Ла лиг: Игуайны “шоу”

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Ла лиг: Игуайны “шоу”

Испанийн Ла лигийн долдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр боллоо. “Реал Мадрид” баг талбайдаа “Реал Бетис”-ийг хүлээн авч, 4:1 харьцаатай хожжээ. Хоёр тойргийн өмнөхөн лигийг тэргүүлж байсан “Бетис” хоёрдугаар хагаст болсон Игуайны “шоу”-нд өртлөө. Игуайн тоглолтын 46 дахь минутад Криштиан Роналдугийн дамжуулалтаар, 70 дахь минутад Анхель Ди  Мариягийн дамжуулалтаар хаалгачийг хуурч, 73 дахь минутад хаалгачийн эсрэг ганцаар сугаран хэмжиж цохин гоолджээ. Үүнийг Гонсало Игуайны “шоу” гэж нэрлэжээ. Игуайн энэ улиралд Ла лигт хоёр дахь хет-трикээ хийж, найман гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтад дэд байрт бичигдлээ. Мөн сүүлийн үед гэмтэл бэртлийн улмаас урьдын сайхан тоглолтоо үзүүлэхгүй байсан Кака 59 дэх минутад торгуулийн талбайн гаднаас цохиж, гоёмсог нэгэн гоол оруулав. Зочдоос 69 дэх минутад Хорхе Молина гоол оруулж, нэр төр авчирчээ.

Харин тэдний мөнхийн өрсөлдөгч “Барселона” талбайдаа “Расинг Сантандер” багийг 3:0-ийн харьцаатай хожлоо. Энэ тоглолтод Месси /12, 69/ хоёр гоолоор “дубль” хийснээр “Барса”-гийн төлөө 195 гоол оруулан, домогт Ласло Кубалагийн амжилтыг давлаа. Мөн 28 дэх минутад “Бяцхан удирдагч” гэгддэг Шави мөргөн гоолдлоо.

Энэ жил тун давгүй тоглолтыг үзүүлж буй “Леванте” талбайдаа “Малага” багийг 3:0-ийн харьцаатай хожлоо.

Долоон тойргийн дараах байдлаар “Барса”, “Леванте” багууд 17 оноотойгоор лигийг тэргүүлж, “Реал Мадрид” 16 оноогоор удаалж байна. Харин мэргэн буучийн жагсаалтыг Аргентиний шигшээ багийн довтлогчид буюу 10 гоолтой Месси, найман гоолтой Игуайн нар тэргүүлж байна. 
   

Долдугаар тойргийн дүн:

“Mальярко” 1 – 1 “Валенсия”
“Хетафе” 0 – 0 “Вильярреал”
“Реал Мадрид” 4 – 1 “Реал Бетис”
“Барселона” 3 – 0 “Расинг Сантандер”
“Гранада” 0 – 0 “Атлетико Мадрид”
“Раяо Валлекано” 0 – 1 “Испаниоль”
“Реал Сарагоса” 2 – 0 “Реал Сосейдад”
“Леванте” 3 – 0 “Малага”
“Севилья” 2 – 1 “Спортинг Гиён”

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж