”Ээжийг минь хөнөөх вий гэж айдаг”

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

”Ээжийг минь хөнөөх вий гэж айдаг”

Киевт Юлия Тимошенког долоон жилээр хорих шүүхийн шийдвэр гарсны дараа Оросын “Огенок” сэтгүүлд Тимошенкогийн охин Евгения Карр ярилцлага өгчээ. Уг ярилцлагыг орчуулан хүргэж байна.


-Евгения, та ийм шийдвэр гарна гэж таамаглаж байсан уу?

-Ээжид маань оноосон ялыг аль эрт, 2010 оны арваннэгдүгээр сард “өгсчихөн байсан” гэж би боддог. Тэр үед ээжийг минь өдөр бүр прокуророос дуудан, ийш тийш явахгүй гэсэн гарын үсгийг нь авсан. Түүнийг улс төрөөс шахах гэсэн зорилготой нь ойлгомжтой. Януковичийн удирдсан Засгийн газар шалтаг олохын тулд сая сая доллар зарцуулж байна. Түүнд хэрэг тохохоор хэд хэдэн удаа оролдоод бүтэлгүйтсэн юм. Өнөөгийн энэ хэрэг эхнээсээ дуустлаа хуурамч байсан. Өмгөөллийн гэрчүүдийг үл тоож, мөрдөн байцаалтын явцад олон алдаа, зөрчил гаргасан. Ээж маань хуулийн хүрээнд ажиллаж байсан. Тэр хэнд ч хор хөнөөл учруулаагүй. Хууль зүйн сайд болон Ерөнхий прокурор асан, илтгэлдээ энэ хэргийн улс төржсөнийг тэмдэглэсэн Хельсингийн хороо ч шүүхэд сануулж байсан шүү дээ. Улс төрийн гол өрсөлдөгчөө эрх баригчид зайлуулж байна гэдгийг хэн ч нуугаагүй. Үүнийг нь ойлгосон бид сайн хариулт ирнэ гэж хүлээгээгүй. Гэлээ гэхдээ бид гараа өргөөд бууж өгөхгүй ээ.

-Шүүхийн танхимаас хийсэн видео бичлэг дээр та ээжтэйгээ инээж, хөхөрч байгаа харагдсан?

-Бид шүүх гэж нэрлэгдсэн энэ утгагүй зүйлээс инээд олохоор оролдсон юм. Энэ чинь найруулагч нь софит, телевизийн камерийн цаад талд нь байгаа шүүгч нар нь жүжигчид, гол дүрийг прокурорууд бүтээсэн жүжиг шүү дээ. Тэд ард түмнээс айдаг нь шүүхийн танхимаас хүмүүсийг хөөн гаргаснаас харагдаж байгаа биз дээ. Эр зориг гэж бахархах юмгүй шүүгч өмссөн жанчдаа хөлс нь асгарч, шударга шүүхийн царайг хадгалан үлдэхээр туслах шүүгч салхивчны төхөөрөмжөө байдаг хүчээр нь ажиллуулаад л…  Үнэхээр хөөрхийлөлтэй. Инээдэмтэй, гунигтай, гомдмоор санагдсан.

-Ял сонсоод ээж чинь, танай гэр бүлийнхэн ямаршуухан байсан бэ?

-Ийм төгсгөл ирнэ гэдгийг төсөөлж байсан гэдэг нэг өөр. Сонсох бас огт өөр. Чамайг засаглалын ноцтой өрсөлдөгч гээд ямар ч хэрэг хийгээгүй байхад долоон жилийн хорих ялаар шийтгэлээ гэж сонсоход ямар сайн байх билээ. Ээж маань сэтгэлийн тэнхээтэй хүн. Тэр тохиролцоо, ятгалгад автаагүй, өршөөл гуйж, царай алдаагүй. Бүх сорилтыг даван туулахад бэлэн байгаа. Түүнийг улс орныхоо, хүн ардын сонирхлын төлөө цаг үргэлж явж ирснийг бурхан харж байгаа. Үүнд л түүний чадал, эрх чөлөө нь байгаа.

-Арван жилийн өмнө торны цаана сууж байснаас нь энэ удаа маш хүнд тусч байна гэж болох уу?

-Тэр үед ээж дотоодод ч, гадаадад ч өнөөгийнх шиг нэртэй байгаагүй. Тийм болохоор харин ч бид түүний амьдрал, эрх чөлөөний төлөө илүүтэй  түгшиж байлаа. Хэрэв эрх баригчид хүссэн бол түүнийг шоронд хатааж чадах байв. Шоронгоос амьд мэнд гарахгүй байх гэсэн айдас ч байсан. Гэхдээ  тэр цаг үе үү,  эсвэл энэ үе нь аймшигтай юу гэдгийг мэдэхгүй байна. Тэр үед шүүгч нар эрх баригчдаас өнөөгийнх шиг хамааралтай байгаагүй. Прокурор, сайд нар, одоо Дээд радад шүүгчдийг хянахаар орсон байгаа ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн  санаа бодлын хамаарлаасаа хэрхэн айж байгаа нь шүүгчийг харахад л ойлгомжтой байсан. Ер нь бол тэр үед ч, одоо ч шударга шийдвэр гарна гэсэн найдлага байгаагүй.

-Хэвлэл мэдээллээр "Тимошенко
шоронд  суусан нь түүнд “тус болж”, өөрийг нь дэмжигчдийн тоо өсч байна" гэж бичиж байгаа?

-Холоос харвал түүнд зовлонгүй мэт харагдаж байгаа биз. Цонхондоо сараалжтай, чулуун шуудайд та нэг өдрийг өнгөрөөх гээд үзэлдээ! Хүч чадалтай, эрүүл саруул эрчүүдэд ч хүндхэн шалгуур байх. Тэнд хүйтэн, халуун ус ч байхгүй… Манай “улс төрийнхөн” бүгдээрээ л хамгийн хүнд нөхцөлтэй урдчилан хорих төвд хоригдож байгаа. Түүний нэр алдар өсч байна гэдэгтэй санал нэгдэнэ. Гэхдээ би охиных нь хувьд өдөр ирэх тусам хүчирхэгжиж  буй алдар нэрнээс айж байна. Ээжийг минь гэнэтхэн хөнөөвөл яана гэсэн айдас төрөх болсон.

-Тийм, бодит аюул байгаа гэж үү?

-Саяхан нэг ойлгомжгүй шинж тэмдэг түүнээс илрээд байна. Арьсан дээр нь хөхрөлт, цус хуралт үүссэн. Ямар гээч өвчин болохыг бид мэдэхгүй л байна. Одоо ч мэдэх аргагүй. Эмч нарыг оруулахгүй, шинжилгээ авахгүй байгаа. Гэтэл ямар ч үед хүндрэл гарч магадгүй шүү дээ. Хэрэв эрх баригчид түүнийг хорьсон юм бол амь нас, амьдралыг нь бас хариуцах ёстой.

-Баривчлагдсанаас нь хойш та ээжтэйгээ уулзаж чадаж байна уу?

-Харьцангуй олон удаа. Би түүний олон нийтийн өмгөөлөгч нь шүү дээ. Манайд гэр бүлийнхэн болон хамаатан саданд нь зориулсан тийм хэлбэр бий. Түүний буянаар би дуртай цагтаа шорон руу очих, шүүх хуралд суух эрхтэй. 

-Та Европын холбоо болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзаад Страсбургээс  саяхан буцаж ирсэн. Таныг Европт өөрийнх нь асуудлыг хөөцөлдөж яваад ирлээ гэж ээж чинь мэдэж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Миний уулзсан хүн бүр шийтгэл хатуу байна гэдгийг мэдэж байгаа болохоор тусалж дэмжихээ амласан. Эрх баригчдаас сөрөг хүчнийг сонгуульд бүрэн оролцуулахыг шаардана, оролдоно гэж хэлсэн.

-Ер нь та нар амьдралдаа, өөрөөр хэлбэл жирийн үед хэр их дотно байдаг байсан бэ. Ажил, улстөр зэргээс шалтгаалаад хүүхдүүддээ тэр бүр зав гаргаж чаддаггүй хүмүүс байдаг?

-Би 14-тэйгээсээ 23 нас хүртлээ Англид суралцсан. Тэр үеэр л бид цөөн уулзалдсан гэх үү. Ээжийн ажил их. Харин сургуулиа төгсөөд ээжтэйгээ илүү ойрхон болсон. Зэрэгцээ амьдарч байгаа юм чинь… Намайг багад эмээ, аав хоёр гол төлөв хардаг байлаа. Манай гэр бүл өнөр өтгөн, эв найрамдалтай, бүгд л бие биенээ дэмждэг сайхан гэр бүл. Одоо түүнийг шоронд байгаа болохоор бүгд Киевт цугларч, ээлжлэн эргэж тойрч, эргэлтэд бэлтгэн жижүүрлэж байна.  Бид хамтдаа хэнээс ч айхгүй, юуг ч даван туулна. Бид сэтгэл, зүрхээрээ холбоотой. Би заримдаа ээжийг алсаас мэдэрдэг. Заримдаа бидний сэтгэл санаа, байдал адилхан байдаг. Биднийг адилхан гэж олон хүн хэлдэгтэй би санал нийлнэ. Ээж бол сэтгэлийн тэнхээ сайтай хүн. Харин би бол тийм биш юм шиг байна.

-Ээж чинь ямар хүн гэж?

-Ээж хоёр сар шоронд сууж байна. Түүнээс минь үргэлж бидэнд эрч хүч ирж, энэ бүгдийг гатлахад тус болж байгаа юм. Миний бодлоор ээжид айдсын мэдрэмж алга. Харин бид, гэр бүл, хамтран зүтгэгчид, найз нөхөд нь арай өөр “сорт”-ынх юм шиг байна. Ял сонссоны дараа  түүнд минь юу учрах бол гэж бид түгшиж байгаа ч аль болох нуухыг оролдож байгаа. Гэтэл ээж бидний энэ байдлыг мэдэрчихсэн л байдаг. Түүнд их хүнд байгаа ч гаднаа харуулдаггүй. 

-Танд ээжийнхээ адилаар улс төрд орох бодол байдаг уу?

-Ёстой үгүй. Хэдийгээр би улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй ч гэсэн гэр бүлд улстөрч байх ямар хүнд болохыг ханатлаа харлаа. Ээжийн ажил, үйлсээр би бахархдаг. Бид бүгд түүний ажил, үйлсийн нэг хэсэг нь болоод удаж байна.  Гэхдээ бидний хэн нэг нь яагаад дахиж тэр замаар явах ёстой гэж?

-Түүнийг улс төрөөс гарч, энгийн нэг ээж байгаасай гэж хүсдэг үү?

-Үгүй. Тэр чадахгүй. Яагаад гэвэл түүний сэтгэл “зэвэрнэ”. Үүнийг би охиных нь хувьд биш иргэнийхээ хувьд хэлж байна. Өөрийн зорилгынхоо төлөө  ээж маань явж байг. Тийм л үедээ ээж маань жаргалтай байх болно гэдгийг би сайн мэднэ. 

-“Гэзэгтэй бүсгүй” гэсэн имижийг бүтээгч нь хэн байсан бэ гэж эртнээс асуух  хүсэлтэй байлаа?

-Тэр өөрөө. Гэнэтхэн л тийм алхам хийсэн. Миний бодлоор маш амжилттай болсон. Хурц тод, сэтгэлд үлдэж чадсан дүр төрх шүү дээ. Түүний гэзэг нь моод болж байлаа. Тийм ээ, үнэхээр гоё! Ер нь бол ямар ч үс түүнд зохидог.

-Тэр яаж амрах дуртай вэ?

-Түүний шилдэг амралт нь гүйлт байсан. Байгальд гарч спортоор хичээллэх, усанд сэлэх, ном унших дуртай. Тэр бас шидийн болон аймшгийн кинонд дуртай. Харин инээдмийн киног нэг их тоож үздэггүй. Бас ээж маань аялал, жуучлалд дургүй байсан. Ер нь л тэр ажлаа хийж байхдаа л аз жаргалтай харагддаг.  Гэрийн ажил эсвэл гэрийнхээ интерьер дизайнд их анхаарал тавьдаг. Бүх өрөө тасалгааг түүний бодож олсон дизайнаар хийсэн байранд нь би одоо амьдардаг. Надад  таалагдаад байгаа юм. 

-Тэр хоол сайн хийдэг үү?

-Тэгэлгүй яахав. Түүний хийсэн хоол их амттай. Харамсалтай нь, ээжид хоол хийх цаг улам бага болсоор байсан. Ээж гал зуухныхаа юм бүгдэд  их нарийн нямбай ханддаг. Улаан шөл хийлээ гэхэд бүх ногоог нь машинаар зүссэн юм шиг жижиг, нямбай зүссэн байдаг. 

-Ямар зан араншинг тэр тэвчдэггүй вэ?

-Урвалт шарвалт, нарийвчлан хэлбэл хулчгар занг тэвчдэггүй. Өргөн утгаар нь хэлэхэд шүү дээ. Түүний итгэл үнэмшилд намынх нь зарим хүн итгэхгүй эргэлзээд эхлэхэд тэр бас их дургүй. Үүнийгээ тэр өөрийг нь, бас багийг нь сулруулж байна гэдэг.

-Олон хүн түүнийг “эрэгтэй хүн шиг” сэтгэлийн хөөрөлгүй гэж ярих юм. Тийм үү?

-Ёстой үгүй. Түүнд эр хүнийнх шиг гэмээр сэтгэлийн асар их тэвчээр байгаа. Тэр талаараа зарим эрчүүдээс дээр. Гэхдээ би түүнийг “банзалтай эрэгтэй” гэж хэзээ ч хэлж зүрхлэхгүй.

-Уйлж байсан удаатай юу?

-Тэгэлгүй яахав, нэг биш удаа.

-Та ээжийгээ их зоригтой гэж хэлсэн. Түүнийг айж байсныг ер хараагүй гэж үү?

-Айдас гэдгийг тэр мэдэхгүй. Намайг бага байхад тээврийн осол тохиолдсон юм. Тэр үед л ээж бидний төлөө, ялангуяа миний төлөө их санаа зовж айсан байх.

-Одоо та нарын төлөвлөгөө юу байгаа бол? Давж заалдах уу? Европоос тусламж хүлээгээд суух уу. Эсвэл хамтран зүтгэгчдээ босгох уу? Киевт өргөн цар хүрээтэй цуглаан хийх гэж байгаа дуулдсан.

-Хоёр сарын дотор давж заалдах ёстой. Гэхдээ нэг их найдлага байхгүй л харагдаж байна. Саяхан хийсэн шинэчлэлээр шүүхийн систем Ерөнхийлөгчийн багийн хяналтад бүрэн орсон шүү дээ. Хэрэв бид шударга шүүхэд найдаж байгаа бол тэр нь Европын хүний эрхийн шүүх байх болно. Мөн бусад орнуудын лидерүүдийн дэмжлэгт нэлээд найдаж байна. Магадгүй хуулийн заалтыг эрүүгийн биш болгосноор олон тооны улс төрийн хоригдлуудыг чөлөөлөх боломжтой болох юм. Цуглаан гэсэн үү? Миний бодлоор зөвхөн ээжийн минь төлөө ч биш иргэдийн эрх чөлөө, эрхийн төлөө эсэргүүцэл үргэлжилнэ гэж  бодож байгаа шүү.

Бэлтгэсэн Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж