Томчууд суудал өнцөгдөв

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Томчууд суудал өнцөгдөв

Төрийн томчуудад нэлээд халгаатай, зурхайчдынхаар бол суудал өнцөгдсөн долоо хоног боллоо. Энэ долоо хоногт ч оддын байрлал сөрөг энерги үзүүлэх бөгөөд найз нөхөд, хамаатан садан эсвэл нөлөө бүхий хүмүүсээс тусламж авах шаардлага гарах гэнэ. Зарим улстөрчид үндсэн замаасаа хазайж, төлөвлөөгүй зүг рүүгээ чиглэх нигууртайг эрхсийн байрлал сануулсан гэнэ лээ шүү.

Өнгөрөгч долоо хоног багагүй шүүмжлэлийг дагуулснаар өндөрлөж, түүний улбаагаар Ерөнхий сайд ч айлчлалаа цуцлав. Баттай болоогүй ч бас нэгэн анхаарал татсан асуудал нь Мянганы сорилтын сангийн зургаан ч захирлыг ажлаас нь халсан тухай мэдээлэл байлаа.

Сэрэмжлүүлсэн сануулга

“Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” олон улсын бага хурлын индэр дээрээс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Захирагч Хелен Кларкийн хэлсэн үг эрхгүй анхаарал татна. Ази Номхон Далайн бүсийн олон улс баялгийн хараалаас зайлж чадсан ч энэ бүс дэх дорой хөгжилтэй /мэдээж манайх үүнд хамаарна/, байгалийн баялаг ихтэй орнууд засаглал сул, өргөн хүрээний эдийн засгийн стратеги боловсруулаагүй, сөрөг үзэгдлийг сааруулах арга хэмжээ боловсруулаагүй тохиолдолд баялгийн хараалд өртөх эрсдэл өндөр хэвээр байгааг тэр сануулж байна.Уул уурхайн хөрөнгө оруулалттай холбоотойгоор сүүлийн үед манайд ажиглагдах болсон дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төслүүд асар их хэмжээний мөнгөөр босдог учраас эрх мэдэлтнүүдэд энэ нь авлига авах таатай нөхцөл бүрдүүлэх болсныг ч тэр анхаарууллаа.

Өөрсдөө хэзээ ч баялаг бүтээдэггүй хэрнээ төсвийн хөрөнгийг өөрсдийн амлалтаа биелүүлэхийн тулд баруун, солгойгүй цацдаг улстөрчдийн бодит нүүр царайг ч тэр хэлээд авлаа. Үүнийг баталж “Монгол Улсын хувьд эрдэс түүхий эдийн үнэ 2004-2008 онд өндөр байсан нь Засгийн газрын орлого их хэмжээгээр нэмэгдэхэд хүргэсэн. Орлого эрс нэмэгдсэн нь хавтгайруулан бэлэн мөнгө тараах, цалин нэмэх боломж олгосон нь инфляци өсөх сөрөг үр дагаварт хүргэж байна” гэж хэлнэ лээ. Хамгийн гол нь бодлогогүй цалингаа нэмж, хавтгайруулан бэлэн мөнгө тарааж, мөнгөнийхөө бодлогыг чангаруулж байгаа нь жижиг дунд үйлдвэрлэлийг боомилж улмаар хэсэг хугацааны дараа “голланд өвчинд”  өртөх эрсдэлтэй болсныг сануулав. Ер нь л бидэнд энэ өвчний онош илэрчээ. Харин бага дээр нь эмчлэх үү, улам даамжруулах уу гэдэг л байгаа бололтой. Гэхдээ төр, засгийн зүгээс үүний эсрэг вакцинжуулалт хийсэн бодлого алга. Харин ч Тавантолгойн гэрээнээс орж ирэх мөнгийг эх орны хишгийн үлдэгдэлд зарцуулахаар болоод буй. Тэр хэмжээгээрээ энэ эрсдэлийг улам нэмэгдүүлнэ гэдгийг ч эдийн засагчид сануулж байна.

Гадаадын орнуудад манайхантай адил уул уурхайгаас орж ирсэн их хэмжээний орлогоо хавтгайруулан тараачихдаггүй бөгөөд харин ч сан бүрдүүлэн хадгалдаг аж. Тимор улс л гэхэд газрын тосноос олсон баялгаасаа хойч залгамж үедээ зориулж хадгалах сан байгуулсан байна. Уг сан нь “тогтвортой орлогын босготой”, улстөрчид парламентын зөвшөөрөлгүйгээр тэр босгыг даван уг сангаас мөнгө гаргуулах эрхгүй болгосон аж. Ингэснээр дур зоргоор амлаад, амласнаа биелүүлэх гээд инфляцийг хөөрөгдөөд байх боломжгүй болгодог аж.

Тоглолтын тов

Өнөөдөр Франц улс руу ажлын айлчлал хийхээр төлөвлөөд байсан Ерөнхий сайд С.Батболд айлчиллаа цуцлав. Засгийн газрын зүгээс үүнийг тайлбарласангүй. Гэхдээ энэ шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт болсон бас нэгэн үйл явдалтай холбоод бодвол зүй ёсных гэж ч ойлгохоор байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах хүсэлтийг УИХ-д гаргасан. Тиймээс өнөөдрөөс эхлээд энэ асуудлыг хэлэлцээд явна. Мэдээж, огцруулах санал гаргасан нэр бүхий гишүүд ардчиллын буянаар олдсон бүрэн эрхээ эдэлж байна. Гэхдээ тэдний санал дэмжигдэх үү гэдэг нь эргэлзээтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд тэдний байр суурийг дэмжихгүй гэдгээ хэзээний мэдэгдсэн. Товчхондоо, “Уучлаарай, бусдаараа бууз хуушуур шиг явъя” гэсэн. Тиймээс түүний зүгээс асуудалд арай өөрөөр хандана. Засгийн газарт байгаа Ардчилсан намын байр суурь ч тодорхой: “Үгүй” л гэх болов уу. Мэдээж хэрэг Ерөнхий сайдыг дангаар нь огцруулчих боломж байхгүй. Нэг бол Засгийн газартай нь, эсвэл үгүй. Ийм боломж харагдаж байна. Засгийн газарт аль аль нь байгаа тохиолдолд УИХ дахь Ардчилсан нам, Ардын намын бүлэг есөн гишүүнийг дэмжихгүй л болов уу. Гэхдээ үүнийг ирэх долоо хоногийн туршид хэлэлцэнэ. Хошин шогийн хамтлагуудын тоглолтын тасалбарын борлуулалт ахиад л буурах нь. Учир нь тэрнээс ч илүү сонирхолтой тоглолт энэ долоо хоногт Төрийн ордонд болно. Телевизээрээ үйл явдал хэрхэн өрнөхийг харж суух үлдлээ.

Үүнтэй ижил бас нэгэн жишээ нь Мянганы сорилтын сангийн хурал болж зургаан ч захирлыг ажлаас нь халсан талаарх мэдээлэл чих дэлсэв. Гэхдээ энэ мэдээллийг няцаасан, эсвэл баталсан үйлдэл болсонгүй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хувьдаа ашигтайгаар ажиллаад байна гэж үзсэнээс болсон гэнэ. Мэдээж манайх шиг хүмүүс биш болохоор сонирхлын зөрчилтэй захирлуудыг сольсон байж болох л юм. Гэхдээ энэ талаар албан ёсны тайлбар алга гэдгийг санах хэрэгтэй. Мэдээллийн үнэн эсвэл худлыг дараа дараагийн өдрүүдэд тодруулах болно.

Эрхэм гишүүдийн хамгаалалтыг “хагалав”

 Үндсэн хуулийн Цэц маш сонирхолтой шийдвэрийг Дунд суудлын хуралдаанаараа гаргав. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан эрхийг үгүйсгэлээ. Цэц Ц.Энхжингээс ирүүлсэн гомдлын дагуу УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг  зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн юм. Дээрх заалт нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын  чуулганаар  хэлэлцэж,  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал… -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргав.
 Мөн дүгнэлтэд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан байна” гэж дүгнэжээ. Тиймээс энэхүү заалтыг 2011 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болов. Энэхүү заалтаас үүдэн УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбатаас эхлээд олон гишүүний үйлдсэн гэх хэргийг үргэлжлүүлэн шалгах боломжгүй болон мухардаж байсан юм. Намууд ч өөрсдийн хүнээ хамгаалж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэж хамгаалдаг байсан бол одоо тэгээд ч нэмэргүй болох нь дээ. Нэг ёсны гишүүдийн хэргийг халхалдаг хүчирхэг хамгаалалт үгүй болов. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүд энэ заалтаа хайрлан хамгаалж үлдэхээр дахин зарга гаргах нь гарцаагүй. Цэц ч Дээд суудлын хуралдаанаа хийх л болох байх даа. Ямартай ч УИХ-ын гишүүдийн нэг хамгаалалт байхгүй болох нь.

Тиймээс АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр шүүж, ял оноосон шиг УИХ-ын зарим гишүүд ч араас нь алхаж магадгүй л болж байна. Айж явбал аминд өлзийтэй гэдэг үг л эрхэм гишүүдэд хэрэгтэй болох нь.
…Төрийн томчуудад нэлээд халгаатай, зурхайчдынхаар бол суудал өнцөгдсөн долоо хоног боллоо. Энэ долоо хоногт ч оддын байрлал сөрөг энерги үзүүлэх бөгөөд найз нөхөд, хамаатан садан эсвэл нөлөө бүхий хүмүүсээс тусламж авах шаардлага гарах гэнэ. Зарим улстөрчид үндсэн замаасаа хазайж, төлөвлөөгүй зүг рүүгээ чиглэх нигууртайг эрхсийн байрлал сануулаад буй гэнэ лээ шүү. Юмыг яаж мэдэх вэ дээ…

Л.Нарантөгс

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж