөрөг хүчнийхэн. Харин Украйнд өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэсэн Ё.Янукович, замд нь саад болж байгаа Ю.Тимошенко. Эдгээр оронд улс төрийн хувьсал, өөрчлөлтөд нийтлэг зүйл олон байгаа бололтой.

Гэхдээ Ю.Тимошенко барууны орнуудын дэмжлэгийг их авч байгаа учраас В.Янукович байр сууриасаа ухарч мэднэ. Харин тэр үед дахин сонгуульд оролцох эрхээ олж авсан Ю.Тимошенко "Жүржийн хувьсгал"-ын хоёр дахь давалгааг гаргах боломжтой.

"Жүржийн хувьсгал" хийхээсээ өмнө Ю.Тимошенко Оросын шүүх танхимд байр сууриа хамгаалж, мөн л ууртай хашгирч байсан юм. Харин маргааш нь тариачин эмэгтэйн дүрээр гарч ирэн олон нийтийг тэмцэлд уриалж байв. Гэхдээ тэр үед "Жүржийн хувьсгал-д" 500 мянган хүн оролцсон. Харин энэ удаад долоон жил хоригдох ял сонссон Ю.Тимошенког дэмжихээр Киевийн Печерскийн шүүхийн байрны гадаа 800 орчим хүн л цугларсан билээ. Цаашид юу болохыг харж л байя.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж