В.Путины хувьд Монгол хэн юм бэ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

В.Путины хувьд Монгол хэн юм бэ

Хойд хөршийн Ерөнхий сайд В.Путин  саяхан өмнөд хөршид хоёр хоног айлчлахдаа санасандаа хүрч, байгалийн хий нийлүүлэхээр нэг их наяд ам.долларын  гэрээ байгуулаад буцсан. Тэрбээр Засгийн газрынхаа “охин компаниуд” хэмээн  ёжлуулдаг   “Газпром”, “Рос­нефть”, “Русал”-ын удирд­лагуудыг дагуулан очиход нь БНХАУ-ын хамгийн бүдүүн дарга нар болох Ху Жиньтао, Вэн Зябао нар тосон тожигнотол гүйлдэхийг харах агшинд М.Ходорковский хэмээх нэгэн эрхмийг өөрийн эрхгүй санан дурсав.  Эдүгээ шоронд хоригдож буй М.Ходорковский дэлхийн бая­чуудын эхний 20-д багтаж явах үедээ буюу 2000 оны эхээр Хятадыг чиглэсэн нефтийн хоолойгоо Монголоор дай­руулан тавибал ашигтай бай­гаа талаар судлаад бүх тоо­цоо, төслөө үзүүлэн манай Зас­гийн газарт санал тавьж бай­сан.  Тэнэгтээ ч тэр үү, мэдэх­гүйгээсээ ч болсон уу тухайн үед манай Засгийн газар баярлан шүүрч авах байтугай төдийлөн нааштай хариу өгөөгүйд одоо хэр нь харамсах хүн олон байдаг.

 Мөн   В.Путин ОХУ-ын  Ерөнхийлөгч байхдаа 2010 оны арваннэгдүгээр сарын 13-14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урил­­гаар Монголд тө­рийн айлч­лал хийх­дээ Улаан­баа­тарын тунхаглалд гарын үсэг зурсан. Энэ тун­хаглалын дө­рөв­дүгээрт “Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа нь Зүүн хойд Азид төлөвшин буй бүс нутгийн хамтын ажиллагааны бүрэл­дэхүүн хэсэг гэж үзэж байна.

Мөн XXI  зуунд хандсан бүс нутгийн эрчим хүчний томоохон төслүүд болох байгалийн хий, газрын тос дамжуулах хоолой, цахилгааны шугамыг барьж байгуулах нь ихээхэн ач холбогдолтой гэж Улаанбаатар, Москвад үзэж байна”  хэмээн бичсэн байгаа. Манай “төрийн” орчуулагчид алдаагүй орчуулсан байх гэж найдъя. Тэгэхээр В.Путин, Н.Багабанди нарт, эсвэл тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр тэргүүнтэнтэй байгалийн хийн хоолойг  Монголоор дамжуулах талаар ярьж тохирсон зүйл байсан нь лавтай. Харин монголчуудын “сайн найз”, эртний танил В.Путин  яагаад Оросын эдийн засагт, мөн хамгийн дотно хөрш, “ган бат найрамдалт” Монголд давхар ашигтай энэ маршрутыг зөрчин газрын зураг дээр Монголын тойруулан хийн хоолойг тавихаар шийдсэн юм бол. Лав л Николай хааны мухар хуруугаараа татсан шугам шиг анатоми, физиологийн гаралтай алдаа биш улс төр,  бизнесийн явуулгатай шийдвэр гарсан нь энэ гэж учир мэдэх хүмүүс тайлбарладаг. Их гүрэн дотооддоо улс төр бизнесийн ямархуу зөрчилтэй байдаг талаар төсөөлшгүй. Гэхдээ  л хийн хоолойг  Монголыг тойруулан даялуулах  нь Оросын эдийн засагт  тийм ч ашигтай бус баймаар.  Яав, юу болов. Монголыг хэзээ ч анхаарлынхаа гадна орхиж байгаагүй орос ах нарын хувьд энэ гайхалтай учир битүүлэг алхам болох гээд байна. Тэр тусмаа  байгалийн хий дамжуулах хоолой тавих талаар хийсэн гэрээ хэлцлүүд нь ажил хэрэг болчихвол дэлхийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэхээр тэнэг үйлдэл болж мэднэ. 

Ингэж харуусахын гол шалтгаан гэвэл дэлхийг түгшээж буй  цөмийн зэвсэгт Хойд Солонгосыг Монголоос илүү хөршид тооцож, Сибирийн байгалийн хийг Хойд Солонгосоор дамжуулан Өмнөд Солонгост нийлүүлэхээр өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Д.Медведев, Ким Чен Иртэй гэрээ байгуулав. Ингэхдээ Хятадын байгалийн хийн эрэлт 2030 онд Европын төвшнөөс давна гэсэн эдийн засгийн тооцоолол хэлж байсан ч Хойд Солонгос бол цөмийн зэвсэгтэй орон гэдгийг мартаагүй л баймаар. Нөгөөтэйгүүр эрчим хүчний салбарын шинжээчид Сибирийн байгалийн хийг Солонгосын хойгт экспортлоход Кремль тэгтлээ улайраад байгаад нь шүүмжлэлтэй хандаж буй. Учир нь энэ тухай дуулдаж эхэлсэн 2008 онд хоёр Солонгосын харилцаа муу байсан. Гэтэл өнгөрсөн жил Хойд Солонгосчууд Өмнөд Солонгосын цэргийн хөлөг онгоцыг живүүлж, 46 усан цэргийг нь хөнөөсний дараа байдал бүр ч хурцадсан. Нөхцөл байдал ийм байхад Оросын тал дээрх гэрээг хийснээрээ Хойд Солонгосын эдийн засагт Өмнөд Солонгост нөлөөлөхүйц том хөшүүргийг буй болгоод өгчихлөө.

Сонирхолтой нь Д.Медведевийг Кремльд буцаж ирснээс хойш хэдхэн цагийн дараа Хятад улс “2015 он гэхэд Төв Азиас 7000 км байгалийн хийн шинэ хоолойг барьж дуусна” хэмээн зарласан талаар дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд мэдээлж байв.  Энэхүү мэдээлэл нь Оростой Оросгүй байгалийн хийн нөөц хангалттай байгаа. Ойрхи Дорнод, Австрали, Төв Азиас хэрэгцээтэй хийгээ авчих учраас Оросуудтай тохиролцоход яарахгүй байна гэсэн өнгө аясыг илтгэж байв. Нэг жишээ нь л гэхэд Өмнөд Солонгос Арал нуурын ойролцоох байгалийн томоохон ордыг  эзэмших болсноор Оросын нийлүүлэлтийг орлуулах нөөцтэй болсноо илэрхийлэн тус улсын Ерөнхийлөгч Ли Мен Баг 4.1 тэрбум ам.долларын цуврал гэрээ байгуулах болсноо мэдэгдсэн. Ямартай ч Хятадын Дакинг мужаас ОХУ-ын Сковородино хүртэлх 1000 км урттай хий дамжуулах хоолойг өнгөрсөн нэгдүгээр сараас барьж эхэлсэн. Уг хоолойгоор жил бүр 15 сая тонн метр газрын тосыг Хятадад нийлүүлнэ гэсэн тооцоолол буй.

Мөн “Хятад улс Зүүн Сибирийн хоёр хоолойгоор жилд 68 тэрбум куб метр байгалийн хий авахаар гэрээ байгуулж эхлээд байгаа. Харин үнийн тал дээр тохиролцоонд хүрээгүй байгаа. Оросууд гэрээг жилийн сүүлчээр төгсгөхөө амласан.  Түүнчлэн Оросын монополь нийлүүлэгч “Газпром”-ынхон “Ал­тай”, “Газпром” гэсэн хоёр хоолой 2015 оноос эхлэн 30 жилийн турш Хятадад байгалийн хий нийлүүлнэ. Үүнийхээ урьдчилгаа төлбөрт 25-40 тэрбум ам.доллар авахаар Хятадын “CNPC” улсын мэдлийн компанитай тохиролцоо хийж эхлээд байгаа” гэсэн мэдээлэл өнгөрсөн долдугаар сараас эхлэн дуулдах болсон юм.

Ямартай ч их гүрнүүд Монголыг тойрч ашигтай наймаар эрхлэхээр сэдсэн нь ийнхүү ажил хэрэг болж эхлээд байна. Бид “Хойд хөрш минь, уламжлалт найрамдлын түүхтэй ах нар минь” гэж хөл алдаад 90 жил өнгөрөв. “Хэзээ ч хэнээр  ч сольшгүй, солих ч аргагүй мөнхийн хоёр хөрш минь” хэмээн найр тавиад 20 гаруй жилийг үдэв. Оросууд байсгээд хамаг малыг минь тууж идэх мөртлөө “өвчтэй” хэмээн голсон сураг нь гол горойлгодгийг нуугаад яах вэ. Дайны үед Монголын морь мал, ард түмний чин сэтгэлийн бэлэгийн хүч ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэсэн л байх. Гэтэл зуун дамжуулан хэдэн балгасны хэрүүл хийгээд байгаа нь дуусаагүй л байгаа. Хоёр хөрш маань одоо ч гэсэн Тавантолгойн нүүрс, ураны нөөц, газрын ховор элемент гээд байгалийн баялаг бүхэн рүү шүлсээ үсчүүлэн элдэв дарамт үзүүлсээр байгаа нь нууц биш. Тиймээс XXI зуунд дэлхийн улс орнууд ямар нөхцлөөр хэрхэн “хөршилж”, түншилж байгаа тэр л жишгээр геополитикийн шинэ харилцааны нөхөрлөлийн тактик бодож олбол яасан юм бэ гэдгийг манай төрийн бодлого боловсруулагчид дахин бодож үзүүштэй. Энэ дашрамд В.Путины хувьд Монгол хэн юм бэ гэдгийг өөрөөс нь асуухсан.

У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж