”МСНЭ нийт сэтгүүлчдийг төлөөлөх эрхгүй болсон”

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

”МСНЭ нийт сэтгүүлчдийг төлөөлөх эрхгүй болсон”

Монголын сэтгүүлчдийн төлөөлөл бүхий 100 гаруй сэтгүүлч өнгөрсөн наймдугаар сарын 27-нд нэгдсэн хуралдаан зохион байгуулж, одоогийн МСНЭ-ийг шинэчлэх шаардлагатай хэмээн санал нэгдсэн. Тус хуралдааныг МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, NBS телевизийн тоймч С.Наранбаатар нар санаачлан зохион байгуулж, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллах талаар ярилцаж “Шинэ үе-Шинэ  сэтгэлгээ” түр хороо байгуулсан юм.

Тэдний зүгээс өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй МСНЭ-ийг шинэчлэхийн тулд тус эвлэлтэй хамтран ажиллах, дүрмэндээ өөрчлөлт оруулах, ирэх арваннэгдүгээр сард болох МСНЭ-ийн дөрөвдүгээр их хурлыг хамтарч хийх зэрэг санал санаачлагыг гаргаад байв. Гэтэл МСНЭ-ийн өнөөгийн удирдлагууд арваннэгдүгээр сард болох ээлжит их хурлын ажлын хэсэгт оруулаагүй, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг зөвхөн бичгээр хүлээн авна гэх хариу өгчээ. Тиймээс түр хорооны гишүүд Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байна. Тус дүүргийн иргэний шүүхээс ээлжит дөрөвдүгээр их хурлыг хуралдуулахгүй байх шүүгчийн захирамжийг өчигдөр гаргажээ. Энэ талаар түр хорооны гишүүд болоод өмгөөлөгч Г.Мөнхбат нар  өнөөдөр мэдээлэл хийлээ.

 “Шинэ үе-Шинэ  сэтгэлгээ” түр хорооны гишүүд болох С.Батбаатар, Г.Отгонбаяр, Л.Мөнхбаясгалан, П.Даваасүрэн, Д.Оюундарь, Д.Төрмөнх, Д.Оргил, С.Наранбаатар нарын  МСНЭ төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Т.Баасансүрэн, дэд ерөнхийлөгч Д.Заяабат нарыг тус байгууллагын удирдлагаар томилсон нь хууль бус болохыг тогтоолгох, их хурлаар тус байгууллагын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Дээрх асуудалтай холбогдуулан “Шинэ үе-Шинэ  сэтгэлгээ” түр хорооны гишүүд болоод өмгөөлөгчөөс дараах асуултад хариулт авлаа.

-Шүүхэд хандах болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-Бид эхлээд хамтарч ажиллах, хоёр талаас ажлын хэсэг байгуулах тухай саналыг МСНЭ-д хүргүүлсэн. Гэвч тэд арваннэгдүгээр сард болох дөрөвдүгээр их хурлын зохион байгуулах ажлын хэсэгт оруулаагүй, байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулах саналыг зөвхөн бичгээр авна гэсэн. Тиймээс л бид дүрэм бусаар сонгогдож, дүрмийн бусаар үйл ажиллагаа явуулж байгаа МСНЭ-ийг шүүхэд өгсөн юм. Үүний дагуу Сүхбаатар дүүрэгт иргэний хэрэг үүсгээд өчигдөр шүүгчийн захирамж гарлаа. Энэ захирамжид МСНЭ төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Т.Баасансүрэн, дэд ерөнхийлөгч Д.Заяабат нарт шүүхийн шийдвэр гарах хүртэл байгууллагын их хурлыг хуралдуулахгүй байх захирамжийг нэн даруй биелүүлэхийг нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгох талаар тусгагдсан байгаа.

-МСНЭ-ийн өнөөгийн удирдлагууд дүрэм бусаар томилогдсон, дүрэм бусаар үйл ажиллагаа явуулж байсан гэх ямар жишээ баримт байгаа юм бэ?

-МСНЭ-ийн дүрмийг судалсан. МСНЭ-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгохдоо дүрмээр олгогдоогүй эрх мэдлээ ашиглан Гүйцэтгэх хороогоор дамжуулан их хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг баталсан. Ингээд их хурал нэрийн дор өөрсдийн талын цөөн хүнээ оролцуулан их храл хийж удирдлагаа сонгож ирсэн байгаа юм. Уг нь дүрмээрээ бол ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг УИХ-аар сонгодош. Цааш нь судалбал 2002 оноос хойш тус  байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, дүрэм бусаар явж ирсэн. Хэдэн гишүүнтэй, ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар зорилготой байгууллага болох нь тодорхойгүй байгааг бид олж хараад шинэчлэхийн төлөө явж байгаа.

-Шүүгчийн захирамж гарлаа. Харин шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ?

-Иргэний шүүх нэхэмжлэлийг долоо хоногийн хугацаанд хянаж, хэрэг үүсгэх үндэслэлтэй эсэхийг шийддэг. Хэрэв үндэслэлтэй гэж үзээд захирамж гаргасан тохиолдолд 60 хоног буюу хоёр сарын дотор шийдвэрлэхээр хуульчилсан байдаг юм билээ. Шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоногоор сунгадаг.

-Шүүхийн шийдвэр гарах хүртэл багагүй хугацаа туулах нь. Одоогийн МСНЭ-ийн удирдлагууд ээлжит их хурлаа хийнэ гэвэл яах вэ?

-Хийхгүй байх гэж  бодож  байна. Ээлжит их хурлыг хийхгүй байх шүүгчийн захирамж хүртэл гарлаа. Манай түр хорооны зүгээс ээлжит хурал бус бүх сэтгүүлчдийн нэгдсэн хурал хийж, гишүүдийнхээ саналаар МСНЭ-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөө сонгоод, ТББ-аа улсын бүртгэлд бүртгүүлээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна. Хэрэв ээлжит хурал хуралдвал дахиад л дүрэм бусаар үйл ажиллагаа явна гэсэн үг. Тэд нийт  сэтгүүлчдийг  төлөөлөх эрхгүй болсон.

-Та бүхний тавьсан санал санаачлагыг хүлээж авахгүй байх ямар шалтгаан байгаа юм бол?

-Эхлээд биднийг ачаа үүрэлцэх залуу хүүхдүүд гээд нааштайгаар хүлээн авсан ч сүүлдээ биднийг хардаж эхэлсэн. Бид нарыг хэн нэгний явуулгаар ийм зүйл хийж байна гэж хардаж байгаад нь маш их эмзэглэсэн. Түр хорооныхны хэн нь ч албан  тушаалын тухай яриагүй. Гагцхүү шинэ жилээр баярын бичиг бөөнддөг, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудал, эрхийн төлөө юу ч хийдэггүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагыг шинэчлэх нь бидний зорилго. Бүр бид нарын цаана хэн нэгэн байгаа мэтээр захиалгаар нийтлэл бичиж нийтлүүлж байсан. Хоёр дахь уулзалтаар очиход Шинэ сэтгүүл зүйн төлөө гээд дахиад өөр байгууллага гараад ирсэн. Энэ мэтээр ажил нэг л урагшлахгүй байсан учраас шүүхэд хандсан юм.

-МСНЭ хангалтгүй ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрч байна уу?

-Хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгаагаа тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Үүнийгээ санхүүжилт муутай гэх шалтгаанаар тайлбарладаг юм.

Түр хорооны гишүүд ийнхүү ярьж байна. Тэд өнгөрсөн он жилүүдэд "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл" хэмээх их айл сэтгүүлчдийг гишүүнчлэлдээ багтаан, үйл ажиллагаа явуулж ирсэн ч зөвхөн өөрсдийн талын хүмүүстээ шагнал тарааснаас өөр зүйл хийгээгүй гэж үзэж буйгаа нэгдсэн хурлын үеэр илэрхийлсэн. Мөн сэтгүүлчийн  нийгмийн баталгаа, эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаггүй, эрх ашгийг хамгаалдаггүй, цалин хөлс нэмэх, нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр огт анхаардаггүй хэмээн шүүмжилж буй юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж