Хулгайч хэнийг ч ялгахгүй, бүгдэд нь ”үйлчилнэ”

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Хулгайч хэнийг ч ялгахгүй, бүгдэд нь ”үйлчилнэ”

“Бороо гоулд” ХХК-ийн Ерөнхий захирал Жон Казаковын гэрт хулгай орсон гэнэ. Тэрбээр Зайсанд байрлах “Green village” хотхонд амь­дардаг бөгөөд гэртээ эхнэр хүүхэдтэйгээ шөнө унтаж байхад нь хулгайч орсон аж. Улмаар эхнэрийнх нь үнэт эдлэлийг аваад гарч одсон юм байх. Хулгайд өртөнө гэдэг ямар л олиг байв гэж. Гэхдээ иймэрхүү тохиолдлууд их олон гардаг юм байна шүү. 2005 онд тухайн үед УИХ-ын гишүүн байсан К.Сай­рааны гэрт хулгай орж, Египет улсад үйлдвэрлэсэн бриллиантан шигтгээтэй ээмэг, хүзүүний зүүлт, мөн Бахрейн улсад үйлдвэрлэсэн солонгордог чулуун бөгж, 40 см-ийн өндөртэй, нэг килограмм жинтэй мөнгөлсөн шонхор шувууны цутгамал, ногоон өнгөтэй 15 ширхэг чулуун заан гээд үнэ цэнэтэй болгоныг нь хамж аваад явчихсан байсан гэдэг. Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга асан  Ж.Бямбадоржийн гэрт ч хулгайч орж байсан юм. Уг хэрэг 2008 оны есдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө гарсан бөгөөд “Ж.Бямбадоржид дурс­­гав” гэсэн бичигтэй нэ­лээд хэдэн мөнгөн аягыг нь аваад явчихсан гэж байгаа. Мөн 2009 онд Олимпийн аварга П.Бадар-Ууганд “Бридж” констракшнаас бэ­лэглэсэн XIII хороололд байрлах байранд нь хулгайч орж компьютер, гар утас, үнэт эдлэл, их хэмжээний юань, ам долларыг нь хулгайлаад гарч одсон байх юм. Иймэрхүү хулгайн гэмт хэрэг гадаадад ч болдог бөгөөд өнгөрсөн жил байх аа, Бразилийн хөл бөмбөгч Рональдиногийн Итали дахь тансаг харшид хулгайч орж, хэдэн арван мянган еврогийн үнэтэй эд хогшлыг нь аваад явчихсан байсан гэнэ лээ.Баян хүнийг балаг тойрдоггүй гэдэг. Харин Монголын нөхцөлд баян хүнийг олон зүйл тойрдог. Замын хөдөлгөөний дүрэм зөрч­сөн баян хүнд хууль үйлчилдэггүй. Эрх мэдэлтэй дарга хүний хийсэн гэмт үйлдлүүдэд хуулийн хүрээнд ял шийтгэл ногдуулдаггүй. Гэтэл хулгайч л хэнийг ч тойрч гарахгүй, дайрдаг юм байна. Нэлээд хэдэн жилийн өмнө дуучин Крис Норман Монголд ирээд явахдаа түрийвчээ хул­гайд алдаж байсан са­наг­дана. Мөн Монголын хүр­­гэн, холливуудын нэрт жү­­жигчин Стивен Сигал тү­рийв­чээ суйлуулж байсан гэж байгаа. Хулгайч аа гэж, хэ­нийг ч ялгалгүй бүгдэд нь “үйл­чилдэг” шударга гарууд аж.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж