Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэлэлцэв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, танхимын гишүүд саналаа өгч дэмжсэн байна. Ингэснээр уг хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаагаас тодрууллаа.

-Засгийн газрын хуралдаанаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр танхимын гишүүд ямар санал өгсөн бэ?

-Засгийн газрын гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна гэдгээ илэрхийллээ. Зарим чиглэлээр өгсөн саналыг ажлын хэсэг дээр дахиж яриад төсөлд оруулахыг нь оруулж, дахиж ярилцах, судлах асуудал байвал эргэж харна. Засгийн газар дэмжсэн болохоор УИХ-д өргөн барина гэсэн үг.

-Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалт байдаг. Хүнийг гүтгэх, доромжлох, нэр хүндийг нь гутаасан тохиолдолд баривчилж шийтгэнэ гэсэн агуулгатай. Түүнд сэтгүүлчид өртөх магадлал их байдаг. Тэр талаар Засгийн газрын хурлаар хөндсөн үү?

-Тэр заалт дээр гол саналууд гарсан. Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд тэр заалтуудыг Эрүүгийн хуулиас авч иргэний зохицуулалтын хүрээнд шийднэ гэж оруулсан. Иргэний танхимд энэ талаар хэлэлцүүлэг болсон. Энэ асуудлыг огт хариуцлагагүй үлдээж болохгүй. Тодорхой хариуцлага  хүлээлгэх ёстой. Бидний барьж байгаа байр суурь бол баривчлах гэсэн эрүүгийн заалтыг хэрэглэж болохгүй. Бусад улс оронд ч тийм туршлага байхгүй. Харин мөнгөн торгууль оногдуулах, албадан хөдөлмөр хийлгэх хүрээнд зохицуулалтыг боловсронгуй болгож болно гэсэн байр суурьтай байгаа. Албадан хөдөлмөр гэхээр манайхан барилгын ажил, зам, хог цэвэрлэх гэж ойлгоод байдаг. Уг нь албадан хөдөлмөр гэдэг нь олон улсын туршлагаар бол сургалтад суулгах, зан үйлд нь нөлөөлөх, ёс зүйтэй болоход нь нөлөөлөх үйл ажиллагаанууд байдаг. Түүнийг Монголд нэвтрүүлж болох юм.

Ер нь Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг шийтгэснээр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн “шүгэл үлээх” эрхийг хязгаарлах аюултай. Хэрэв энэ эрх хязгаарлагдах л юм бол ил тод байдал, хэвлэлийн хоточ нохойн үүргээ гүйцэтгэх, хяналт тавих бүх боломж үгүй болох аюултай. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тэр заалтыг иргэний журмаар шийдэх боломжтой. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл харин өөрийн хяналтын зөвлөлтэй байх ёстой. Тэгснээр бие даасан хараат байдлаа хангаад өөрөө өөрийгөө цэвэршүүлээд, ёс зүйгээрээ удирдаад явах боломжтой. Үүнийг хуулиар нэлээд дэмжиж өгч байгаа. Ингэснээр сэтгүүлчид өөрсдөө маш их хариуцлагатай, ёс зүйтэй, шударга ажиллах  үүргээ үнэхээр ухамсарлах цаг үе ирж байна гэдгийг хэлье.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж