Төв аймагт ил тод байдал хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Төв аймагт ил тод байдал хэрэгтэй байна

“Төвийн бүсийн тулгуур төв” гэх хаяг Улаанбаатараас урагшаа 45-хан км давхиад л нүдэнд торно. Хотод ойрхон эл газар хөгжлөөрөө бол аймгууд дундаа л дөнгүүр байх гэх зурвас бодол тээсэн биднийг үнэн хэрэгтээ явуулын хүн буугаад буцах ганц гайгүй зочид буудал ч үгүй аймаг угтсан. Уг нь иргэд нь өөрсдөө амьжиргаа сайтай, газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ улсдаа хоёрт ордог, уул уурхайн баялаг ихтэй, цаашилбал Төв аймгийн сумд Улаанбаатарыг тойрсон байрлалтайгаараа зах зээлд ойрхон газар гээд л Төв аймгийн талаарх өнгөц бодол өөдрөг. Гэтэл “тулгуур төв” гэсэн сүржин нэрэндээ дарагдахаас өөрөөр хөгжөөшүй юм уу гэмээр, наад захын жишээ татахад аймгийн төвийн хэдэн цайны газар, дэлгүүрийнх нь өнгө төрх орчин үежсэн шинж төрх бараг харагдсангүй.


Орон даяар иргэдийнхээ санал бодлыг сонсож, хөтөлбөр боловсруулах зорилго тавиад байгаа Ардчилсан нам энэ сарын 22-23-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмодод “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээ хийсэн юм. Төв аймагчууд эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой, аюулгүй орчинтой амьдарч чадаж байгаа эсэхэд хариулт олох зорилготой энэ хэлэлцүүлэгт Төв аймгийн 27 сумын төлөөлөгч ирсэн. Харин төвөөс Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн, Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ц.Баярсайхан, Д.Кекүшюзан Батбаяр болон Төв аймгийн Ардчилсан намын удирдлагууд оролцов.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Төв аймаг бол Төвийн бүсийн тулгуур төв биш, Улаанбаатарын тулгуур төв болж хөгжих ёстой. Дэлхийн олон оронд хотдоо ойрхон ийм хотууд хөгждөг. Гэтэл Төв аймгийн төвд 15 мянгахан хүндээ тохирсон л зах зээл явж байна. 2011 онд энд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 2012 онд сонгууль болно гээд 70 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Яагаад хөрөнгө оруулалт өсөөд байхад ажилгүйдэл нь буурахгүй байна вэ. Үүнд манайхан ч дуугардаггүй, нөгөө намынхан ч тайлангаа тавьдаггүй байж болохгүй. Тийм учраас иргэн бүр өөрсдийнхөө өмнө тулгамдсан асуудлыг хөндөн тавьж, ирээдүйнхээ төлөө “Монгол хүн 2020” хөтөлбөрийг боловсруулахад оролцоосой гэж хүсч байна” хэмээн хэлэлцүүлгийг нээсэн юм. Ийнхүү хэлэлцүүлэг өрнөж, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой аюулгүй орчинтой монгол хүн салбар хэлэлцүүлгүүдээр иргэд ихэвчлэн нутагт нь ил тод байдал байхгүй байгааг шүүмжилж, менежментийн дутагдалд орсныг хөндөж байлаа.

“Эрх чөлөөтэй монгол хүн” хэлэлцүүлгээр хэд хэдэн асуудлыг иргэд хөндсөн. Ялангуяа энд улсын төсвийг хяналтгүй, үр ашиггүй зарцуулдаг талаар иргэд ярив. Аймаг энэ жил 10 орчим тэрбумын хөрөнгө оруулалтын ажил хийсэн гэх боловч яг хичнээн төгрөгөөр юу хийгээд байгааг нь ихэнх иргэд мэддэггүй. Зарим нэгийг нь сонсоход үр ашиггүй зүйл их байдаг. Жишээ нь завсарлаад удаагүй байгаа Самдан баатарын хөшөөг 150 сая төгрөгөөр засварласан, аймгийн төв рүү орох хаалгыг 40 саяар хийсэн гэнэ. Мөн хэд хэдэн хөшөө нэмэгджээ. Ажлын байр нэмэгдүүлэхийн оронд хөшөө дурсгал нэмдэг, энэ мэт мэдээллийг иргэдэд өгөхгүй, хийсэн хойно нь сураг нь дуулддаг байдалтай байгаад иргэд дургүйцэж байна. Түүнчлэн Чехийн хөрөнгө оруулалттай гэх махны үйлдвэрт хий дэмий төсвөөс мөнгө хуваарилж, татвар төлөгчдийн мөнгөнд гамгүй хандаж буйг шүүмжилсэн.

“Ажилтай орлоготой монгол хүн” салбар хэлэлцүүлгийн үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал нь Төв аймагт аливаа төсөл хөтөлбөрийн талаарх мэдээлэл жирийн иргэдэд очдоггүй гэдэг асуудал байв. Тэдний ярьж буйгаар нутгийн удирдлага ямар нэг хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрийг ихэвчлэн танил тал, найз нөхдөдөө өгсөн байдаг, эсвэл тэднийхээ шагнал урамшуулал маягаар олгодог болохоос биш, төсөл бичсэн, хэрэгжүүлэх сонирхолтой хүмүүст огт хамааралгүй гэнэ. Тухайлбал Архуст суманд Агропарк байгуулах төслийг хэрэгжүүлэх ёстой байсан боловч Засаг даргын танил тал нь ганц нэгээр нь салгаад юу ч биш болгосон гэж ярьж байв. Мөн Төв аймгийн Дулааны станц 60-аад оны технологитой учраас нүүрс их зарцуулдаг. Үүний улмаас Төв аймгийнхан Улаанбаатарынхаас гурав дахин өндөр үнээр дулаанаа авдаг нь үйлдвэрлэл эрхлэхэд том дарамт болж байгааг ярьсан юм.

Ер нь Төв аймгийнхан хувь хувьдаа довоо шарлуулж, худалдаа, үйлчилгээ эрхлэн амьдардаг аж. Бүр сум бүр нь хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэвч ихэвчлэн зах зээлийн үнээс доогуур үнээр зардаг байна. Тиймээс зөв менежмент хийж чадвал Улаанбаатар хотыг тойрсон давуу байрлалаа ашиглан экологийн цэвэр хүнсээр хотынхны хэрэгцээг ханган, орлогоо нэмэгдүүлэх бололцоотой гэж иргэд үзэж байна.

“Аюулгүй орчинтой монгол хүн” хэлэлцүүлгээр Туул голын бохирдол, уул уурхайн компанийн мөнгөн ус, цианит иргэдэд аюул учруулах болсныг дуулгаж байлаа. Тухайлбал Жаргалант сумын төмс, хүнсний ногоо алдартай. Гэтэл сүүлийн үед Хятадын компани алт ухаж, мөнгөн ус ашиглах болсон аж. Энэ мэтчилэн хүний амьдрах орчинд шууд нөлөөлөх асуудалд нутгийн удирдлага анхаарал тавьж байгаа эсэх нь мэдэгддэггүй, иргэдэд энэ талаарх албан ёсны мэдээлэл огт хүрэхгүй байгаад бухимдсан хүмүүс цөөнгүй байсан юм.

“Эрүүл чийрэг монгол хүн” хэлэлцүүлгээр эмнэлгийн үйлчилгээ хүрэлцээгүй байгааг, тэр дундаа эрүүл мэндийн түргэн тусламжийн түргэн шуурхай чанар алдагдсан гэнэ. Учир нь Төв аймгийн сумд нь аймгийн төвөөсөө хол хэрнээ өөр аймгийн төв, дүүрэгт ойрхон. Тухайлбал Мөнгөнморьт зэрэг сум Төв аймгаас илүү Багануурь ойр. Гэтэл яаралтай түргэн тусламж авах гэхээр харъяаллаараа эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай болдог аж. Тиймээс засаг захиргааны хуваарь харгалзахгүй ойрхон газарт эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг байх хэрэгтэйг иргэд хөндөв.

“Эрдэм боловсролтой монгол хүн” хэлэлцүүлгээр сургалтын стандартыг цогцоор нь шинэчлэх хэрэгтэй болсныг иргэд хөндөж байсан. Мөн Аргалант сумын цэцэрлэгийг хувьчилсан, хувьчилж авсан иргэн нь МАН-д зарсан гэдэг асуудлыг энэ хэлэлцүүлгээр ярьсан юм. Хүн ам өсч, цэцэрлэгийн хэрэгцээ нэмэгдэж байхад зарим сум ийнхүү цэцэрлэгээ хувьчилснаас болж өнөөдрийн байдлаар хүүхдүүд нь цэцэрлэгт явж чадахгүй, шинэ цэцэрлэг барих сурагтай л байгаа аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж