Төрийн албаны шалгалтыг 97 хүн өгнө

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Төрийн албаны шалгалтыг 97 хүн өгнө

Төрийн албанд ажиллах сонирхолтой иргэдийн тоо жилээс жилд өсч, тэр хэрээр шалгалт авах ажиллагааг боловсронгуй болгох шаардлага тавигдаж буй. Энэ шаардлагад нийцүүлэхийн тулд Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны шалгалтыг цахим хэлбэрээр авахаар болжээ. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн референт Т.Сосорбарамаас тодрууллаа.

-Төрийн албаны шалгалтыг хэзээ мөдгүй авах гэж байна гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Гэхдээ хугацаа нь янз бүр байна. Яг хэзээ шалгалт авах, нийт хэдэн хүн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна вэ гэдэгт хариулт өгөхгүй юу?

-Долоон байгууллагаас санал болгосон ажлын байрны төлөө  97 хүн шалгалт өгөхөөр болзол хангаад байна. Бүртгэл нь Төрийн албаны зөвлөлийн вэб сайтад тавигдчихсан. Шалгалтыг маргааш /өнөөдөр/ өглөө Төрийн албаны зөвлөлийн шалгалт авах байранд авна.

-Шалгалтыг цахим хэлбэрээр авна гэж яриад байгаа. Энэ тухай тодруулаач? 

-Энэ удаагийн шалгалтыг цахим хэлбэрээр авах болохоор онцлог бол байна. Долоон байгууллагаас ажлын байрны захиалга ирээд мэргэжлийн шалгалт зарлаад бүртгэл явагдсан. Тухайн зарлагдсан ажлын байрыг эхлээд Төрийн албаны зөвлөлийн вэб сайтад нээлттэй ил тод тавьсан. Тэр зарын дагуу хүмүүс ажлын байрны саналыг үзээд хаана,  ямар байгууллагаас ажлын байр санал болгосныг харсан байгаа.  Энэ удаад Биеийн тамир спортын газар, Төрийн өмчийн хороо, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Мэдээлэл харилцаа холбоо технологийн газруудаас ажлын байрны захиалга ирсэн. Тэр зарын дагуу шаардлага хангасан иргэд бичиг баримттайгаа ирээд бүртгүүлсэн гэсэн үг л дээ.  Өөрөөр хэлбэл, тухайн хүний боловсролын бичиг баримт, нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан туршлага зэргийг нь тулгаж үзээд шаардлага хангасныг нь бүртгэж авсан юм.  Бүртгэж авмагц тэр мэдээлэл нь шууд Төрийн албаны зөвлөлийн сайт дээр тавигдсан байх жишээтэй.  Тэгэхээр ажлын байрных нь зарын хажууд тухайн ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн нэрс гараад ирнэ. Нэг ёсны иргэд маань миний бүртгүүлсэн ажлын байран дээр хэчнээн хүн бүртгүүлчих вэ, надтай хамт хэчнээн өрсөлдөгч байна вэ гэдэг мэдээллийг давхар  авчихаж байгаа юм.

-Шалгалтыг цахим хэлбэрээр авна гэхээр яаж байгаа билээ?

-Төрийн албаны шалгалтыг өмнө нь цаасан хэлбэрээр өгдөг байсан. Одоо бол шууд компьютерын ард суугаад цаг болонгуут зохих зааврын дагуу регистр, шипр  зэргээ оруулна. Энэ үед шалгалтын материал гарч ирнэ. Тэгээд л тестүүдээ бөглөнө. Эхний шалгалт 60 минут үргэлжилнэ. Шалгалт авах хугацаа дуусангуут комптютер дээр “Та нийт тэдэн оноо авах ёстойгоос тэдэн оноо авлаа. Төрийн албаны шалгалтад тэнцлээ гэх юм уу, эсвэл тэнцээгүй” гэх мэдээллийг өгнө. Тэр мэдээлэл бас Төрийн албаны зөвлөлийн сайт руу давхар “шидэгдэнэ”. Тэгэхээр  шалгалт өгсөн иргэдийн ар гэрийнхэн нь мөн гэрээсээ, ажлаасаа тэнцсэн, тэнцээгүйг нь харчих боломжтой.  Өөрөөр хэлбэл, шалгалт авах зар тавигдсан үеэс эхлээд хамгийн сүүлчийн шалгалтын дүн гарах хүртэлх бүх процесс ил тод сайт дээр тавигдана гэсэн үг л дээ. Үүнийгээ бид цахим хэлбэрээр шалгалт авна гэж хэлээд байгаа юм. Дээр нь цаасгүй технологид шилжчихэж байгаа. Өмнө нь бид цахим хэлбэрээр аваагүй байхдаа ч ил тод байсан уу гэвэл байсан. Гэхдээ цаг хугацаа,  хүн хүч маш ихээр шаарддаг байлаа. Дээр нь шалгалтын материалыг машинаар уншуулдаг гээд олон процесс их байсан. Одоо бол цахим шалгалтыг нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэж байгаа төдийгүй илүү нээлттэй цаг үетэйгээ нийцсэн аргад шилжсэн гэж ойлгож болно.

-Хуурамч дипломтай иргэн шалгалт өгч байна гэдгийг мэдэх бололцоо байдаг уу?
 
-Журамд нэмэлт оруулж байгаа. Шалгалт өгч байгаа хүн бүрийн диплом хуурамч байна уу гэдгийг магадлахад хэцүү. Гэхдээ шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 100 хүнээс 50 нь тэнцэж болно. Тэр 50 хүний 20 нь ажлын байранд нэр дэвших ёстой. Тэгвэл нэр дэвших гэж байгаа болзол хангасан 20 хүнийхээ дипломыг Боловсролын яамны их, дээд сургуульд төгсөгчдийн мэдээллийн сантай тулгаж, энэ хүний диплом жинхэнэ үү, хуурамч байна уу гэдгийг нягтална.

-Их, дээд сургуульд төгсөөгүй хуурамч дипломтой хүмүүс Төрийн албаны шалгалт өгөнгүүт тэнцээд байна. Энэ нь төрийн албаны шалгалтын босгыг өндөрсгөхгүй бол болохгүй нь ээ гэсэн саналыг Мэргэжлийн хяналтын газраас гаргалаа. Одоо авах шалгалт энэ болзлыг хэр хангаж байна вэ?

-Диплом нь хуурамч байсан хүмүүс төрийн албаны шалгалт өгөөд явсан уу, үгүй юу гэдгийг би хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл хариуцсан хүмүүс нь тусдаа байдаг учраас. Тэгэхдээ үүнийг нягтлах ёстой. Хуурамч дипломаа ашиглаад шалгалт өгөөд тэнцэж үү, магадгүй шалгалт өгөлгүйгээр томилогдсон байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас нягтлах ёстой. Ерөнхийдөө манайх энэ онд тестийн бааз,  сангаа иж бүрэн шинэчилсэн, мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлсэн тийм тестээр шалгалт авч байна. Гэхдээ ганцхан тестээр шалгалт аваад төрийн албанд ажилд оруулахаар тэнцүүлдэг юм биш. Баримт бичгийн үнэлгээг хийдэг.  Дипломын голч оноог харгалзана. Гадаадад магистр, доктор хамгаалсан бол оноо нэмэгддэг. Энэ бол шалгалтын нэг төрөл нь. Гуравдугаарт ярилцлага авна. Мэргэжлийн багш,  судлаач комиссын гишүүд шалгалтад бүртгүүлсэн иргэдээс ярилцлага авдаг. Тухайн хүний зан төлөв, сэтгүүл зүйтэй холбоотой шалгалт авдаг. Дээр нь ур чадварын шалгалт авдаг юм шүү дээ. Нэг ёсны дөрвөн төрлийн шалгалтын шалгуур давж байж цаана нь гарна гэсэн үг.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж