Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Орлого ба ядуурал


Япон орон технологийн дэвшил, ажлын соёл гээд олон зүйлээрээ анхаарал татдаг бөгөөд Азиас хамгийн анх аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй улс хэмээн зүй ёсоор хүндлэл хүлээдэг. Азийн баруудын хумс нь ч ургаж амжаагүй байхад Японы эдийн засаг дэлхийг донсолгож байсан билээ. Японы дундаж давхарга нь хоорондоо эвтэй, бие биенээсээ ялгараад байх зүйл бага, нийтлэг зүйл ихтэй тул орлогын тэгш бус байдал Японы иргэдийн дунд бараг байгаагүй. Тиймээс Японы нийгэмд сөрөг зүйл тохиолдоно гэсэн бодол хэнд ч төрж байгаагүй. Гэвч ялагдашгүй Японы эдийн засаг гэдэг ойлголт ганхаж эхлээд байна. Цаг үе, эдийн засгийн хямрал болон муу менежменттэй холбоотойгоор Японы гайхагддаг, хүчтэй зарим компаниуд алдагдалд орсон. Автомашин үйлдвэрлэгч салбар нь гадаадынханд их шүүмжлүүлж байна. Гэхдээ тэр дундаас хамгийн анхаарал татам сөрөг мэдээ нь Японд ядуу иргэдийн тоо хурдтай өсөж байгаа тухай мэдээ байна. 2007 оны аравдугаар сард Японы Хөдөлмөрийн яамны сайд Японы зургаан иргэн бүрийн нэг нь буюу ойролцоогоор 20 орчим сая япон иргэн ядуурлын түвшинд амьдарч байна гэж мэдэгдсэн нь олон хүний зүүдэнд ч оромгүй явдал болжээ.

Японы ядуурлын түвшин 15.7 хувь байгаа нь АНУ-д бараг дөхөж очиж байна. АНУ-ын ядуурлын түвшин 17.1 хувь гэж тооцоологдож байгаа. Ядуурлын түвшинг тооцохдоо АНУ өөрийн өвөрмөц стандартыг ашигладаг бол Япон олон улсын хэмжүүр, судалгааны аргачлалыг ашигладаг. Орлогын хуваарилалт, тэгш бус байдлыг хэмжих хамгийн сайн үзүүлэлт бол Gini коэфициентээр хэмжих аргачлал байдаг. Энгийнээр хэлбэл үзүүлэлт нь 0-ээс 1-ийн хооронд гардаг. 0 гарвал төгс тэгш байдал гэдэг бол 1 гарвал орлогын тэгш бус байдал дээд цэгтээ байна гэсэн үг юм. Жини коэфициент нь ямагт 0.2-0.3-ийн хооронд гардаг гэж Япон сайрхдаг байсан бол одоо энэ үзүүлэлт нь 0.4 болоод байна. Үүнд тус улсын үл хөдлөх хөрөнгө, хувьцааны зах зээл хямарсан, сүүлийн арваад жил эдийн засаг нь зогсонги байдалд байгаа, Япон иргэд ажлаа алдаж, ядуурч байгаа мөн дэлхийд хамгийн өндөрт тооцогддог амьжиргааны зардал зэрэг асуудал нэрмээс болж байна.

Мэдээж Япон улс ганцаараа ядууралтай биш, ганцаараа эдийн засгийн хямралд ч ороогүй. Барууны олон оронд Японтой адилхан асуудал нүүрлээд байгаа гэнэ. АНУ дэлхийн хамгийн баян орон хэдий ч тэнд ядуурал маш их газар авсан бөгөөд иргэдийнх нь хамгийн их орлоготой 20 хувь, хамгийн бага орлоготой 20 хувийн  хоорондын зөрүү улам ихэсч байна. Өнөөдөр дэлхийн хүн амын 80 орчим хувь нь орлогын зөрүү маш ихтэй улсуудад амьдарч байна. Дэлхийн хүн амын 80 гаруй хувь нь өдөрт 10 ам.доллараас бага орлого олж байна. Африкчуудын 75 хувь нь өдөрт нэг ам.доллараас бага орлоготой. Дэлхийн хүн амын ядуу 40 хувь нь дэлхийн нийт орлогын тавхан хувийг олж байна. Харин дэлхийн баян 20 хувь нь дэлхийн орлогын 75 хувийг эзэмшиж байна. Сүүлийн үеийн статистикуудаас үзвэл АНУ-д ядуурал 15-17 хувьтай байна. Гэхдээ АНУ-д ганц бие хүний жилийн орлого 10,830 ам.доллараас бага бол ядуу гэж тооцдог. Их Британид үндэсний өрхүүдийн дундаж орлогын 60 хувиас бага орлоготой өрхийг ядуу гэж тооцдог байсан бол 2007-2008 оны хувьд долоо хоногт 115 паундын орлоготой хүнийг ядуу гэж тооцсон аж /энэ нь Монголоор 238,000 төгрөг/ Энэ үзүүлэлтээр Их Британийн хүн амын 22 хувь буюу 13.5 сая хүн нь ядуу гэж тооцогдсон байна. Францад 2005 оноос сард 645 еврогын орлоготой / нэг сая хоёр зуун мянган төгрөг/ бол ядуу гэж тооцохоор тогтсон гэнэ. Францад 2007 оны байдлаар 60 сая хүнийх нь 13.4 хувь нь ядуу гэсэн үзүүлэлт гарсан байжээ. Харин Канадад ядуурал 10.8 хувь гэж тооцож байгаа бөгөөд харьцангуй өндөр хөгжилтэй тус улсад ядуурлын албан ёсны тодорхойлсон шугам байдаггүй юм байна.

Манай улсад Жини коэфициент 1998 оны байдлаар 0.35 хувь байсан бол ядуурлын хэмжээг 2004 оны байдлаар 36.1 хувь гэж гаргасан байдаг. 2010 оны байдлаар Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшинг нэг хүнд сард 101,600 төгрөг гэж тогтоосон байна. Барууны хөгжилтэй орнууд шиг амьжиргааны доод түвшинг нэг мянган ам доллар биш юм аа гэхэд 200-300 ам.доллараар тогтооход манай улсын хүн амын 90 гаруй хувь нь ядуучууд болж харагдах болно. Байн байн хот, аймгуудын гудамжинд болж буй цалин нэмэгдүүлэх хүсэлт, жагсаалтууд цаанаа нэгийг өгүүлж буй нь ойлгомжтой.


Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж