Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Үндэсний соёл амралтын хү­рээлэнгийнхэн “Halloween”-ий бая­рыг угтан энэ сарын 15-31-ныг дуустал өдөр бүр “Halloween-2011” арга хэмжээ зохион байгуулж    байна. Манай улсад энэхүү баярыг сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд тэмдэглэх болсон. Залуус ч идэвхтэй оролцож, хүүхэд багачуудын со­нирхлыг ихэд татдаг болжээ. Энэ үгний утгыг мэдэхгүй атлаа тэмдэглэх сонирхолтой залуус олон байдаг нь нууц биш. “Halloween” буюу “All Hallow even” гэдэг нь бүх зүйлийг сайн сайхан байлгах, билгэшээх үдэш гэсэн утгатай. Шашин талаас зарим хүмүүс “Тахилын өдөр” ч гэж тайлбарладаг юм билээ. Нутаг нутгийн ойл­голтоор өөр утга агуулдаг байх жишээтэй. Манай улсад бол “Хүн айлгах үдэш” гэсэн ойлголттой байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс зохион байгуулж буй  “Halloween”-ны баярын арга хэмжээ 16 цагаас 22 цагийн хооронд тус хүрээлэнгийн усан завины цаадах талбайд болж байлаа. Гаднаа “Halloween” гэсэн том бичигтэй байсан нь сонирхол татахуйц санагдсан. Тэнд явж бай­тал булангаас аймшигтай болсон нүүртэй залуу гэнэт гараад ирэх нь тэр. Зүрх муутай хүн цааш явна гэж  бодох ч хэрэггүй юм билээ. Зүрхнийх нь өвчин сэдэрч мэдэх вий. Модон дээр өлгөсөн улаан нүдтэй хар хэрээ,  явган хүний засмал зам дагуу нүд рүү тусах хурц улаан гэрэл, энд тэндхийн булан тохойд өлгөсөн сэмэрхий цагаан хувцастай мануухайнууд, энд тэндгүй харагдах хиймэл шарил зэргийг харахад айдас төрүүлэм. Хэдхэн метр яваад л энд тэндээс цочоох нь бүр ч аймшигтай бас ядаргаатай. Гэгээ тасрахийн өмнө “цочоодог залуус” өвөрмөц хувцастайгаа бүжиглэж, попын хаан Майкл Жэксоны “Thriller” клипэнд гардаг мангасуудын бүжгийн хөдөлгөөнийг сайн дуурайж байсан. Сонирхуулахад, эдгээр залуус ингэж ажиллаад өдрийн 5000-10000 төгрөг авч байгаа гэсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэнд айж явсан нэг залуу “Хүн цочоогоод мөнгө олоод хөгжилтэй ажил юм аа” хэмээж байв.

Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн “Алтан зоосны аян” зарлажээ. Дөрвөн өөр газраас алтан зоос цуглуулснаар энэ сарын 31-ны “Halloween Party”-ний эрхийг үнэгүй шахуу олж авах боломжтой аж. Дөрвөн алтан зоос цуглуулах тун амархан. Орох кассаас тасалбар аваад эхний алтан зоос чинийх. Үүдээр ороод хоёр талын худалдааны газраар үйлчлүүлээд хоёр дахь алтан зоос. Гурав дахийг нь зөнч эмгэнд хувь тавилангаа мэргэлүүлээд авна. Хамгийн сүүлийн алтан зоосыг “Айдсын гудамж”-аар орохын тулд худалдаж авах юм. Цуглуулсан дөрвөн алтан зоосоор энэ сарын 31-нд болох “Halloween-2011 Parad”-нд үнэгүй оролцох эрхээ олж авсан гэж ойлгож болно.

Эдгээрээс хамгийн сонирхол татсан нь зөнч эмгэн. Энэхүү эмгэнтэй уулзсан хүн л айх мэдрэмжийг бүрэн утгаар нь авч болно. Тэрбээр аймшгийн зүйл ярина, дараа нь хувь заяаг чинь хэлнэ. Эцэст нь аймшигтай ёжтой инээнэ. Ер нь энд үдэш бүр янз бүрийн арга хэмжээ явуулж байгаа гэсэн. “Энэ сарын 31-ны 16 цагаас хамгийн гол арга хэмжээ эхэлнэ” хэмээн маркетингийн албаныхан     нь ярьж байсан. Тэр үед “Halloween”-ны багтай парад жагсах аж. Энэ үеэр урлаг, соёлын арга хэмжээ болж, урьд өмнө нь Монголд болж байгаагүй томоохон хэмжээний багт наадмын баяр болох юм.

“Halloween” баяр нь Их Британийн “Irish, Scottish” болон “Celtic”–ээс гаралтай хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Энэхүү баярын утга учир нь “Зун цаг дуусч, хүйтний улирал ирлээ” гэдэгт оршдог ба хэд хэдэн ёжтой тоглоомтой баяр юм. Эхэндээ шашин шүтлэгийн баяр байсан бөгөөд сүүлдээ амралт, чөлөөт цагийн баяр болон хөгжиж өдий хүрсэн байна. Уг баяр үүссэн он цагийн эхлэл нь X, XI-р зуун аж. Дэлхий дээр энэ баярыг хүүхдүүд нь хөрш зэргэлдээ айлынхаараа орж чихэр гуйж, залуус нь багт наадмын үдэшлэг зохиож, үлдсэн нь гэртээ аймшгийн кино үзэн өнгөрөөдөг уламжлалтай. Монголын залуус ч дэлхийн уламжлалд бага багаар нэгдэж эхэллээ.  

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж