Нэг өдөр мод тарилаа, ургах уу

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Нэг өдөр мод тарилаа, ургах уу

-Нийслэл хотод тарьж байгаа моддын 40-50 хувь нь ургадаггүй гэсэн судалгааг “Ногоон байгууламж” компанийнхан хийжээ-

Улаанбаатар хотын тоосжилтын хэмжээ өдөрт дунджаар 131-162 метр куб байгаа нь олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 3-4 дахин хэмжээтэй байна гэсэн судалгаа гарчээ. Үүний хажуугаар хөрсний бохирдол болон, агаар дахь хүхэрлэг хийн агууламж сүүлийн жилүүдэд өндөр гарах болсон тааруухан мэдээлэл ч байна. Харин өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. “Мод тарих үндэсний өдөр” энэ сарын 15-ны бямба гаригт тохиов. Зарлиг гарснаас хойш гурав дахь удаагаа нийтээрээ мод тарьж байгаа нь энэ.

Мод тарих нэг өдөр…

Хүн хорвоод төрсөн бол гурван зүйлийг хийсэн байх ёстой ажээ. Түүний нэг нь “мод тарих”. Өнгөрсөн бямба гаригт “Мод тарих үндэсний өдөр” тохиож цэцэрлэгийн багачууд, сургуулийн цэцэрлэгийн хүүхдээс эхлээд төрийн түшээд хүртэл хаана нэгтээ хүрз барин алхацгааж, моддыг суулгаж байв. Энэ жилийн тухайд нийслэлийн зургаан дүүрэгт мод тарих аян өрнөсөн бөгөөд дүүрэг, нийслэлийн удирдлагууд, төрийн түшээд оролцсон юм. Мөн энэхүү нэгдсэн өдрийн хүрээнд томоохон компани болон хувийн сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн санаачилгаар мод тарих өдөрт нэгдсэн байна. Жил бүрийн энэ өдөр тарьдаг моддын тоо олон, нэгдсэн мэдээлэл гаргах боломжгүй гэх. Ямар ч байсан Хан-Уул дүүрэгт л гэхэд 16480 мод, бут, сөөг улиас тарьжээ. Ийнхүү “Мод тарих үндэсний өдөр” өндөрлөв. Мод тарих өдөртэй болгоод тарьж байгаа нь сайн ч ургах моддын тоо хэдэн хувьд хүрэх нь эргэлзээтэй.

Улаанбаатарт тарьж буй моддын 40-50 хувь нь ургадаггүй

Нийслэл хотод тарьж байгаа моддын 40-50 хувь нь ургадаггүй гэсэн судалгааг “Ногоон бай­гууламж” компанийнхан хийжээ. Учир нь нэгэнт тарьсан моддыг арчилж, хамгаалах хүн хомс байдагтай холбоотой аж. Одоогоос хоёр жилийн өмнө нийслэл хотод уулнаас мод авчирч суулгасан нь жилийн дараа гэхэд гандаж, дахин суулгахаас өөр аргагүй болжээ. Харин тарьсан гэх моддын нэг ширхэгийг нь л гэхэд 350 мянган төгрөгөөр авсан гэх мэдээлэл байна.

Нөгөө талаар шинээр баригдаж буй барилгын 80 хувьд нь ногоон байгууламжийг огт төлөвлөөгүй байсан гэх судалгаа гарчээ. Гэтэл 2009 оны Засгийн газрын тогтоолын хавсралтанд буюу “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.3.2-т зааснаар “хүрээлэн байгаа орчны байгалийн тогтоц, хийсэн тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалан хамгаалах,  нөхөн сэргээх ажил болон инженерийн бэлтгэл арга хэмжээг заана” гэж тусгасан байдаг ажээ. Гэтэл энэхүү дүрэм, журмын хэрэгжилт амьдрал тааруухан байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

“Улаанбаатар хотод ногоон байгууламжийн нэгдсэн төлөвлөлт гэж огтоос байдаггүй. Ямар сайндаа л шинээр баригдаж байгаа барилгын урд талын талбайд ногоон байгууламж барих гэхээр машины зогсоолын зайг моддоор бөглөлөө гэж загнаж байхав дээ” гэж Монголын ландшафтын холбооны дэд ерөнхийлөгч Н.Жигжидсүрэн харамсан ярьж байсан.

Улаанбаатар хотын хэмжээнд тарьж байгаа ногоон байгууламжийг хянадаг, ургалтыг нь тооцдог мэргэжилтэн хангалтгүй байдаг аж. Учир нь энэ төрлийн мэргэжилтэн байдаггүй, мэргэжсэн хүн цөөхөнтэй холбоотой. Тиймээс өнгөрөгч 15-ны өдөр зохион байгуулсан “Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд тарьсан моддыг хэн хамгаалах эсэх нь бас л эргэлзээтэй.

Гадны оронд ч ийм өдөр бий, гэхдээ илүү…

Одоогоос арав гаруй жилийн өмнө Өмнөд Солонгос улсад бүх нийтээрээ мод тарих өдөртэй байх шийдвэрийг гаргажээ. Хүн болгон тэр өдөр мод тарьдаг байж. Тэр өдрөөр тарьсан моддын ургалтын асуудлыг дендорлогын тусгайлсан алба хариуцаж сар бүр судалгаа гаргадаг байсан гэх мэдээлэл бий. Харин одоо бол энэ өдрийг тэмдэглэхээ больжээ. Тухайн үед Өмнөд Солонгосын томоохон хотуудад асуудал болоод байсан модод эхнээсээ ургаж эхэлсэн болохоор тэр. Уругвай улсад ийм өдөр бий. Тухайн улсын байгаль орчны яамнаас нь тусгай хүмүүсийг хөлслөн авч ургалтыг нь хариуцуулдаг системтэй ажээ. Энэ өдрийг цуцлах тухай асуудал энэ улсад ид яригдаж байна

Зарим орнуудад мод тарих ажилд нэг өдөр гаргахаасаа илүүтэй мод ургуулсан хүнийг урамшуулдаг тогтолцоо үйлчилдэг ажээ. Үүний нэг жишээ нь урд хөрш Хятад улс. Хятадад нэг га газрыг 15 хуваасны нэг дээр мод тарих юм бол 100 юанийг, харин ногоо таривал 15 юан өгдөг тогтолцоотой аж. Хэрвээ тухайн хүний эзэмшдэг талбайд модны ургалт нь муу байвал улсаас хурааж авдаг тогтолцоо үйлчилдэг ажээ.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж