Сонгуулиа ингэж явуулах уу?

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Сонгуулиа ингэж явуулах уу?

УИХ-ын сонгуулийн тухай хууль хэзээ мөдгүй батлагдах гэж байна. Сонгуулийн хуулийг хэрхэн батлахаас ирэх сонгуулийн дүнг иргэд хүлээн зөвшөөрөх эсэх нь үндсэндээ шалтгаалах юм. Энэ долоо хоногт батлах төлөвлөгөөтөй байсан Сонгуулийн тухай хууль дахиад долоо хоногоор хойшилж байх шиг. Ажлын хэсгийнхэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлгийг хойшлуулчихлаа. Шалтгаан нь нөгөө л тойрог хуваарилахтай холбоотой.

Ардчилсан намын бүлэг МАН-ын бүлгээс тавьсан 28:48 буюу мажоритари давамгайлсан холимог тогтолцоог хүлээж авахад хүрвэл одоо байгаа 26 тойргоо жижиглэхгүйгээр олон мандаттай тойрогтойгоо байя, ингэхдээ хот хөдөөд ноогдох мандатын тоог хүн амын тоонд нь харьцуулж, 20-ийг нь хотод /уг нь яс тооцвол 22 мандат хотод ноогдохоор байгаа/, 28-ыг хөдөөд хуваарилья гэдэг өөрсдийн саналыг сөргүүлэн тавьсан билээ. Харин МАН-ын бүлэг түүнийг нь хүлээж авч хараахан чадахгүй байгаа бололтой.

Арга ч үгүй биз. УИХ-д МАН-аас сонгогдсон 45 гишүүний дөнгөж тав нь хотын тойргоос, үлдсэн 40 нь хөдөөгийн тойргоос сонгогдсон байдаг. Тэгэхээр хотын тойргуудын мандатыг нэмэх тусам МАН-аас УИХ-д авах суудлын тоо буурна гэдэг болгоомжлол тэдэнд байгаа бололтой. Уг нь бол тойрог болон мандатын хуваарилалт аль нэг намыг сонгуульд ялуулахад бус, харин сонгогчдын санал парламентад бодитойгоор туссан байх л бололцоог хангах ёстой юм. Тиймээс хотын тойргуудад ноогдох мандатын тоог хүн амынх нь тоонд дүйцүүлэн нэмэгдүүлэх Ардчилсан намын саналыг нийслэлийнхэн жишээ нь хамгийн ихээр дэмжиж байгаа.

Гэхдээ мэдээж “Ардчилсан нам сонгуульд олон суудал аваасай” гэдэг үүднээс биш, харин “Миний эрх ашгийг төлөөлөх хүн УИХ-д аль болох олон байгаасай” гэдэг үүднээс шүү дээ. Тийм болохоор хотын тойргуудад ноогдох мандатын тоог нэмэгдүүлэнгээ хотын хүн амд чиглэсэн бодлогоо илүү боловсронгуй, сонгогчид хүлээж авахуйц байдлаар томьёолж чадвал МАН ч гэсэн ирэх сонгуульд амжилттай оролцох боломжтой гэсэн үг. Гэтэл МАН-ын дарга нар “Ард түмнээ сонсох”-доо яагаад заавал хөдөөгийхнийг илүү сонсоод, хотынхны саналыг сонсч болохгүй байгааг л хувьдаа гайхаад байгаа юм.

Тиймээс сонгуулийг хэрхэн сонгуульд оролцож буй сонгогчдынхоо шалгуур болоод эрх ашигт нийцсэн байдлаар явуулж болох вэ гэдэг дээр бяцхан хайгуул хийхээр шийдэв, хууль баталж буй нөхдүүдийн өмнөөс шүү дээ. Яая гэх вэ, сонгуулийг шударга, үнэн зөв зохион байгуулах нь иргэн надад ч гэсэн хамаатай учраас. Гэхдээ мэдээж цоо шинэ нээлт хийхгүй. Манай улстөрчдийн урьд өмнө санаж сэрээд ярьж байсан хэрнээ яг одоо цаг нь тулаад ирэхээр хувийн эрх ашиг нь таглачихаад байгаа зарим зүйлийг л эргэн сануулж буй хэрэг. Ямар ч байсан сонгуулийн хууль шинэчлэгдэнэ, тойрог, тогтолцоогоо зөв шийдэж, мандатаа ч зөв хуваарилж чадна гэж найдаад дараагийн нэг чухал асуудал руу орьё. Энэ бол намуудаас гаргах “лист” буюу нэр дэвшигчдийн жагсаалтын асуудал.

2000 оны сонгуулийн дараа Ардчилсан намынхан тэр чигээрээ гудамжинд гарсан байсан учраас УИХ-ын сонгуулийг хэрхэн зөв зохион байгуулах, улс төрийн намуудыг хэрхэн хариуцлагажуулах вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах завтай, их ч олон зүйлийг гаргаж ирж ярьдаг байсан юм. Тухайлбал, нэр дэвшигчдийн жагсаалтыг хэрхэн гаргах вэ гэдэг тухай. Одоо УИХ дээр яригдаж байгаа хуулийн төсөл батлагдаж, намуудын “лист” гарах юм бол энэ жагсаалтыг хэн, хэрхэн гаргах вэ гэдэг асуудал мэдээж маргаан дагуулна. Намын дарга гаргах юм уу, ҮЗХ хурлаараа шийдэх үү, ямар шалгуураар тэр жагсаалтыг гаргах юм, зүгээр л хэн их хандив өгсөнд нь худалдчих юм уу, ер нь тэгээд энэ жагсаалт чинь яг юуг илэрхийлэх юм бэ гэх мэтчилэн.

Юуны өмнө энэ “лист” бол сонгуульд оролцож байгаа намын “нүүр”. Тэр листэнд хэн бичигдсэнээс тухайн нам сонгуульд ялах, ялагдах нь шийдэгдэх юм. Хэрвээ нөгөө “нам дамжсан олигархиуд”, “төрөөс төрсөн тэрбумтангууд”-аа эрхлүүлээд жагсаалтынхаа дээгүүр биччих юм бол сонгогчид энэ намаас шууд нүүр буруулна. Мэдээж нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдчихсөн, хийсэн ажил, хэлж ярих юмтай, дээр нь одоо амьдарч байгаа энэ нийгмээ жаахан өөрчилье, шинэчилье гэж ярьж, арга замуудыг хайж, түүнийгээ гаргаж ирээд ярьж, хэлж яваа хүмүүсээ түлхүү оруулах юм бол сонгуульд ялах илүү магадлалтай болж байна.

Гэхдээ намын нүүр царай болсон хамаг л хүмүүсээ листэндээ багтаачихаад мажоритари тойргууд руугаа нөхөр “хэн ч биш”-ийг илгээвэл тус нам ялагдах нь ойлгомжтой. Яагаад гэвэл мажоритари суудлын чинь тоо пропорционалиасаа бараг хоёр дахин илүү байгаа шүү дээ, одоо яригдаж буй хувилбараар. Харин эсрэгээр нь өнгөтэй өөдтэй гэсэн бүгдээ “тойргууд дээр очиж тулалд” гэж явуулчихаад намын жагсаалтад нөгөө “хэн ч биш”-үүд, эсвэл олигархиудаа залчихвал уг намын фонн байхгүй болж байгаа юм. Юун ялах, эрх барих. Тиймээс намын жагсаалт болоод мажоритари тойрог дээрх нэр дэвшигчдийн авсан саналыг хооронд нь “гүйлгэдэг” байх хувилбарыг ярьж эхлээд байгаа. Намын жагсаалтад 76 нэр дэвшигч гаргаад, тэндээсээ 48-ыг нь шигшээд тойргууд руу “цөлнө” гэсэн үг.

Намын жагсаалтад дээгүүр бичигдэж /одоогийн яригдаж буй хувилбараар бол эхний 28-д багтах ёстой болж байна/, намын сурталчилгааны гол фон болж байгаа нөхдүүд мажоритари тойрог дээр очоод нэг мөнгөтэй “баагий”-д өвдөг шороодчихлоо гэхэд пропорциональ том тойрог дээр нам нь ялалт байгуулж чадвал нөхөр жагсаалтад орсон эрэмбээрээ УИХ-д ороод л ирнэ. Нам нь ч ялаад, нөхөр өөрөө тойрог дээрээ ч ялаад гараад ирвэл мань хүн мажоритари тойргоосоо УИХ-д орж, харин жагсаалтад бичигдсэн түүний нэрний оронд арынх нь хүн гүйгээд ороод ирэх юм. Намд ч, нэр дэвшигчид ч эрсдэл багатай, хамгийн сайн хувилбар болж харагдаж байгаа. Гол нь жагсаалтаа л зөв хийх асуудал.

Тэгвэл жагсаалтыг яаж зөв гаргах юм бэ? Үүн дээр л намууд ухаанаа уралдуулах хэрэгтэй болж байна. 2000-аад онд ярьж байгаад, одоо мартагдчихсан нэг зарчим байдаг. Улс төрийн нам нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг гаргахдаа зөвхөн УИХ-аар бус, Засгийн газар, яам агентлагийн түвшинд хүргэж хийж байя. Хэрвээ Ардчилсан нам сонгуульд ялбал ийм бүтэцтэй Засгийн газар ирэх дөрвөн жилд ажиллах юм, яам, агентлагийн түвшинд ийм ийм нэр бүхий хүмүүс ажиллах юм гэдгээ сонгуулийн өмнө сонгогчдод ил зарлаж байя гэж. Тэгэхгүй бол нэгдүгээрт, гайгүй гэсэн бүхнээ УИХ-д нэр дэвшүүлчихээр дараа нь Засгийн газарт ажиллах хүнгүй болчихдог. Эсвэл “энэ хүн Засгийн газарт ажиллах юм” гээд нөөчихөөр нам нь сонгуульд амжилт үзүүлэхээ больчих гээд байдаг. Тийм ч учраас УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийдэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн байж магад.

Одоо бол Сангийн яам, Хууль зүйн яам, Гадаад харил­цааны яам гэх мэт бодлогын гол гол яамдынх нь сайд Ерөнхий сайдтайгаа хамт УИХ-аас орж ирдэг байхаар хуулийн өөрч­лөлтийг ярьж байгаа шүү дээ.

Тэгэхээр улс төрийн намуу­дын гаргаж байгаа жагсаалтад хамгийн дээгүүр бичигдэж байгаа нөхдүүд УИХ, Засгийн газрын түвшинд ажиллах нь ээ гэж ойлгож болох нь. Тэр тусмаа “манай нам ялбал С.Баярцогт нь Сангийн сайд, Н.Батбаяр нь Барилга хот байгуулалтын сайд, З.Энхболд Хууль зүйн сайд хийх юмаа” ч гэдэг юм уу ил тод зарлачихвал бүр л сайн. Сонгогчид сонголтоо хийхэд илүү хялбар болно. Тэгэхээр намын дарга “өөрийнхөө тойрон хүрээлэгчид”-ийг жагсаалтад дээгүүр бичээд, эсвэл хөрөнгө мөнгөтэй хүмүүст зараад байх боломжгүй болж байгаа юм. Мэдээж жагсаалтын талаас хойш буюу хоёрдугаар хагаст бичигдсэн нөхдүүдийг “энэ нөх­дүүд яам, агентлагийн түвшинд ажиллах юм байна” гээд ойлго­чих хэрэгтэй. Тэгэхээр сонгогч УИХ-д өөрийг нь төлөөлж чадах нэр дэвшигчийг сонгохын зэрэгцээ Засгийн газар, яам агентлагийн дарга нартай нь хамт шийдэж байна гэсэн үг. Илүү шударга. Тэгэхгүй бол УИХ-д нэг “баагий”-г арай гэж итгээд, хамаг хүсэл мөрөөдлөө дайгаад, сонгоод явуултал шал өөр Засгийн газар гарч ирээд ажил­лаад эхлэхээр гомдолтой биз дээ.

Гэвч эдгээрийг хийхийн тулд дахиад л хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй. Ер нь ямарваа нэг зүйлийг хуульчлахгүйгээр, эсвэл маш сайн гэрээ байгуулахгүйгээр, зүгээр л хувь хүмүүсийн шударга байдал, итгэл үнэмшилд найдаад хийнэ гэдэг боломжгүй зүйл. Болж өгвөл л хулхидчих гээд байдаг биз дээ. Тиймээс удахгүй УИХ-аар батлагдах Сонгуулийн хуультай энэ тэнцүү ярих ёстой зүйл бол Улс төрийн намуудын тухай хууль. Мөн намын дотоод зохион байгуулалт буюу Үндсэн дүрмийн асуудал. Тухайн намын үзэл баримтлал, бодлого чиглэл ямар байлаа ч гэсэн сонгуульд орохдоо нэг л дүрмээр тоглох ёстой гэсэн үг. Нам болгон өөртөө тохирсон тоглоомын дүрэм /тухайлбал, сонгуулийн хууль дээр МАН-ын яриад байгаа зүйл шиг/ барьчихаад өөр өөрийнхөөрөө тоглоомыг дуусгах гээд байвал бүтэхгүй биз дээ.

Б.СЭМҮҮН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж